Чанартай боловсролыг дэмжих бодлого төсвийн хамгийн чухал зорилтын нэг байх ёстой

Өчигдөр slider

Тэгш бус боловсролын нөхцөл

Монгол Улсад боловсролын чанарын хүртээмж харилцан адилгүй байна. Сонгинохайрхан дүүргийн гэр хороололд амьдрах М-ынх гурван хүүтэй. Хамгийн том хүү Б нь ерөнхий боловсролын 107 дугаар сургуульд суралцдаг, дунд анги юм. Бид хүүгийн гэрт саатаж, сурах нөхцөл боломжийн талаар тодруулав. Уулын оройд, задгай хашаанд хэлбэр муутай жижиг байшинд хоёр дүү, аав, ээжийн хамт амьдрах Б нь бямба, ням гаригаас бусад өдөр “эцэг, эх”-ийн үүргийг гүйцэтгэж үлддэг. Өвлийн цагт ажил багасдаг тул ээж нь хотын төв рүү орж ажиллахаас аргагүй болдог гэнэ. Өглөө 09:00 цагт ажилдаа бэлэн байхын тулд хүүхдүүдийг унтаж байхад буюу 06:00 цагт босоод явдаг байна. Аав нь бас “гадуур ажилтай” хэмээн ихэнх тохиолдолд гэртээ үзэгддэггүй. Ээж дор хаяж 2-3 цаг зам дээр түгжирнэ гэж тооцож гарахгүй бол болдоггүй аж. Орой мөн ажил тарснаар гэр рүүгээ 2-3, зарим тохиолдолд 4 цаг “аялсаар” ирдэг байна. Ирээд бараг л шууд амардаг. Тиймээс хүү Б нь хоёр дүүгээ харах, хичээлдээ явах, түлээ нүүрсээ бэлдэх, оройн хоол, хажуугаар нь даалгавраа хийх цаг наргүй ажилд дөрлүүлдэг. Б “Би аав, ээж хоёроос хичээлээ асууж үзээгүй. Асуух боломж ч олдож байгаагүй. Өглөө сэрэхэд байдаггүй. Орой унтах гэж байхад орж ирдэг” хэмээн ярьсан. Ханын цаас нь халцарч урагдсан ханан дээр нэг хадаас зоож цүнхээ өлгөжээ. Дээр нь хичээлийн хуваарь, өмнө нь авч байсан хоёр ч өргөмжлөлөө наасан нь утаа униараас болоод халтардсан байна.

Эндээс хот төлөвлөлт алдаатай явж ирсэн нь олон иргэний үнэт цагийг зам дээр үрэн таран хийж, улмаар үр хүүхдэдээ анхаарал халамж тавих боломжоос хумсалж буйг харж болно. Тийм ч учраас гэр хорооллын олон хүүхэд аав, ээжээ орлож гэрийн нүсэр ажилд зүтгэхийн сацуу өөрийн зөнгөөр, хэний ч тусламжгүй суралцаж байна. Мэдээж энэ нь сурлагын чанарт нөлөөлөх нь ойлгомжтой. Нөгөө талаас нэг ангид 50-60 хүүхэд хичээллэдэг. Тиймээс багшаас тусламж авах, нэмэлт зүйл асуух, аминчлан ярилцах зэрэг олон зүйл дээр боломж нь хязгаарлагддаг байна. Энэ бүхнээс илүү дугуйланд явах хүсэлтэй ч тодорхой хэмжээний төлбөртэй. Түүнийг аав, ээж төлөх чадваргүй. Бас дүү нараа харах тул явах цаг ч олддоггүй аж. Хэрэв сургуулиас орой гарвал өвлийн цагт уул руу өгсөх эрсдэлтэй болохыг хэлсэн. Энэ мэт олон бэрхшээлийг Б хүү тоочиж байна лээ.

