Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааны талаар өчигдөр тус газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан мэдээлэл хийж, АТГ-ын дарга Х.Энхжаргал авлигатай тэмцэх бус авлигачдыг өмгөөлөн хаацайлж байна хэмээн мэдэгдсэн билээ. Тэгвэл Г.Баасангийн хийсэн мэдээлэлтэй холбогдуулж түүнийг илт худал ташаа мэдээлэл тараасан гэх үндэслэлээр шүүхэд өгхөөр болсон талаараа тус газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү мэдэгдлээ.
Т.Баярхүү “Авлигатай тэмцэх газар 2016 оны 11 дүгээр сард Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлагдсантай холбоотойгоор тодорхой үйл ажиллагаандаа мониторинг хийж, хэрэгжүүлж байгаа ажлынхаа талаар сар бүр иргэд, олон нийтэд мэдээлэл өгч ирсэн. Өнөөдөр Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан тэргүүтэй хүмүүс байгууллагын үйл ажиллагааг илт мушгин гуйвуулсан шинжтэй мэдээлэл хийсэнд залруулга хийе. Авлигын эсрэг хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т “Аливаа албан тушаалтан, хувь хүн, хуулийн этгээд Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаанд нөлөөлөх, хөндлөнгөөс оролцохыг хориглоно” гэж заасан байдаг. Энэ нь өөрөө Авлигатай тэмцэх газрын хараат бус, бие даасан байдлаар ажиллах хууль зүйн баталгаа болж байдаг. Гэтэл Г.Баасан нарын хүмүүс Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааг саармагжуулах, байгууллагын удирдлагыг шүүмжлэх нэрийдлээр манай байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлж, гутаан доромжлох, харлуулах, авлигатай тэмцэх тэмцлийн хүчийг бууруулах, олон улсын болон хамтын ажиллагаатай байгууллагуудын өмнө Авлигатай тэмцэх газрын нэр хүндийг унагаах зорилготойгоор удаа дараа худал ташаа, илт гүтгэлгийн шинжтэй мэдээллийг нийгэмд тарааж байна.
Авлигын эсрэг хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д “Авлигатай тэмцэх газрын байр төрийн хамгаалалтад байна” гэж заасан. Хуулиар төрийн тусгай хамгаалалтад байдаг объектод хэн нэгэн этгээд дур зоргоороо аашлах гэсэн оролдлогыг нь хязгаарласан, байгууллагын өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангахад чиглэсэн дотоод журмыг Авлигатай тэмцэх газар мөрдөж ажилладаг. Үүнийг Авлигатай тэмцэх газрын албан хаагчид ч өөрсдөө мөрдөж ажилладаг. Хаалттай байдал гэдгийг хаалга, үүд цоожилсноор хэмжихгүй. Авлигатай тэмцэх газар аливаа мэдээллийг хуулиар зөвшөөрөгдсөн хэмжээнд олон нийтэд хүргэж, шаардлагатай бол өгч байгаа. Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргал Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан болон гишүүдийг уулзах хүсэлт гаргахад нь тухай бүр хүлээн авч уулзаж байсан. Тодорхой жишээ дурдахад 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Г.Баасан Авлигатай тэмцэх газрын даргатай уулзах хүсэлт гаргаад уулзах үеэрээ “Манай олон нийтийн зөвлөлд олон янзын боловсролгүй, эрээвэр хураавар хүмүүс байдаг болохоор хамаагүй асуудал ярихаар хов болгоод хэцүү байна. Тиймээс ганцаарчилж уулзъя” гээд бусад гишүүдээ муулан байж уулзсан байдаг. Энэ үедээ Улаанбаатар төмөр замын дарга Д.Жигжиднямаагийн асуудлыг яагаад шалгахгүй байна вэ гэж Х.Энхжаргал даргаас асуусан байсан. “Эрүүгийн хэрэг үүсгээд прокурорын хяналт дор хуулийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа учраас одоо наад асуудлаа орхи” гэж Х.Энхжаргал дарга хэлсэн байсан. Тухайн үед юу ярьсан нь Авлигатай тэмцэх газрын даргын өрөөнд байх дуу хураагуурт бичигдэж үлдсэн байгаа. Д.Жигжиднямаагийн хувьд 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Эрүүгийн хуулийн 22.1-т зааснаар 170200106 дугаартай, 2017 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр Эрүүгийн хуулийн 22.1-т зааснаар 170200173 дугаартай эрүүгийн хэргүүд үүсгээд прокурорын хяналт дор мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа” гэдгийг тодрууллаа.
Мөн Г.Баасангийн “Есөн тэрбумаар юу ч хийгээгүй байж 17 тэрбум төгрөгийн төсвөөр шагнууллаа” гэх асуудалд тэрбээр “Энэ бол Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааг илт мушгин гуйвуулсан, олон нийтийг төөрөгдүүлэх гэсэн худлаа мэдээлэл юм. Авлигатай тэмцэх газрын төсөв 2014 онд 15 тэрбум төгрөг байсан. Авлигын эсрэг хуульд Авлигатай тэмцэх газрын төсвийг өмнөх жилийн төсвөөс бууруулан батлахыг хориглоно гэсэн заалт байсныг 2015 оны 11 дүгээр сард тухайн үеийн хууль тогтоогчид хүчингүй болгоод 2015 оноос хойш жил дараалан тус газрын төсвийг бууруулан баталж ирсэн. Тухайн үед Авлигатай тэмцэх газрын бие даасан, хараат бус байдалд нөлөөлсөн гэж олон улсын байгууллагын зүгээс шүүмжилж байсан. Харин Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлагдсанаар Авлигатай тэмцэх газрын 2018 оны төсөв, хөтөлбөрийн санхүүжилт нийлээд 14,8 тэрбум төгрөгөөр батлагдсан. Үндэсний хөтөлбөрийн санхүүжилтээр төрийн албан хаагч нарыг сургах, иргэний нийгэм, төрийн бус байгууллагатай хамтран ажиллах, төрийн үйлчилгээний хүнд суртал, авлигын эрсдлийг арилгах гэх мэт тодорхой ажлуудыг хэрэгжүүлэхээр Засгийн газрын 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 114 дүгээр тогтоолоор батлагдсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд маш тодорхой тусгасан байгаа” гээд 2014, 2015 оны төсвийн тоон үзүүлэлтийг дэлгэцэнд тодруулж харуулсан юм.
А.Уянга
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30429
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.