Нэгдүгээр ангийн хүүхдүүдийн 70 орчим хувь нь эрт илрүүлэгт хамрагджээ

3 цагийн өмнө Мэдээ мэдээлэл

 

ЭМЯ-наас сургуульд суурилсан эрт илрүүлгийн тогтолцоог бий болгохоор ЕБС-ийн сургуулийн нэгдүгээр ангийн сурагчдын нүд, шүд, зүрхний эмгэгийн эрт илрүүлгийн үзлэгийг өнгөрсөн аравдугаар сард эхлүүлсэн.

Боловсролын яамнаас мэдээлснээр нийслэлийн хэмжээнд 40,622 хүүхэд нэгдүгээр ангид суралцаж байна. Тэдний 70 орчим хувь буюу 31,370 сурагч эрт илрүүлэгт хамрагдсан байна. Эрт илрүүлгийн дүн мэдээнээр нэгдүгээр ангийн сурагчдын дунд шүдний өвчлөл хамгийн их гарчээ.

Тодруулбал, шүдээ үзүүлсэн 30,346 хүүхдийн, 23,908 нь шүд цооролттой, 25,832 нь шүдээ хангалттай сайн угааж чаддаггүй бөгөөд 5,831 нь шүд гажигтай гэж оношлогджээ.

Түүнчлэн нүдний үзлэгт хамрагдсан 24,310 хүүхдийн 15.2 хувь нь холын хараа муу, 6 хувь нь ойрын хараа муу гарсан бол 21 хувь нь нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай гэсэн дүн гарчээ.

Эдгээр үзүүлэлтийг харахад Монгол Улс ДЭМБ-ын шалгуур үзүүлэлтээр “шүд цоорох өвчний тархалт өндөр” орны тоонд орж байна.

 

Өнөөдрийн онч үг

5 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.