Вьетнамын Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн даргад бараалхав

2018-01-24 Гадаад харилцаа

БНСВУ-д албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Вьетнам-Монголын найрамдлын нийгэмлэгийн төлөөлөгчидтэй уулзлаа.

Уулзалтад ВМНН-ийн дарга Хо Суанг Хун, Дэд дарга Нгуен Тхи Дам Чинь, Чан Нгуен Чык, Хоанг Туан Тхинь нарын зэрэг хүмүүс оролцсон юм. Ноён Хо Суанг Хун тус нийгэмлэгийн даргаар 10 шахам жил ажиллаж байгаа, Дэд дарга, хатагтай Нгуен Тхи Дам Чинь жүжигчин, Монголд олон удаа очиж тоглож байсан, “Найрамдал” медалиар шагнуулсан хүн бол Чан Нгуен Чык, Хоанг Туан Тхинь нар Монгол Улсад Элчин сайдаар ажиллаж байжээ.

Найрамдлын нийгэмлэгийн шугамаар Монголын цөөнгүй зочид төлөөлөгчдийг Вьетнамд айлчлуулж, бизнесийн хийгээд ажил хэргийн харилцаа тогтооход нь тусалж байгаагаа ноён Хо Суанг Хун танилцуулав. Хамгийн сүүлд Хо Чи Миний нэрэмжит нийслэлийн 14-р сургуулийг Вьетнамын ерөнхий боловсролын дунд сургуультай шууд харилцаатай болгох ажлыг зохион байгуулсан байна. Түүнчлэн нутгийн хойд хэсэгт монгол гэр авчирч, сарлаг нутагшуулан, аялал жуулчлалын цогцолбор байгуулахаар төлөвлөж байгаагаа дуулгав.

Тэрбээр хоёр орны хооронд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа өрнүүлэхийг иргэд, аж ахуйн нэгжүүдийн аль аль нь сонирхож байгаа боловч тээврийн асуудал хамгийн гол бэрхшээл болдог, далайн тээврийн үнэ өндөр байдаг. Тиймээс шууд нислэг хийдэг болбол сайнсан. Найрамдлын нийгэмлэгийн шугамаар бид Монгол орон, монголчуудыг Вьетнамд танилцуулах, сурталчлах ажлыг нэлээд идэвхтэй хийж байгаа гэлээ.

Улсын Их Хурлын дарга М.Энхболд “Монгол, Вьетнамын 60 гаруй жилийн түүхтэй уламжлалт, найрсаг харилцаанд Найрамдлын нийгэмлэгийн оруулсан хувь нэмэр их юм. Та бүхний хэрэгжүүлж байгаа олон талт арга хэмжээ нь хоёр орны харилцааны түүхийг хойч үедээ өвлүүлэх, ирээдүйд хандсан үйл ажиллагаанд чиглүүлэх маш чухал ач холбогдолтой болохыг зориуд онцлон тэмдэглэж, баяр хүргэе” гэлээ.

Тэрбээр улс төрийн харилцаа тогтмолжиж, шинэ агуулга, хэлбэрээр тасралтгүй баяжин хөгжиж байна. Харин худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа энэ түвшинд хараахан хүрэхгүй байгаа юм. Тиймээс энэ талаар зориуд анхаарлаа хандуулахыг хүсье. Бид та бүхний тавьсан санал хүсэлтийг холбогдох яам, байгууллагуудад дамжуулж, хэрэгжүүлэх арга хэмжээ авна гэлээ.

Бэрхшээлтэй байгаа хил, гааль, хорио цээр, мэргэжлийн хяналтын гэх мэт салбаруудын үйл ажиллагааг уялдуулах, асуудлаа шийдэх бүрэн боломж бий. Агаарын тээврийн шууд нислэг хийх тухайд хууль эрх зүйн талаасаа бүрэн нээлттэй. Төмөр замын тээврийн асуудлаар гурвалсан хэлэлцээр байгуулах саналыг Вьетнамын тал БНХАУ-д тавьсан талаар Монголд суугаа Элчин сайд, хатагтай Дон Тхи Хыөнг надад мэдээлсэн. Тэгэхээр тээврийн бэрхшээлийг арилгах боломж бий гэж бодож байна гэж УИХ-ын дарга М.Энхболд тэмдэглэлээ.

