А.Цогцэцэг: Бөөрний дутагдалтай иргэдийн эмчилгээг төр 100 хувь хариуцна

2017-01-27 Эрүүл мэнд

Энэ удаагийнхаа “Ярилцах танхим”-ын зочноор Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгийг урьж, тус салбар дахь цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Эрүүл мэндийн салбар өмнөх Засгийн газрын үед эзэнтэй, эзэнгүй байсаар элгээрээ хэвтсэн гэхэд болно. Аз болж энэ салбарыг мэргэжлийн хүн толгойлохоор болсонд олон хүн олзуурхдаг. Үнэхээр ч мэргэжлийн хүн салбарынхаа тулгамдсан асуудлыг шат дараатай шийдвэрлэж байгаа гэж ойлгож байгаа?

-Урьд өмнөх асуудлуудыг шүүмжлэхээсээ илүүтэйгээр одоо юу хийж байна вэ гэдэг нь чухал гэж бодож байна. Салбартаа ажиллаж байсан хүний хувьд тулгамдсан асуудлуудыг эрх зүйн орчинд нь шийдвэрлэх шаардлагатай гэж үзэн шууд ажилдаа орж, одоогоор багагүй хууль тогтоомжид өөрчлөлт оруулаад байна. Тухайлбал, “Монгол Улсын төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого”, “Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд”, “Нялх, балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хуульд”, “Донорын тухай хуульд”, “Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд”, “Эрүүгийн тухай хуульд”, “Эмнэлгийн мэргэжилтний хариуцлагын даатгалын тухай хуульд” нэмэлт өөрчлөлт оруулахаар Засгийн газраар үзэл баримтлалыг нь хэлэлцүүлэн батлуулж, УИХ-д өргөн барихаар бэлэн болоод байна.

-Нэн тэргүүнд хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгоход анхаарлаа хандуулжээ дээ?

-Дөрвөн сар гаруй хугацаанд хууль эрх зүйн орчныг оновчтой болгохоос гадна салбарын хүний нөөцийн хөгжил, нийгмийн хамгаалал, иргэдийг эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдэлээс хамгаалах, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр олон ажлуудыг амжууллаа. Тухайлбал, иргэд сум, ӨЭМТ дээрээ цусны ерөнхий болон биохимийн шинжилгээг өгч, сорьц тээвэрлэдэг боллоо. Телемедицинийг ашиглаж алсын зайн оношилгоо, эмчилгээний яаралтай тусламжийг шуурхай үзүүлж, II шатлалаас, III шатлал руу шууд холбогдон зөвлөгөө өгдөг цар хүрээг нь нэмэгдүүллээ. Түүнчлэн Зам тээврийн сайд Д.Ганбаттай зөвшилцөн өвчтөнг онгоцоор тээвэрлэх үед тухайн өвдсөн нэг хүнээс гурван хүний зардал авдаг байсныг чөлөөлж, 98 хувийн хөнгөлөлттэй зорчдог болголоо.

-Бөөрний дутагдалтай иргэдийн гемодиализийн эмчилгээг төр 100 хувь хариуцахаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэсэн байх аа?

-Бөөрний дутагдалтай иргэдийн гемодиализийн эмчилгээг төр хувийн хэвшлийн түншлэлээр түүнд зарцуулагдах зардлыг 100 хувь төр хариуцдаг болох Засгийн газрын тогтоолыг гаргууллаа. Элэгний С вирүсийн эмийн үнийг бууруулж, Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт үзүүлэх, элэгний вирүс илрүүлэх, вирүсийн ачааллыг тоолох шинжилгээнүүдийг эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилтээр хийлгэх, цусны хавдартай иргэдийн зарим эмчилгээний зардлуудыг төр хариуцахаар болсон. Түүнчлэн эрүүл мэндийн салбарт олон жил дамжин хуримтлагдсан 16 тэрбум төгрөгийн өрийн асуудлыг шийдвэрлэлээ.