Судалгаагаар гэр хороолол, хотын төвийн сургууль хоёрт чанарын асар их ялгаа байгааг УИХ-ын гишүүн Г.Дамдинням хэлсэн. Зарим тохиолдолд хотын төвийн өндөр төлбөртэй хувийн сургууль, захын гэр хорооллын сургуулийн сургалтын чанарыг харьцуулахад 4-5 дахин зөрүү гарч байгаа аж. Хамгийн энгийн жишээ бол англи хэл. Улсын сургууль тавдугаар ангиас эхэлж долоо хоногт хоёр цагаар англи хэл (мэргэжлийн багш дутмаг) үздэг. Гэтэл хувийн сургуулийн сурагчид нэгдүгээр ангиасаа эхэлж долоо хоногт 4, түүнээс олон цагаар англи хэл үзэж (ихэнх нь гадаад багштай) байна. Мэдээж үүн дээр нэмээд багшийн ур чадварын ялгаа яригдана. Ингэснээр ерөнхий боловсролын сургуулиа төгсөхөд англи хэлний мэдлэг чадварын хувьд хувийн сургууль төгссөн хүүхэд илт давуу болж байна. Энэ нь олон улсаас тэтгэлэг авах, үргэлжлүүлэн өндөр боловсрол эзэмших, цалин сайтай ажилд орох, өсөн дэвжих зэрэг хувь хүний амьдралыг шийдэх чухал хөшүүрэг болж хувирдаг. Харин боловсролын чанар тааруу, хүртээмжгүй байдлаас болж англи хэлийг сайн эзэмшиж чадаагүй хүүхдүүдэд цаашид хөгжих боломж хязгаарлагддаг.

Ялангуяа, нийслэлийн захын гэр хороолол, аймаг, сум сууринд багш хүрэлцэхгүй байгаа нь олон хүүхдийн сурах эрхийг боомилж байна. Математик, хими, англи хэл зэрэг чухал хичээлүүдийн багш нар дутагдалтай болсон. Өнөөгийн байдлаар боловсролын салбарт 4000 багш сох дутсан гэдгийг УИХ-ын гишүүн Д.Ганбат чуулганы хуралдаанд хэлсэн. Цаашид энэ тоо 20 мянгад хүрч хүндрэх эрсдэлтэйг Боловсролын багц хуулийн төслийг боловсруулсан ажлын хэсгийнхэн анхааруулсан.

Шоовдорлогдсон сурагчид

Хүүхдэдээ чанартай боловсрол эзэмшүүлэхийн тулд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумаас нийслэлийг зорьж ирсэн Д нэг өвөл нийтийн байр түрээсэлж, эцэст нь үгээ хэлээд буцсан тухайгаа ярьсан. Сард нэг сая төгрөгийн түрээсийн төлбөр төлнө. Нэмээд хоол унд, хэрэглээний зардал нэмэгдэнэ. Энэ бүхнийг тэсэж тэвчээд зохицуулаад явж болох ч ажлын үеэр бага ангийн хүүхдээ хичээлд нь хүргэж өгөх, авахад бөөн асуудал үүсдэг байна. Иймд нутаг буцаж, сумын багшид найдалгүй өөрөө хүүхэдтэйгээ давхар “ажиллах” сонголтыг хийгээд харьсан. Тэрбээр “Хүүхдийн боловсролын суурийг анхнаас нь маш сайн тавьчихвал үргэлжлүүлээд амжилттай суралцана. Гэвч ийм нөхцөл боломж суманд тааруу. Үүнийг дагаад миний хүүхэд ирээдүйд бусад хүүхэдтэй өрсөлдөж, нийгэмд байр сууриа олох боломж хязгаарлагдаж байгаад би их санаа зовдог” хэмээн ярьсан.

Үнэхээр ч Монгол Улсын иргэн хаана сурч байгаагаас үл хамаарч чанартай боловсрол эзэмших эрхтэй ч нийслэлийн захын гэр хороолол, эсвэл суманд аж төрснийхөө төлөө ялгаатай, шоовдорлогдсон байдалд өртөж буй нь боловсролын салбарт үүсээд буй хамгийн том эмгэнэл юм.

