Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёльд лхагва гарагт бараалхаж, талууд газрын ховор элемент, дэд бүтцийн хөгжил зэрэг олон салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр тохиролцлоо гэж төрийн тэргүүний ажлын албанаас мэдээлэв.
Юн Сог Ёль БНСУ-д таван өдрийн албан ёсны айлчлал хийж буй Л.Оюун-Эрдэнэтэй Сөүл хот дахь ерөнхийлөгчийн өргөөнд хэлэлцээ хийсэн гэж Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Ли До Ун мэдээлжээ.
Хэлэлцээ хийх үеэрээ Юн Сог Ёль, хоёр улс 1990 онд дипломат харилцаа тогтоосноосоо хойш олон салбарт харилцаагаа өргөжүүлсээр ирснийг тэмдэглэлээ.
Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн гараар бичсэн захидлыг БНСУ-ын Ерөнхийлөгчид гардуулан өгсөн бөгөөд захидалд Дэлхийн экспог 2030 онд өмнөд нутгийн Бусан хотдоо зохион байгуулах БНСУ-ын хүсэлтийг Монгол Улс дэмжиж байгааг илэрхийлжээ.
Үүний хариуд Юн Сог Ёль хэлэхдээ, энэхүү экспог зохион байгуулах нь ард түмэн хоорондын харилцааг бэхжүүлээд зогсохгүй эдийн засаг, аялал жуулчлал, соёл урлаг зэрэг олон салбарт хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ гэдгийг онцлов.
Мөн Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин нар хэлэлцээ хийсэн талаар тус улсын Гадаад хэргийн яам мэдээлжээ. Б.Батцэцэг Монголын Засгийн газар Дэлхийн экспог зохион байгуулах Сөүлийн хүсэлтийг дэмжиж байгааг уламжилсан байна.
Сөүл хот дахь Гадаад хэргийн яамны байранд болсон хэлэлцээний үеэр Пак Жин хүсэлтийг нь дэмжиж байгаад талархал илэрхийлээд, энэхүү үйл ажиллагаа нь Сөүлийн Засгийн газарт уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хариу арга хэмжээ авах, хамтын хөгжлийн талаарх үзэл санаагаа олон улсын хамтын нийгэмлэгтэй хуваалцах талбар болно гэдгийг тэмдэглэлээ.
Хоёр орны Гадаад хэргийн сайд нар мөн НҮБ зэрэг олон улсын тавцанд харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлэх талаар санал бодлоо солилцжээ. Пак Жинийг Монгол Улсад өнгөрсөн наймдугаар сард айлчилснаас зургаан сар орчмын дараа энэхүү уулзалт боллоо.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87367
30409
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.