-Энэ үнэхээр сайхан мэдээ. Эмнэлгүүд дэх гемодиализийн аппарат хүрэлцдэггүй, дээр нь өртөг өндөр тул иргэдэд хүндрэлтэй байдаг шүү дээ?

-Бөөрний хурц болон архаг дутагдалтай өвчтөний цус цэвэршүүлэх гемодиализ эмчилгээг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд уг эмчилгээг хийлгэх эрх зүйн орчныг нь бүрдүүлж чадлаа. Өнөөдрийн байдлаар манай улсын хэмжээнд бөөр орлуулах эмчилгээг хийлгэх шаардлагатай 580 гаруй хүн байдаг бөгөөд улсын эмнэлгүүд дэх гемодиализийн аппарат хүрэлцдэггүй, хувийн эмнэлэгт ороход нэг удаад 120.000 төгрөг төлж долоо хоногт гурван удаа орох шаардлага тулгардаг. Энэ нь хувь хүмүүст санхүүгийн маш их дарамтыг үүсгэдэг юм. Иймд эрүүл мэндийн даатгалын байгуулага болон гемодиализ эмчилгээ хийх хувийн хэвшлийн байгууллага гэрээ байгуулах замаар уг эмчилгээг улсын болон хувийн эмнэлэгт ялгаагүй үнэ төлбөргүй хийх болгосон. Энэ нь ядарч шаналсан иргэдэд асар өндөр ач холбогдолтой байхаас гадна, тэдний амьдралын чадварыг уртасгаж буй чухал ажил боллоо.

-Аппарат гэхээр бас нэг асуудал гардаг. Эрдэнэтийн эмнэлэгт 3.5 тэрбум төгрөгөөр хүргэгдсэнтэй яг ижил аппаратыг нэгдүгээр эмнэлэгт 1.5 тэрбумаар авахаар төсөвт суулгаж байсан. Иймэрхүү шахааны гэмээр бизнес эрүүл мэндийн салбарт цэцэглэх нь их. Энэ талаар авахаар төлөвлөсөн арга хэмжээ бий юу?

-Нэг зориулалтын тоног төхөөрөмж хүчин чадлаасаа хамаараад өөр үнэтэй байж болно. Гэхдээ нэг фирмийн, нэг хүчин чадалтай аппарат эрс тэс өөр үнэтэй байж болохгүй Бид эрүүл мэндийн салбарын хөрөнгийн нэгдсэн мэдээллийг агуулах бүртгэлийн программтай болж байна. Ингэснээр улсын хэмжээний хөрөнгөө нэг цэгээс хянаж чаддаг болно. Эрүүл мэндийн сайд миний тушаалаар саяхан таван ажлын хэсэг гарч, аймгуудын Нэгдсэн эмнэлэг болон БОЭТ-ийн тоног төхөөрөмжийн ашиглалт, үйл ажиллагааны аюулгүй байдал, насжилт, засвар үйлчилгээ, хэрэгцээ шаардлагад нь хэрхэн нийцэж буйд нь үнэлгээ өгч, зарим багаж тоног төхөөрөмжид хэмжилт хийж, газар дээр нь сургалт зохион байгуулаад ирсэн. Энэ баг нь ганц тоног төхөөрмж биш, давхар бүхий л эмнэлгийн тусламж, үйлчилгээний аюулгүй байдалд үнэлгээ хийсэн. Тодруулахад, эмнэлгийн байр байшингийн насжилт, боловсон хүчний хангамж, хүртээмж бүгд орсон байгаа. Үүнийг орон нутгийнхан маш талархалтай хүлээн авсан. Одоогоор дөрвөн аймагт яваад байна. Цаашид нэгдүгээр сард багтаан бүх аймгаар явж дуусгана.

-Орон нутаг дахь эмнэлгүүдийн барилгыг царцаасан тухай асуудал байнга хөндөгдөх болж. Энэ талаар та тодорхой мэдээлэл өгөөч?

