ЭХ ОРОНЧДЫН ҮРГЭЛЖЛЭЛ…ТААЛАЛ ТӨГСЛӨӨ

2018-05-15 Мэдээ, мэдээлэл

Монголын Улс төрийн хэлмэгдэгсдийн холбооны үе үеийн гишүүд, дэмжигчдээс гүн эмгэнэлэл илэрхийлж байна.


…Лоохууз гуай 1940 онд бага сургууль дүүргэн, санхүүгийн техникумд гурван жил, шинэхэн байгуулагдсан намын дээд сургуульд хоёр жил онц дүнтэй суралцан төгсчээ. Дөнгөж байгуулагдсан Намын Төв хорооны Лекторын товчоонд шилэгдэн орж ажилласан нам төрийн болон орчин цагийн шинэ үеийн төлөөл, шилдэг ирээдүйтэй залуу гишүүн 1950 онд ЗХУ-ын Коммунист намын дээд сургуульд суралцах анхдагч нарын тоонд багтан хилийн дээс алхаж байжээ. Тэрээр БНМАУ-ын түүхийг анх удаа орос хэлээр хэвлэгдэхэд нь орчуулан хөрвүүлж, төр, засгийн бодлого, улс эх орны хөгжил, хэтийн төлвийн талаар өөрийн санал бодлыг хэвлэлд нийтлүүлж байх тэр үеэс нам төрийн удирдлагуудад сэжигтэн болж эхэлсэн байна. Тиймээс Лоохуузыг намын төв удирдлагаас хол алс хөдөө нутагт томилжээ. Гэвч Лоохууз Говь-Алтай аймгийн намын хорооны дарга хийж байх үедээ тус нутгийг гайхалтай хөгжүүлж ямар чадалтайгаа харуулсан нь зөвхөн эхлэл байлаа. САА-г удирдах газрын дарга, ХАА Яамны 1-р орлогч сайд байх үедээ урсгал усгүй Алтай нутгийг усжуулах зорилгоор алдарт Гуулингийн сувгийг бүтээн байгуулж,”Атар газар” эзэмших их хөдөлгөөнийг анхны шав тавихаас үр дүнд хүртэл нь зохион байгуулсан байна. Мөн гахай, тахиа, туулай, булга, буга, каракуль хонь болон саалийн үнээний фирм, САА-нуудыг олноор байгуулжээ. ЗХУ-ын Тимирязевийн академийн аспирантурт сурч байхдаа Төв Хорооны VI бүгд хурлын индэр дээр аянга буулгаж, тэр үеийн төр засгийн бурангуй үзлийг шүүмжлэн шинэчлэлт хийх хэрэгтэйг хэлсэн нь төрийн хар дансанд бүртгэгдэж “Намын эсрэг бүлгийн толгойлогч” хэмээх нэрийг зүүн шорон гянданд орж, хөдөө нутагт цөлөгдөн явсаар 1990 оны ардчилсан хувьсгалын үр дүнд цагаатгагдсан байна. Тэрээр “коммунист” суртлыг эсэргүүцсэнийхээ төлөө 25 жилийг цөллөг, шоронд өнгөрөөсөн. Лоохууз нь АИХ-ын депутат, АИХ-ын орлогч даргаар сонгогдон ажиллаж, анхны ардчилсан Үндсэн хуулийг батлалцан, Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшин, Хүний эрхийн үндэсний комиссын анхны дарга болжээ.
Амьд байх, хэнээс ч дутахгүй аж төрөх гэж зүтгэсэн “Эсэргүү Лоохууз”-ын амьдрал, тэмцэл нь ХХ зууны монголчуудын туулсан амьдрал, түүхийг бодитоор харуулахаас гадна улаан гэрийн сургагч, соён гэгээрүүлэгч лектор, төрийн сайд, эрдэмтэн судлаачаас малчин, мужаан, дархан, оёдолчин, ногоочин, жолооч, худалдаачин гээд түүний эзэмшсэн ажил, мэргэжил, домог мэт түүх болон үлдлээ. 1956 онд хуралдсан МАХН-ын 2 дугаар бүгд хурал дээр тэрээр Ю.Цэдэнбалын ажлын арга барилыг анх удаа шүүмжилж, үндэсний боловсон хүчнийхээ үгийг сонсохгүй байна, нэг улсаас хэт их зээл тусламж авч байна, тус улсын гадаад бодлого идэвхигүй байна, НҮБ-д элсэн орох ба бусад улс орнуудтай харилцаа холбоотой байх талаар бие даасан гадаад бодлого алга гээд л шүүмжилсэн нь түүнийг “нам засгийн хайрт удирдагч”-ийн араа, соёонд зуугдах эхлэлийг тавьж байв. Ганц Лоохууз биш улс орноо удирдаад авч явах чадвартай Төмөр-Очир нарын олон аавын хөвгүүд их удирдагчийг шүүмжилснийхээ төлөө алс бөглүү газруудад цөлөгдөж, тухайн үеийн төр зкасгийн удирдагчдын бохир улс төрийн золиос болжээ. …Их хүний алдааг иргэн хүн шүүдэггүй гэдэг. Тэрээр 8 наснаас цөлөгдөх хүртэл 34 жилийн хугацаанд ном, үзэг 2-оос өөр багаж хэрэглэж үзээгүй боловч цөллөг, шоронгийн хүнд нөхцөл, урт удаан жилүүдэд малчин, мужаан, алт мөнгөний дархан, оёдолчин, ногоочин, гахайчин, жолооч, худалдаачин гээд хөдөлмөрч хүн яаж амьдарч болдогийн үлгэр жишээг үзүүлж чадсан хүн юм.
Энэ агуу их домогт хүнтэй Монголын Улс төрийн хэлмэгдэгсдийн холбоонд хамтарч ажиллаж, түүнээс их зүйлийг сурч, шүтэж амьдарсан маань өнөөдөр ч ач холбогдлоо алдаагүй байна. Энэ агуу хүний түүхийг унших сонсох бүрд “идсэн эрүү хувхарч идүүлсэн бут ургадаг”, “цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй” гэдэг үгс монгол хүн бүхний санаанд өөрийн эрхгүй ордог юм.

Таны Монгол Улсын үндэсний эрх ашиг, тусгаар тогтнолын төлөө тууштай тэмцсэн тэмцэл монголчуудын үндэсний ой санамжид гэгээн үлдэж, монголын ард иргэд бид үргэлжийн мөнхөд дурсан санагалзах болно. Монголын газар нутгийн алтан хөрсөндөө тайван нойрсдоо.

Монголын Улс төрийн хэлмэгдэгсдийн холбооны тэргүүн Д.Цогтбаатар

2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.