Хүүхдэдээ үүрэг хариуцлага суулгамаар байна уу

2017-06-17 Гэр бүл

Хүүхэд гэрийн ажил сайн хийдэг бол хариуцлага үүрэх чадвартай болохын зэрэгцээ бусдыг хүндэтгэдэг, өөртөө итгэлтэй хүн болон төлөвшдөг. Энэ талаар танд тустай дараах зөвлөгөөг хүргэж байна. Хүүхдэдээ ажил өгөхөөсөө өмнө уг ажил нь түүнд тохирсон эсэхийг сайтар бодолцож үзэх хэрэгтэй. Насанд нь тохирсон ажил оноох нь хамгаас чухал. Дааж давшгүй хэцүү ажил өгөх нь хүүхдэд тус дэм болохгүй харин ч хор хөнөөл учруулна.

Хүүхдэд хоёр настайгаас нь багахан хэмжээний өчүүхэн үүрэг өгч эхэлж болно. Жишээ нь, тоглож дуусаад тоглоомоо хураах гэх мэт… Хүүхэд өөрт оноосон ажлыг сайн хийж гүйцэтгэхэд эцэг эхчүүд, асран хамгаалагчийн тусламж дэмжлэг, зоригжуулалт, урамшуулах үг хэрэгтэй. Хүүхэд өөрөө үүнийг хийхийн тулд зайлшгүй түүний тусламж хэрэгтэй байгааг мэдэрч, хийснийхээ дараа урамшуулсан үг сонсоно гэдгээ мэдэж байх нь чухал.

ХАМГИЙН ЭХНИЙ АЛХАМ:

Түүнд зам зааж өг. Ганц удаа хэлээд л хүүхэд тань тэр ажлыг хийчихнэ гэж бүү сана. Энэ бол маш их тэвчээр шаардсан ажил. Ихэвчлэн хүүхдүүд эмх замбараагүй өрөөг цэвэрлэх гэж хаанаас эхлэхээ мэдэхгүй итгэл алдардаг. Хүүхэд хэр жаахан байна, төдий чинээ жижиг ажил үүргийг түүнд даалгах хэрэгтэй. Түүнд тохирсон, хийж чадахаар ажлыг даатгавал хүүхэд хийж чадсандаа урамшин, цаашид ажил хийх урам зориг нь ихээр нэмэгддэг. Хүүхдээ дэмж, түүнд яаж хийх арга замыг зааж өг, түүнтэй хамтран хийж эхэл. Угаасаа хүүхэд өөрөө таны хийж байгааг үлгэрлэн дуурайх болно. Тиймээс хүүхдэд гэрийн ажлыг хийх ёстой ажил хэмээн тулгахын оронд хийсэн хойно нь түүнийг магтан урамшуулж бай.

Та хүүхдэдээ өөрийн хариуцлагыг ухаарах хүртэл нь түүнд хийх ёстой зүйлсийг нь сануулж, хийсэн хойно нь заавал шалгаж бай.

Хүүхдээсээ урмын, магтаалын үгийг бүү харамла. Энэ нь түүнийг эрхлүүлэхгүй, улам бүр урамшуулах болно. Үргэлж давтан хийсэн үүрэгт ажил нь цаг хугацааны туршид хүүхдэд дадал болдог. Хэсэг хугацааны дараа тэр ажлыг хийхэд хүүхдэд улам бүр амар болно. Нас нь ахих тусам хүүхэд дуртай, дургүй ажлаа мэдэж, уг үүрэгт ажлуудыг тэнцвэртэйгээр ашиглаж сурна. Хэрвээ ах, дүүтэй бол оноож буй ажлаа байнга ээлжлэн өгөх хэрэгтэй. Ингэснээр хүүхэд бүр нөгөө хүүхдийн хийдэг ажлыг бас хийдэг болно. Аажим аажмаар хүүхдэдээ оноож буй ажлаа бага багаар хүндрүүл. Ингэвэл хүүхэд үүрэгт ажлаасаа залхахгүй, өөртөө итгэх итгэл нь улам үр нэмэгдэнэ.

ГЭРИЙН АЖИЛ ХИЙХ НЬ ХҮҮХДЭД ЯМАР ТУСТАЙ ВЭ?

• Өөрийн авьяас чадвараа тэнцүү хуваарилж сурна. Жишээ нь: “Нэг өдөр өөрийгөө олон ажлаар дарахгүй байя”

• Цагийг зөв хуваарилж сурна. “Даваа гарагт давтлагатай учраас өрөөгөө цэвэрлэх хангалттай цаг байхгүй юм байна. Тиймээс өөр нэг боломжтой өдрөө өрөө цэвэрлэх хуваарийг тавья” гэх мэтээр …

• Гэрээ цэвэрлэх, эмхлэн цэгцлэх, гэрийн тэжээмэл амьтныг хооллон тэжээх, талх авах гэх мэтийн үүргийг бие даан хийж сурна.

• Өөрийгөө удирдан захирч сурна. “Би үүнийг хийхийг хүсэхгүй байгаа ч гэлээ, хийх ёстой” Ийм аргаар хүүхдэд үүрэгт ажлаа биелүүлэх, хариуцлага хүлээх чадвараа хөгжүүлэхэд нь бид туслах боломжтой. Гэвч хүүхдээ урамшуулан шагнахын тулд түүнд хэдэн жижиг бэлэг худалдан авч зэхэх хэрэгтэй. Гэхдээ хүүхдийг хийсэн ажил бүрийнхээ дараа шагнал урамшуулал хүлээх сэтгэлгээнд дасгаж болохгүй. Өөрөөр хэлбэл, үргэлж шагнаж болохгүй. Хүүхэд тань гэрийн ажлаа хийсний төлөө хэзээ ч түүнийг мөнгөөр урамшуулж болохгүй. Ингэвэл хүүхдэд маш өөр сэтгэлгээ бий болох аюултай.

Хэрвээ хүүхдийг мөнгөөр урамшуулж сургаваас илүү хүнд ажил хийгээд илүү их мөнгө нэхэх болно. Ийм тохиолдолд гэрийн ажлыг гэр бүлийн гишүүд хамтран хийх ёстой бөгөөд үүнд ямар нэгэн шагнал урамшуулал хүлээх хэрэггүй гэдгийг хүүхдэд сайтар ойлгуулах ёстой.

ТАНЫ АЖЛЫГ ХӨНГӨЛӨХ, ХҮҮХДИЙН ХИЙЖ ЧАДАХ АЖЛУУД:

•Өөрийн орыг хурааж, өрөөгөө эмхлэх

•Хоолны ширээг засаж, хооллосны дараа цэвэрлэж хураах

• Тоос арчих, хог шүүрдэх

• Цэцэг услах, гэрийн тэжээмэл амьтан арчлах

• Угаасан хувцас дэлгэж хатаах

• Хоол хийхэд туслах

  • Тоглоомоо хураах

 

Өнөөдрийн онч үг

15 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.