-Орон нутагт болон хот суурин газруудад царцаагдсан, явц нь удааширсан барилгуудыг 90 хувь хөдөлгөж, зарим нь ашиглалтад өгөхөд бэлэн болоод байна. Түлэнхийн төвийн барилга, Яармаг дахь 300 ортой төрөх эмнэлэг, Үндэсний оношилгоо эмчилгээний төвийн барилга, Хавдар судлалын өргөтгөл, Эмгэг судлалын төвийн их засвар, Говь-Алтай аймгийн Цээл, Есөнбулаг сум, Дорноговь аймгийн Сайншанд сум, Дундговь аймгийн Дэлгэрхангай сум, Баянхонгор аймгийн Баянцагаан сумдын эмнэлгийн барилгууд зэргийг нэрлэж болно. Түүнчлэн шинээр Азийн хөгжлийн банкны зээл, тусламжаар Чингэлтэй дүүргийн Нэгдсэн эмнэлэг, Ховд аймгийн БОЭТ, Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлэг, хөдөөгийн зургаан сумын эмнэлэг, дөрвөн өрхийн эрүүл мэндийн төвийн барилгыг бариулахаар болоод байна.

-Сүүлийн үед ханиад томуу ихсэж байна. Эмнэлгүүд ч ачааллаа дийлэхээ болилоо. Энэ тал дээр ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа вэ?

-Улирлын чанартай ханиад томуу ихсэж байна. Бид бодлогын түвшинд есдүгээр сард эрсдэлийн төлөвлөгөө гаргаж, түүнийхээ дагуу амьсгалын замын халдвар, уушгины хатгалгаа өвчний өвчлөлийг бууруулахаар 31 мянга гаруй хүүхдийн пневмококийн эсрэг вакцин, 33 мянган хүн тун томуугийн эсрэг вакциныг Засгийн газраас санхүүжүүлсэн. 45 мянган хүнд томуугийн эсрэг вакциныг АНУ-ын Өвчний хяналтын төвөөс бидэнд илгээж, хүмүүсийг хамрууллаа. Мөн боловсон хүчний хувьд дүүргийн эмнэлгүүдэд нэмэлтээр нийт 756 резидент эмч, сувилагч, оюутнуудыг гэрийн эргэлтэд дайчлан ажиллуулж байна. Өрхийн эрүүл мэндийн төвүүд 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллаж, бямба гарагт 10:00-14:00 цагийн хооронд ажиллаж байгаа. Зөвлөгөө өгөх утсыг 13 цэгт ажиллуулж байна. Нийслэлийн хэмжээнд хүүхдийн 789 ортой ба нөхцөл байдалтай уялдуулан хүүхдийн 692 орыг нэмэлтээр гаргаж өвчтэй хүүхдүүдийг хэвтүүлэн эмчилж байна.

-Дээр нь агаарын бохирдол, утаанаас үүдэлтэй өвчлөл их байна. Ер нь карантилчихаж болдоггүй юм уу?

-Томуу, томуу туст өвчнөөр өвдсөн нялх, балчир насны хүүхдийн дунд агаарын бохирдолтой холбоотойгоор хүндрэл маш их гарч байна. Энэ нь эмнэлгийн орны ачааллыг нэмэгдүүлэх нэг шалтгаан болж байгаа юм. ДЭМБ-ын зөвлөмж болгосноор амбулаторийн үзлэгийн 15 хувь нь томуу, томуу туст өвчин эзэлж буй тохиолдолд хөл хорио тогтооно гэж заасан байдаг бол манайд өнөөдрийн байдлаар нийт үзлэгийн найман хувийг эзэлж байна.

-0-5 насны хүүхдүүдэд ханиадны эмийг төрөөс үнэ төлбөргүйгээр өгөхөөр шийдвэрлэсэн юм байна. Энэ эмний хүрэлцээг хэрхэн хангаж, хэрхэн түгээх талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу. Манайхан төрөөс өгч байгаа эмийг дундаас нь зувчуулж, ашиг хонжоо хайх нь элбэг. Шулуухан хэлэхэд, өрхийн эмнэлгүүдэд энэ нь хэвийн үзэгдэл гэж хэлж болох байх. Тэгэхээр хяналтыг хэрхэн тавих бол?

