Ирэх оны төсвийн алдагдлыг 1,4 их наядаар бууруулжээ

14 цагийн өмнө slider


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавьж, УИХ хүлээж авснаар Засгийн газраас төсвөө дахин өргөн барихаар болсон. Тэгвэл Засгийн газар өнөөдөр /2024.12.04/ хуралдаж, 2025 оны төсвийн зарлагыг танаж, дахин өргөн барихад бэлэн болж. Ингэхдээ төсвийн зарлагаас 1,4 их наяд төгрөгийг бууруулж өргөн барьсан байна.

Тодруулбал, дахин өргөн барих 2025 оны төсөвт алдагдлыг 1.4 их наядаар бууруулж, Хавдрын эмнэлгийн барилгын дэд бүтцэд 7.9 тэрбумыг нэмж тавьжээ.

Шинээр өргөн мэдүүлэх төсөлд олон нийтийн шүүмжлэлийг дагуулсан “соёлын ваучер”, идэвхтэй амьдралын хэвшлийг дэмжих, сургалт, семинарын зэрэг зардлыг танаж, сайд нарын багцыг бууруулсан байна. Мөн кино урлаг дэмжих зардал, тээврийн үйлчилгээ, эрүүл идэвхтэй амьдрал, зөвлөл, хороо, комиссын гишүүдийн ажлын хөлс, соёлын бүтээлч үйлдвэрлэл, бусад зориулалт, арга хэмжээг хасаж, тавилга авах зардлыг 100 хувь, багаж, техник хэрэгсэл, дотоод томилолт, бичиг хэрэг, хичээл үйлдвэрлэлийн дадлага, гадаад томилолт, тээвэр шатахуун зэргийн зардлыг 50 хувиар буруулахаар тооцоолсон аж.

Харин хүүхдийн мөнгөн тэтгэмжийн 1.6 их наяд, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2.3 их наяд, Нийгмийн даатгалын сангийн 5.9 их наяд, хүүгийн төлбөр 1.3 их наяд, цалингийн суурь 5.4 их наяд төгрөг зэрэг 17 их наяд төгрөгийн зардлыг хөндөөгүй юм байна.

Өнөөдрийн онч үг

18 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.