Г.Отгонжаргал: Трихомониаз өвчний шинж тэмдэг бэлгийн харилцаанд орсноос 5-15 хоногийн дараа илэрдэг

2024-02-1 Эрүүл мэнд

 

ХӨСҮТ-ийн БЗДХ, ХДХВ/ДОХ тандалт, судалгааны албаны их эмч Г.Отгонжаргал трихомониаз гэх бэлгийн замын халдварт өвчний талаар зөвлөгөө, мэдээлэл өглөө.

Тэрбээр “Трихомониаз гэдэг нь трихомониаз вагенализ гэдэг эгэл биетнээр үүсгэгддэг бэлгийн замын халдварт өвчин. Халдвартай хүнтай хамгаалалтгүй бэлгийн харилцаанд орсноос 5-15 хоногийн дараа шинж тэмдэг илэрдэг. Эрэгтэй хүнд шинж тэмдэггүй илэрдэг. Зарим тохиолдолд бэлэг эрхтэн хорсох, ялгадас гарах бэлгийн харилцааны дараа эмзэглэх зэрэг шинж тэмдэг илэрч болдог. Эмэгтэйчүүдэд үтрээнээс шаргал, ногоон өнгийн эвгүй үнэртэй ялгадас гарах, их ялгадас гарснаас болж цавь болон бэлэг эрхтний уруул шархлах зовууртай тохиолдол илэрдэг.

Архагших юм бол эрэгтэйд төмсөг, түрүү булчирхайг үрэвсүүлдэг. Эмэгтэйд умай, умайн гуурс, цаашлаад үргүйдэлд хүргэх аюултай.

Дээрх шинж тэмдэгтэй хүмүүст шинжилгээ хийгээд мазокийн шинжилгээгээр трихомонизын халдвар илэрдэг. Үүнд үндэслэн эмчилгээнд оруулах шаардлагатай. Эмчлэх хугацаа 7-10 хоног. Эмчилгээ хийж дууссанаас хойш 14 хоногийн дараа дахин шинжилгээ өгч эмчлэгдсэн үгүйг тодотгох шаардлагатай, бүрэн эмчлэгддэг өвчин. Гэвч дур мэдэн найзаасаа эсвэл эмзүйчээс, эмийн сангаас асууж эмчилгээ авснаас болоод архагшуулах тохиолдол бий.

Харин жирэмсэн байхдаа халдвар авбал бага жинтэй төрөх дутуу төрөх эрсдэл үүсдэг. Бэлгийн замын халдварт өвчин нь дархлаа тогтдоггүй тул хэдэн ч удаа өвдөж болно. Хэрэв та бэлгийн замын халдварт өвчнөөр өвдөх юм бол хамтрагчтайгаа хамт эмчилгээ хийлгээрэй. Халдвар авахгүй тулд тохиолдлын бэлгийн харилцаанд орохгүй байж, заавал бэлгэвч хэрэглэж өөрийгөө болон бусдыг эрсдэлд оруулахгүй байх хэрэгтэй” гэлээ.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.