-Ханиад томуугийн талаар хоёр ч удаа Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, хэд хэдэн асуудлыг шийдвэрлүүлсэн. Үүний нэг нь томуу, томуу туст өвчний дэгдэлттэй холбоотой тав хүртэлх насны хүүхдийг эмчлэхэд зайлшгүй шаардлагатай 11 нэрийн эмийг ЭМД-ын сангаас санхүүжилтийг нь олгох асуудал юм. Энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар ХНХЯ, ЭМЯ-нд үүрэг болгосны дагуу, иргэд 5 хүртэлх насны хүүхдийн эмийг эмчийн жорын дагуу эрүүл мэндийн даатгалын газартай гэрээтэй эмийн сангуудаас үнэгүй авах бөгөөд тус эмийн сан нь ЭМДС-аас санхүүжилтээ нөхөн авах юм. Харин Өрхийн эрүүл мэндийн төвүүдээр тараахгүй. Эдгээр эмийг олгох асуудал дээр Эрүүл мэндийн даатгалын газар хяналт тавих маягаар зохицуулна. Гэхдээ эрүүл мэндийн даатгалын байцаагч Улаанбаатар хотын хэмжээнд 17 байгаа нь нийт 130 гаруй ӨЭМТ-д хүрч ажиллахад бэрхшээлтэй. Үүнийг цаашид бодох л асуудал.

ийслэлийн эмнэлгүүдийн үйл ажиллагаатай танилцан эмнэлгүүдэд тулгамдаж буй нэн шаардлагатай асуудлуудын зарим асуудлыг нь газар дээр нь шуурхай шийдвэрлэж ажиллаж байгааг тань мэднэ. Яаралтай тусламж, хүүхдийн тасаг, лаборатори, эмийн аюулгүй байдал, хадгалалтад онцгой анхаарч, нийслэлийн эмнэлгүүдэд 60 ширхэг эйр кондишнийг олгосон байсан. Өөр ямар асуудлыг шийдвэрлэв?

-Тийм ээ, хэдийгээр төсөв хязгаарлагдмал байгаа ч эрүүл мэндийн 32 байгууллагад 60 ширхэг кондиционер тоног төхөөрөмжийг суурилуулж, НҮБ-ын Хүн амын сан, Люксанбургийн Засгийн газартай хамтран хэрэгжүүлж буй “Эх, нярайн эрүүл мэндийг сайжруулахад зайн оношилгоог ашиглах” төслийн хүрээнд 1.2 тэрбум төгрөгийн багаж тоног төхөөрөмжийг 21 аймаг, ЭХЭМҮТ-д нийлүүллээ. Эрүүл мэндийн салбарт анх удаа 60 гаруй хувьд нь автомашины парк шинэчлэл хийхээр 5 тэрбум төгрөгийг 2017 онд төсөвт тусган эхний ээлжинд 19 аймгийн 21 суманд түргэний автомашиныг хүлээлгэн өгөөд байна.

-Манай эмч нар дотооддоо үүдэл эс шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттайгаар хийлээ. Өртөг өндөртэй энэ мэс заслыг дотооддоо хийж байгаа дэвшилт ч нөгөө талаас хөрөнгө мөнгөний зайлшгүй дэмжлэг шаардлагатай юм шиг. Энэ хагалгаанд орж чадахгүй хорвоогоос хальж байгаа олон хүн байна. Энэ талаар та юу хэлэх вэ?