Хөдөө орон нутагт багшлах сонирхолтой хүн цөөн. Яагаад гэвэл тэнд байр сууцтай болох, цалин мөнгө нэмүү байх асуудал хүндрэлтэй. Энэ талаар Төв аймгийн Угтаалцайдам сумын бага ангийн багш Д.Ариунжаргал “Сумын багшийн цалин орлого маш муу. Бид хотын багш нар шиг давтлага өгөх, сургалт хичээллүүлэх зэргээр нэмэлт орлого олж чаддаггүй. Зээл авч амьдралаа болгодог” хэмээн ярьсан юм. Тэр ч бүү хэл, зарим багш нийслэлийн захын гэр хороололд очиж багшлахаас халгаж байна. Автомашины түгжрэлээс эмээсэн багш нар аль болох төвийг бараадах болсон. Хот төлөвлөлт нь хүртэл ийм “шог”. Үүн дээр замбараагүй газар олголтыг нэмж дурдъя. Жишээ нь уг нийтлэлийг бичигч миний бие амьдарч буй Хан-Уул дүүрэг, хүмүүсийн нэрлэж заншсанаар “Эрэл” орчмын хороолол хотхон улсын сургуульгүй. Баръя гэсэн ч газар байхгүй. Дүүргийн ИТХ-ын дарга нь газар байхгүй тул төсөв мөнгө нь байгаа ч яах ч аргагүй хэмээн толгой сэгсэрдэг.
Боловсролын чанар ялгаатай, хүртээмжгүй байдал нийгэмд маш том зөрүүг авчирч байна. Үүний нэг жишээ бол Боловсролын зээлийн сангаас түмний хүүхэд бус дарга нарын хүүхдүүд дэмжлэг аваад дууссан гэх маргаан, зэвүүцэл, талцал юм. Гэтэл яг нарийн хөөхөөр эцэг, эхчүүд хүүхдийнхээ боловсролд мөнгө зарж, хувийн сургуульд сургаж, англи хэлийг багаас нь эзэмшүүлснээр тэтгэлгийн шалгуурыг нь хангаад боломж эдлээд явчихсан. Харин сурах боломж нөхцөл сайн хангагдаагүй, гол суурь болсон англи хэлийг дорвитой эзэмшиж чадаагүй хүүхдүүд сугараад үлдсэн байдаг. Өөрөөр хэлбэл, төр боловсролын хүртээмжийг чанартай байлгах тал дээр үүргээ муу гүйцэтгэсэн учраас ийм ялгаатай байдал үүсэж, нийгмийг хуваагдал руу хүргэх хэмжээний эрсдэлийг авчирч байна. Өнөөдөр сумын болон хотын төвийн сургуулийн дунд ангийн хоёр сурагчийг зэрэгцүүлж суулгаад сурах нөхцөл боломж, сургалтын чанарыг нь тоочиж асуувал тэнгэр, газар шиг ялгаа харагдана. Цаашлаад ирээдүйн төсөөлөл ч ялгаатай зураглагдана.