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд айлчлалынхаа үеэр Хо Чи Миний бунханд цэцэг өргөж, түүний гэр музей болон Уран зохиолын сүм музейг үзэж сонирхлоо.

Мөн өдөр Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Вьетнамын Коммунист Намын ерөнхий нарийн бичгийн дарга Нгуен Фу Чонг-д бараалхлаа. Ноён Нгуен Фу Чонг Монгол Улсын Их Хурлын даргын Вьетнамд хийж буй айлчлал хоёр орны хамтын ажиллагаанд томоохон хувь нэмэр оруулсан, үр дүнтэй айлчлал боллоо гэж дүгнэв.

Улсын Их Хурлын дарга М.Энхболд хүлээн авч уулзаж буйд нь ноён Нгуен Фу Чонг-д талархал илэрхийлээд, МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжлав.

Тэрбээр “Миний бие Ханой хотноо болсон Ази, Номхон далайн орнуудын парламентын 26-р хуралдаанд оролцож, Үндэсний ассамблейн дарга, хатагтай Нгуен Тхи Ким Нгангийн урилгаар БНСВУ-д албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалын үеэр албан ёсны хэлэлцээ хийж, хоёр орны хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурсан. 1950-иад оны дунд үеэс манай нам, төрийн тэргүүн нарын үндэс суурийг нь тавьсан харилцаа, хамтын ажиллагаа 60 гаруй жилийн түүхэн хугацааг туулж, амжилттай хөгжиж байна. Бид Вьетнам орныг манай Зүүн өмнөд Ази дахь гол түнш орноо гэж үздэг” хэмээн онцоллоо.

Улсын Их Хурлын дарга М.Энхболд парламент хооронд болон хууль хяналт, батлан хамгаалах, аюулгүй байдлын салбарын амжилттай хөгжиж буй харилцааг цаашид бататгах, худалдаа, эдийн засгийн харилцааг идэвхжүүлж, эрчимжүүлэх нь чухал байгаа бөгөөд айлчлалын үеэр эдгээр асуудлаар төр, засгийн удирдлага, яамдын түвшинд яриа хэлэлцээ өрнүүлсэн нь бүх талын харилцаа жигд гүнзгийрэн хөгжихөд түлхэц болно гэдэгт итгэж байна. Манай хоёр улс бүс нутаг, олон улсын байгууллагын түвшинд бие биенээ харилцан дэмжсээр ирсэн сайхан уламжлалтай. Энэ уламжлал хэвээр үргэлжилнэ гэдэгт итгэж байна хэмээн онцлон тэмдэглэв.

Ноён Нгуен Фу Чонг “Монгол Улс манай орон, ард түмний эх орноо хамгаалах тэмцэл, шинэ үеийн бүтээн байгуулалтын аль алинд биднийг тууштай дэмжсээр ирсэнд бид гүнээ талархдаг. Улс төрийн өндөр дээд түвшний харилцаа тогтмолжиж, олон улсын тавцанд бие биенээ идэвхтэй дэмжиж, парламент хооронд болон боловсролын салбарын хамтын ажиллагаа сайн хөгжиж байна. Худалдаа, эдийн засгийн харилцааг эрчимжүүлэх, үүний тулд юуны өмнө тээврийн бэрхшээлийг арилгах нь чухал юм.

Монгол Улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн Байнгын бус гишүүний сонгуульд Вьетнамыг дэмжиж байгаад талархлаа илэрхийлье. Бид Монголыг АСЕАН-ы бүс нутгийн хамтын ажиллагаанд оролцоогоо нэмэгдүүлэх сонирхлыг хэрэгжүүлэх гүүр нь болоход бэлэн байна” гэлээ.

Тэрбээр Монгол Ардын Намтай харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлээд, “МАН-ын даргаар ажиллаж байсан хүний хувьд хоёр намын хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд Таныг биечлэн хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна. МАН-ын дарга У.Хүрэлсүхийг БНСВУ-д айлчлуулах миний урилгыг уламжилж өгнө үү” гэв.

Улсын Их Хурлын дарга М.Энхболд урилгыг уламжилна гэдгээ дуулгаад, Вьетнам орны хөгжил цэцэглэлт, Вьетнамын ард түмний бүтээн байгуулалтад амжилт хүсэж,  ноён Нгуен Фу Чонгийг Монгол Улсад тааламжтай цагтаа айлчлахыг урьсныг талархан хүлээж авсан байна.

Өнөөдрийн онч үг

4 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.