Улсын нэгдүгээр төв эмнэлэг дээр үүдэл эс шилжүүлэн суулгах мэс заслыг одоогоор дөрвөн иргэнд хийгээд байгаа боловч 30 гаруй хүнд хийхээр хүлээгдэж байна. Тус хагалгааны зардал 73 сая төгрөг, үүний 28 сая төгрөгийг ЭМД-ын сангаас хөнгөлөлт үзүүлдэг. Гэвч үүнийг төлж чадахгүй иргэд бий. Тиймээс иргэдэд ирж буй энэхүү санхүүгийн дарамтыг бууруулах, эрүүл мэндийн даатгалын тогтолцоог үр дүнтэй болгох тал дээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран ажиллаж байгаа. Энэ Засгийн газрын үед цусны хорт хавдартай иргэнд сар бүр уудаг эмийг улсын төсвөөс хариуцдаг болгосон. Энэ нь цусны хорт хавдар тусаад шаналж буй иргэдэд санхүүгийн дэмжлэг болох учиртай юм.

-Эрүүл мэндийн салбарын төсөв маш хүндрэлтэй. Өнгөрсөн хугацаанд төсөв мөнгөний хүрэлцээгүйгээс эмийн хангамж эхний хагас жилдээ дууссан тохиолдол бий. Ирэх жилийн хувьд төсөв мөнгөний хүрэлцээ хэр байгаа вэ?

-Эрүүл мэндийн салбарын ирэх оны төсвийг 659.4 тэрбум төгрөгөөр батлуулсан. Үүнийгээ эрүүл мэндийн салбарын ажилчдын 47500 гаруй хүний цалин, тогтмол зардалд зарцуулахад хамаагүй бага тоо л доо. Гэхдээ бага ч гэсэн өөрт оногдсон зардлаа зөв зүйлд л зарцуулах нь чухал. Эмнэлгүүдэд хэвтэн эмчлүүлэгчид их байгаа тул зарим эмнэлгүүд эмийн өр их үүсгэж байна. Энэ нь нэг талаар хэтэрхий ор санхүүжүүлсэн, нөгөө талаар менежментийн алдаатай бодлого явж буйг харуулж байна. Иймд бид урьдчилан сэргийлэх үзлэг, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, амбулаторийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг санхүүжүүлэх зайлшгүй шаардлага байна. Эмийн төсвийн хувьд өмнөх оноос 8.7 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн буюу 91 тэрбум төгрөг тусгагдсан байгаа.

-“Шилэн эрүүл мэнд” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд нэлээдгүй хугацаа өнгөрлөө. Үр дүн нь хэр байгаа вэ?

-“Шилэн эрүүл мэнд” ажлын хүрээнд амбулаториор үйлчлүүлэх иргэдийн дарааллыг эмчийн өрөөний үүдэнд дэлгэцээр нийтэд ил болгосноор, хүн бүр дарааллын дагуу үйлчлүүлэх боломж нь бүрдсэн. Мөн төрөх тасагт байгаа эхчүүд, сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байгаа иргэд гэрийнхэнтэйгээ цахим хэлбэрээр уулзах боломжийг бүрдүүлсэн нь үр дүнтэй ажил болсон. Одоогоор үүнийг нэвтрүүлсэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ ил тод нээлттэй болж, цаг авах үйлчилгээ өргөжин, хүлээгдэл 50 хувиар буураад байгаа. “Шилэн эрүүл мэнд” төслийн хүрээнд оочер дугаараас гадна олон зүйл багтана. Энэ нь цаашид улам өргөжиж хөгжих ажил юм.

-Салбарын хувьд хүн амд чиглэсэн тусламж үйлчилгээг хэрхэн чанаржуулах, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, иргэдийн эрүүл мэндийн мэдлэгийг сайжруулах талаар дорвитой арга хэмжээ авахаа мэдэгдэж байсан?