Чадварлаг хүний нөөц тулгамдсан асуудал боллоо

Улмаар боловсролын чанар хүртээмжтэй бус байгаа нь хөдөлмөрийн зах зээлийг доголдуулж, улс орны эдийн засгийг тогтвортой өсгөхөд томоохон бэрхшээл болж байна. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан “Ирэх дөрвөн жилд Засгийн газраас 14 мега төсөл эхлүүлэхээр төлөвлөсөн. Үүнд хамгийн их тулгамдсан бэрхшээл нь хүний нөөцийн дутагдал” хэмээн Монголын хөдөлмөрийн зах зээлийн 2024 оны дээд хэмжээний чуулга уулзалтын үеэр хэлсэн. Мөн МҮХАҮТ-ын сүүлийн 3-4 жилийн судалгаагаар компаниудын өмнө тулгарсан хамгийн том бэрхшээл нь чадварлаг хүний нөөц дутагдах болсон гэх дүгнэлт гарсан. Өндөр мэдлэг боловсрол эзэмшсэн, ур чадвар сайтай залуус төгсөн гарч, олон улсад боловсорч, хөдөлмөрийн зах зээлд хувь нэмрээ оруулж байгаа ч тоо нь хангалттай биш байна. Тодруулбал, нөгөө талд их, дээд сургууль төгссөн хэдий ч ажил олгогчийн шалгуурыг хангах хэмжээний туршлага, мэдлэгийг хуримтлуулаагүй дээрхээс ч олон залуу байгаа нь бэрхшээлийг тарьж байна. Өөрөөр хэлбэл, ажиллах хүчний нөөц байгаад байдаг. Гэвч ур чадвар, мэргэшсэн байдал, төлөвшил зэрэг нь гологдоод байдаг. Боловсролын энэ харьцангуй байдал нь төрөөс хүнээ хөгжүүлэх цогц, тогтвортой бодлого үгүйлэгдсээр ирсний гэрч юм.
Уг нь олон улсад хүнээ хөгжүүлэх асуудлыг онцгойлон анхаарч, энэ нь улс орны эдийн засгаа тогтвортой өсгөх гол суурь болж өгдөг. Үүний нэг жишээ бол Сингапур улс.

Сингапур улсад ерөнхий боловсролын болон их сургуульд суралцаж, улмаар бизнесийн салбарт амжилттай ажиллаж байгаад ирж дэлхийгээс шүүрсэн мэдлэг, туршлагаа улс орныхоо хөгжлийн төлөө зориулж яваа Б.Тэмүүлэнтэй ярилцсан юм.

Тэрбээр “Сингапурт боловсролыг маш системтэй олгодог. Сингапур хүн ийм байх ёстой гэсэн замын зураглалыг нь боловсролын системээр бий болгоод өгчихсөн байдаг гэж ойлгож болно. Сургуулийн өмнөх боловсролд тоо бодож, үсэг үзэх гэхээс илүү сингапур хүн ямар байх тал дээр анхаарсан байдаг. Бие биеэ хүндэлдэг, хог хаядаггүй гэх мэт. Дунд сургуулиас ур чадвар буюу тоо бодлоо гэхэд хүрээлэн буй орчин, нийгмийн асуудалтай нь холбох байдлаар явдаг. Ахлах анги руу ороод ирэхээр мэргэжил рүү нь хандуулсан сургалтын хөтөлбөрийг судалдаг. Энэ мэтээр ерөөсөө сингапур хүн гэж ямар шалгуур, түвшинд хүрсэн байх ёстой, үүний тулд хэрхэн өсөж хөгжих замыг тодорхой болгоод шат шатанд нь хөгжүүлээд явчихдаг. Ингээд боловсрол мэдлэг, ёс зүй, сахилга бат, зорилго тэмүүлэл, эх оронч байдал зэрэг бүх л зүйлээрээ бэлтгэгдсэн боловсон хүчин хөдөлмөрийн зах зээл дээр маш хүчтэй өрсөлдөгч болж гарч ирнэ гэсэн үг” хэмээн ярьсан.
Эндээс боловсролыг хүртээмжтэй, жигд, чанартай олгох нь улс орны хөгжилд асар чухал үүрэгтэй болохыг харж болно. Оюуны чадамж, бүтээмж, орлого зэрэг олон үзүүлэлтээр сингапур хүн дэлхийд тэргүүлж байна. Монголоос 2000 дахин жижиг газар нутагтай, байгалийн баялаггүй, цэвэр усаа гаднаас авдаг энэ улс сул талаа хүнээ хөгжүүлснээр нөхөж чадсан. Өнөөдөр Сингапур улс асар өндөр нэмүү өртөг шингэсэн чип тэргүүтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг базаж байна.

