Д.Цогтбаатар БНАСУ-д албан ёсны айлчлал хийв

2018-02-7 Гадаад харилцаа

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар энэ сарын 3-5-ны өдрүүдэд БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ри Ён Хо-гийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийв.

Тэрбээр БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ким Ен Нам-д бараалхаж, Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны орлогч дарга, Гадаад харилцааны хорооны дарга Ри Сү Ён-той албан ёсны уулзалт хийсэн юм. Мөн Сайд Д.Цогтбаатар БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ри Ён Хо-той албан ёсны хэлэлцээ хийлээ.

Албан ёсны уулзалт, яриа хэлэлцээний үеэр талууд Монгол, БНАСАУ-ын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа амжилттай хөгжиж ирснийг тэмдэглээд энэ онд тохиож буй дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг хоёр талдаа ёслол төгөлдөр тэмдэглэхээр тохиролцов.

БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ким Ён Нам Солонгосын ард түмний удирдагч Ким Ир Сен Монгол Улсад хоёр удаа айлчлахад хамт дагалдан очих завшаан тохиож байснаа дурсаад Монгол, Солонгосын харилцаа өнгөрсөн 70 жилийн хугацаанд хоёр улсын ард түмний чин сэтгэлийн хүсэл эрмэлзэл, найрамдал нөхөрлөлд тулгуурлан он цагийн сорилт, шалгууруудыг амжилттай даван туулж, өнөөгийн түвшинд хүрснийг онцлов.

Монгол, БНАСАУ-ын Гадаад харилцааны сайд нар яриа хэлэлцээний үеэр хоёр улсын харилцааг тогтвортой хөгжүүлэхийн төлөө байгаагаа нотлов. Дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд талууд эрдэм шинжилгээний хурал, гэрэл зургийн үзэсгэлэн, урлаг соёлын арга хэмжээ зэргийг зохион байгуулахаар болов. Монгол, Солонгос судлалыг хоёр талдаа дэмжин хөгжүүлж, харилцааны гүүр болсон мэргэжилтэн судлаач нарыг бэлтгэх, монгол, солонгос хэлний сургалтыг харилцан дэмжихээр тогтов.

Талууд хоёр талын хүрээнд төдийгүй олон улс, бүс нутгийн түвшинд үргэлжлүүлэн хамтран ажиллахаар ярилцав. Бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн манай улсын “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгыг БНАСАУ дэмжиж байгаагаа илэрхийлэв. Сайд Д.Цогтбаатар БНАСАУ, БНСУ-ын хооронд шууд яриа хэлэлцээ сэргэж, хоёр тал Пёнчаны Өвлийн Олимпид хамтран оролцохоор болсонд баяр хүргэв. Энэхүү яриа хэлэлцээ цаашид үргэлжилж, бүс нутгийн байдлыг тогтворжуулахад чухал түлхэц болно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.

Айлчлалын үеэр Монгол Улсын Онцгой байдлын Ерөнхий газар, БНАСАУ-ын Онцгой байдал, гамшгийн удирдлагын улсын хорооны удирдлагууд “Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурав.
Уулзалт, яриа хэлэлцээ найрсаг, харилцан ойлголцсон уур амьсгалд болж, Монгол, Солонгосын цаашдын хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой болов.

Эх сурвалж: ГХЯ

Өнөөдрийн онч үг

5 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.