-Өвдсөний дараа өндөр зардлаар эмчлүүлэхээс илүүтэйгээр өвдөхөөс урьдчилан сэргийлэх нь илүү үр дүнтэй, эдийн засгийн хувьд хэмнэлттэй байдаг тул нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг эрүүл мэндийн салбарын тэргүүлэх чиглэл болгож 2017 оныг “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих” жил болгон ажиллахаар төлөвлөж байна. Харин эмнэлгийн тусламж, үйлчилгээний хувьд эмч нарын ачаалал их, нэг эмч өдөрт 20 үйлчлүүлэгчид эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх стандарттай байдаг бол манай эмч нар өдөрт 60-80 үйлчлүүлэгчид тусламж, үйлчилгээ үзүүлж байна. Хүний нөөцийн асуудал маш их учир дутагдалтай байна. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг төр дангаараа даах боломжгүй нөхцөл байдал үүсээд байгаа өнөө үед төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд зарим нэгэн асуудлыг нь зоригтой шийдэх хэрэгтэй гэж боддог. Тухайлбал, төр дангаараа үзүүлж чадахгүй өндөр өртөгтэй тусламж, үйлчилгээг хувийн хэвшлээр гүйцэтгүүлж, түүнд тохирсон зардлыг ЭМД болон төрөөс санхүүжүүлдэг болгох. Нэг өвчнөөр хувийн хэвшил бага санхүүжилт ЭМД-ын сангаас авч байхад, улсын эмнэлэг үүнээс 20-40 хувийн илүү санхүүжилт авч байх жишээтэй. Тэгэхээр ЭМД-ын санхүүжилтийн хувьд аль болохоор төр, хувийн хэвшлийн зааг ялгааг гаргахгүй байх хэрэгтэй. Энэ бол иргэн хүний эрх байх ёстой.

-Өрхийн эмч нарын мэдлэг чадварыг дээшлүүлэх шаардлага зүй ёсоор тавигддаг. Оношоо зөв тавьж чаддаггүй, жороо зөв бичиж чаддаггүй өрхийн эмч нар түгээмэл. Таны хувьд эмч нартаа итгэл хүлээлгэхийг илүүд үзэх нь бий. Тиймдээ ч энэ талыг илүү баримталж ажиллахаа хэлж байсан. Гэвч энэ нь эргээд эрсдэл үүсгэх юм биш биз?

-Үүнд маш том бодлогын чанартай өөрчлөлтүүдийг хийх шаардлагатай байгаа. Өрхийн эрүүл мэндийн төвүүд эдийн засаг хүнд байгаа өнөө үед улсынх байх шаардлагагүй. Харин санхүүжилтийг нь нэмээд өрсөлдөх чадварыг нь сайжруулж, гэрээг тодорхой чанга хийх, шаардлагатай жор бичиж чаддаггүй эмч байгаа гэдэгтэй би санал нийлэхгүй байна. Харин эхийн эндэгдэл гаргаагүй, тав хүртэлх насны хүүхдийн өвчлөлийг бууруулсан гэх зэргээр нь сайн дүгнэдэг, байр эзлүүлдэг байх, тодорхой зардлуудыг ЭМД-ын сангаас санхүүжүүлэх хэрэгтэй.

-Манай улсад нэг зовлон бий. Доктор, профессорууд нь хувийн эмнэлэгтэй болчихсон. Улсын эмнэлэгт өглөө хэдэн цаг үзсэн болоод үдээс хойш хувийн эмнэлэг дээрээ очоод суучихдаг. Улмаар хөөрхий өвчтөнийг хувийн эмнэлэгтээ ирж үзүүлэхийг шахаж шаардана. Энэ тогтолцоог яаж халах вэ?

-Эмч нарын цалин маш бага энэ үед ажлын бус цагаар хувийн эмнэлэгт цагаар ажиллахыг хорих боломжгүй, харин улсын эмнэлэгт ажилладаг эмч ажлын цагаар хүнээ үзэхгүй, хувийн эмнэлэгтээ үзүүлэхийг зөвлөвөл энэ нь буруу. Манай эмч нар ихдээ л 600 мянга гаруй төгрөгийн үндсэн цалин авдаг шүү дээ. Энэ нь 240 орчим ам.доллар гэсэн үг. Үүгээр амьдрахад үнэхээр хэцүү шүү дээ.