Боловсролын чанарыг сайжруулахын тулд багшаа дэмжихээс эхэлнэ

Орон нутгийн сонгуулийн нээлтийн үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ирэх дөрвөн жилд нийслэлд 30 орчим их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтыг засгаас хийх тухай илэрхийлсэн. Өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд нийслэлд нийт дүнгээр 10 гаруй их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байдаг аж. Тэгвэл үүнийг бараг гурав нугалсантай дүйх хөрөнгө оруулалтыг дөрөвхөн жилд нийслэл рүү “цутгана” гэхээр асар их бүтээн байгуулалт, “мега” төслүүд хэрэгжих нь ээ. Мөн алсын хараа зорилтыг биелүүлэх томоохон төлөвлөлтүүдийг хийсэн байгаа. Гэтэл энэ бүхнийг гардаж хийх хүүхэд, залуусыг хөгжүүлэх, чадварлаг боловсон хүчин болж бойжуулах бодлогын алхам хойш чангаасаар байна. Хүн хөгжиж байж улс дэвжинэ. Хүнээ хөгжүүлэхийн тулд боловсролын салбараа тэтгэх учиртай. Энэ нь зөвхөн сургууль, цэцэрлэг зэрэг барилга байгууламж барих асуудал биш юм. Хамгийн эхний асуудал бол багшаа дэмжих, багшлах боловсон хүчнээ бэлтгэх бодлого чухлаар тавигдаж байна. Одоо сох дутаж байгаа 4000 багшийг нөхөх, цаашлаад ирээдүйд бий болох эрэлт 20 мянган багшийг бэлдэх хэрэгтэй. Ингэхдээ болсон болоогүй диплом өвөртлүүлэх бус чанартай, сэтгэлтэй, ур чадвартай багшийг төрүүлэн гаргаж, түгээх учиртай. Хүүхдүүд ид сурч боловсрох насан дээрээ математикийн багш байхгүй гэх шалтгаанаар тэр цагийг “цонхолж”, “онгоц буудаж” өнгөрүүлнэ гэдэг асар эмгэнэлтэй зүйл юм.

Энэ байдлыг засах эхний алхам бол өнгөрсөн онд батлагдсан Боловсролын багц хуульд тусгагдсан бодлогын алхмуудыг төсөвт үе шаттай суулгах явдал билээ. Тухайлбал, суманд багшлахаар очсон бол 40 хувийн цалингийн нэмэгдэл олгохоор хуульд тусгасан. Өөрөөр хэлбэл, багшийн дундаж цалин 1.4 сая төгрөг бол суманд багшилснаар нэмэгдлээ авч, 2 сая төгрөг гаргаад авна гэсэн үг. Энэ урамшууллыг төсөвт жил бүр хадгалах учиртай. Хоёрдугаарт, орон нутагт багшлахаар очих бол орон сууцны урьдчилгаа төлбөрийг төрөөс дэмжихээр тусгасан. Ингэхдээ жил бүр нийт багш нарыг 5 хувийг уг хөнгөлөлтөд хамруулахаар төсөвт тусгахаар тооцсон. Уг зохицуулалт төсөвт суух ёстой. Үүнээс гадна таван жил тутам авдаг урамшууллыг гурван жил болгож татах зэргээр эдийн засгийн хувьд дэмжиж, үүний үр дүнд орон нутагт багш нарын хүртээмжийг нэмэх, багшийн чанарыг сайжруулах зохицуулалтууд төсвөөр дамжиж хэрэгжихээр хуульчилсан билээ. Нэгэнт баталсан уг хуулиа төсөвтөө шингээж хэрэгжүүлэх учиртай. Чанартай багшлах боловсон хүчнээр сургуулиудыг хангахаас боловсролын салбарын шинэчлэл эхэлнэ.

Г.БАТЗОРИГ

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.