Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Э.Анхбаяр менингококкт халдварын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Энэ халдварт өвчний дэгдэлт таван жилийн үечлэлтэй гарч байна. Вакцин сэргийлэлт эхэлсэн 1995 оноос хойшхи менингококк халдварт өвчний тохиолдлын тоо эрс буурсан. Бидний тооцоолж байгаагаар энэ онд 15 орчим тохиолдол бүртгэгдэх болов уу. Эрүүл мэндийн яамнаас менингококк халдварын эсрэг вакцины захиалга хийсэн. Эрүүл мэндийн сайд 2000 тун вакцины худалдан авалт хийх шийдвэр гаргаад байна. Эдгээр вакциныг эхний ээлжид халдварын тохиолдлуудын ойрын хавьтлуудад болон эрсдэлт бүлгийнхэнд хийхэд хангалттай гэж үзэж байгаа.
Ирэх долоо хоногт 2000 тун вакцин ирнэ. Тэгэхээр вакцинд эрсдэлт бүлгийнхнийг ирэх долоо хоногоос хамруулна. Өнөөдөр вакциныг дахин нэмж захиалах, эмнэлгүүдийн бэлэн байдлыг хангах, химийн эмчилгээ зэрэг асуудлыг Засгийн газрын хуралдаанаар танилцуулна.
Менингококк жил бүр тодорхой хэмжээнд бүртгэгддэг. Сүүлийн гурван жилийн тухайд 2022, 2023 онуудад хоёр, хоёр тохиолдол, 2024 онд дөрвөн тохиолдол бүртгэгдсэн. Нас баралт бүртгэгдээгүй. Харин 2025 он гарснаар нэг тохиолдол хүндэрч, эндлээ.
Мэдээж вакцины асуудлыг бид өнгөрсөн жилүүдэд ч ярьж байсан. Хамгийн сүүлд 2022 онд менингококкын эсрэг вакцин хийгдсэн. 2023, 2024 онд худалдан авалттай холбоотой асуудлаас болж вакцин орж ирээгүй. Гэхдээ бид яаралтай энэ асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна” гэлээ.
4 цагийн өмнө
6 цагийн өмнө
7 цагийн өмнө
7 цагийн өмнө
87522
31001
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.