-Эх, хүүхдийн эндэгдэл сүүлийн үед эрс нэмэгдсэн. Өнгөрсөн онд л гэхэд эхийн эндэгдэл нь 29 хүрсэн байсан салбарыг та хүлээж авсан. Иймээс зөв бодлого хэрэгтэй гэж хэлж байсан даа. Тэр бодлого чиглэл тодорхой болсон уу?

-Эхийн эндэгдэл эхний хагас жилийн байдлаар 100.000 амьд төрөлтөд 61.7 байсан бол одоо 2016 оны эхний 11 сарын байдлаар 100.000 амьд төрөлтөд 45.7 болж буурсан. Сүүлийн саруудад тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл өмнөх онуудтай харьцуулахад урьд өмнө байгаагүйгээр бууруулж чадсан нь саашаалтай. Өнөөдөр ханиад томуугийн тархалттай хүнд үед, үүнээс үүний хүндрэлээр амь нас эрсдээгүй байгаа нь л манай салбарын халуун цэг дээр нойр, хоолгүй ажиллаж байгаа эмч ажилчдын маань нөр их хөдөлмөрийн үр дүн гэж бодож байна. Манай салбарын эмч, мэргэжилтнүүд үеийн үед хичээж ажиллаж ирсэн. Гэхдээ бидэнд давагдашгүй хүчин зүйл гэж байгаа. Гарцаагүй нөхцөл байдал үүсээд байхад тэдэндээ бурууг тохож урмыг нь хугалж болохгүй. Манай салбарынхан хүний амийг аврах гэж ноцолддог болохоос биш цалингаа нэмүүлье гэж нэг ч удаа ажил хаяж, шахаж, шаардаж үзээгүй. Бид бодлогын хувьд эх болон бага насны хүүхдийн эндэгдэл өндөртэй аймагт Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч нарыг 1-3 сарын хугацаатайгаар томилж, ажлын байрны сургалтыг тогтмол зохион байгуулсан. Мөн эх, хүүхдийн эндэгдэлд нөлөөлж буй хүчин зүйлсийг судалж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай авч, цахим хурал, сургалтуудыг 21 аймаг, нийслэлийн хэмжээнд тогтмол зохион байгуулж байна. Төв эмнэлэг, төрөлжсөн мэргэжлийн төв, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудыг эх барих, эмэгтэйчүүд, нярайн чиглэлээр мэргэжлийн арга зүйгээр ханган, туршлагатай эмч нараар аймгуудыг хариуцуулан ажиллуулж байгаа нь үр дүнгээ өгч байна.

Даатгалын мөнгө эмнэлгийн байгууллагуудад биш арилжааны банкинд хадгалагдаж байгаа талаар шүүмжилж байсан. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-Тэгэхээр эрүүл мэндийн санхүүжилтийг нийт санхүүжилтийн тогтолцоонд шилжүүлж, хуулийн хүрээнд эрүүл мэндийн байгууллагын хагас бие даасан байдалд оруулбал арай гэгээтэй дүр зураг гарч ирнэ. ЭМД-ын сангийн нэг иргэнд ногдох зардлаас эмч ажилчдад тодорхой хувиар олгох хэрэгтэй. Эрүүл мэндийн даатгалын санд 300 гаруй тэрбум төгрөгийн хуримтлал үүссэн байгаа юм. Үүнийг бид ЭМД-ын сангаас санхүүжүүлэх ёстой эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багцийг бүрэн санхүүжүүлдэг болгох, төр, хувийн хэвшлийн даатгалын санхүүжилтийг ижил болгохоор ХНХЯ-тай хамтран ажиллаж байна. Улмаар эрсдэлийн сангийн хөрөнгийг тооцох, зарцуулах, банкинд хадгалуулах, чөлөөт үлдэгдлийг зөв зүйтэй зарцуулах талаар зохих журмыг батлуулахаар ажиллана. Ингэснээр иргэн, эрүүл мэндийн байгууллага даатгалын үр шимээ хүртэх боломжтой болох юм.

-Цусны төвийн шинэ барилгыг улсын комисс хүлээж аваагүй байхад нүүгээд орсон гэх мэдээлэл чих дэлсэх боллоо. Энэ талаар салбар толгойлж яваа хүний хувьд ямар тайлбар хийх вэ?

-ЦССҮТ-ийн шинэ төв 2.94 тэрбум төгрөгөөр баригдсан бөгөөд барилгын ажил 2013 онд эхэлж 2016 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр 2016/143 тоот актаар Улсын комисс ажиллаж ашиглалтад хүлээн авсан байдаг. Тус барилгыг эхний зураг төслийн дагуу дөрвөн давхар байхаар төлөвлөгдөж цусны төвийн зориулалтын дагуу баригдсан учраас комисс хүлээн авсан байгаа. Барилгын явцад одоо мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн дагуу Барилгын хөгжлийн төв болон захиалагчаас хяналт тавьж ажилласан юм билээ.

-Ашиглалтад ороод удаагүй тус барилга лифт нь гацаж, 00 нь бөглөрлөө. Дээр нь агааржуулалт нь асуудалтай гээд стандарт, чанарын шаардлага хангах зүйл алга. Үүнийг хэрхвэл зохилтой юм бол?

-Үүнийг тухайн эмнэлгээс торуулсан нь зүйтэй болов уу. Ер нь аливаа барилга байгууламжийн хүлээн авснаас хойшхи барилгын гүйцэтгэлтэй холбоотой ямар нэгэн асуудлыг Барилгын тухай хуулийн дагуу гурван жилийн баталгаат хугацаанд гүйцэтгэгч компани хариуцдаг. ЦССҮТ-ийн барилга болон улсын төсвөөр баригдсан барилгуудад улсын МХЕГ-аас есдүгээр сард үзлэг шалгалт хийж зарим зөвлөмжийг гүйцэтгэгч компанид өгсөн байгаа.

-Эрүүл мэндийн салбарынхны нийгмийн асуудал орхигддог тал бий. Жишээ нь Монголдоо ганц байдаг цусны төвийн ажиллагсад. Үүнийг шийдвэрлэх боломж бололцоо бий юу?

-Эрүүл мэндийн салбарын эмч ажиллагсдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаар Засгийн газар болон ЭМЯ-аас шат дараалласан арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр ажиллаж байна. ЦССҮТ-ийн хувьд 2016 онд ажилчдын үр дүнгийн урамшуулалд нийт 88.7 сая төгрөг, илүү цагийн нэмэгдэлд 5.4 сая, нөхцлийн нэмэгдэлд 20.1 сая төгрөг, зэргийн нэмэгдэлд 11.6 сая төгрөг хоол унааны хөнгөлөлтөд 51.8 сая төгрөг, бусад нэмэгдэлд 4.3 сая төгрөг тус тус зарцуулсан гэсэн тоо бий. Манай эмнэлгүүд хөдөлмөр хамгааллын хувцас хэрэгсэл, эрүүл мэндийн үзлэг шинжилгээ, вакцинжуулалт зэрэг эмч ажиллагсдад зориулсан арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг.

-Эрүүл мэндийн салбарт гадна, дотны төсөл, хөтөлбөрүүд хэрэгжих нь их. Харамсалтай нь үр дүн муутай. Энэ нь тэдгээрт тавих хяналт султай холбоотой юм шиг?

-Яахав нэг талаас хяналт сул гэдгийг үгүйсгэхгүй, нөгөө талаас төсөл дээр ажилладаг хүн хүч яалт ч үгүй бага байдаг. Гэвч бид байгаа нөөц бололцоогоо ашиглан дээрх асуудлуудыг шийдвэрлэхээр хоёр талаасаа хамтран гэрээнд өөрчлөлт оруулах эсэхийг судлан ажиллаж байна.

Эх сурвалж: Newsmedia.mn

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.