ОХУ-ын Онцгой байдлын яамнаас ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг Улсын Элиста хотноо 2021 оны 10 дугаар сарын 27-29-ний өдрүүдэд зохион байгуулсан “Үйлдвэрийн осол, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, тэдгээрийн үр дагаврыг арилгах салбарт хамтран ажиллах тухай” Монгол-Оросын хамтарсан комиссын XVIII хуралдаанд Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.
Хамтарсан комиссын хуралдааны Оросын талын төлөөлөгчдийг ОХУ-ын Онцгой байдлын дэд сайд хурандаа генерал И.П. Денисов ахалсан бол хуралдаанд ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг Улсын тэргүүн Бату Хасиков оролцов.
Хуралдааны үеэр талууд хил орчмын бүс нутгуудын хил дамнасан гамшиг, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, тооцоолох зорилгоор хоёр улсын Бүсийн төвийн Шуурхай удирдлага, зарлан мэдээлийн төвүүд хоорондын мэдээ, мэдээллийг шуурхай солилцох, ОХУ-ын Онцгой байдлын яамны боловсролын байгууллагуудад Монгол Улсын мэргэжилтнүүдийг богино хугацааны мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах, Хөвсгөл нууранд живсэн тээврийн хэрэгсэлүүдийг гаргах, нуурыг цэвэрлэх, усны гүнийн хамтарсан сургууль дадлагыг жил бүр зохион байгуулах талаар тохиролцож, Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газар, Оросын Холбооны Улсын Иргэний хамгаалалт, онцгой байдал, тэдгээрийн хор уршгийг арилгах яам хоорондын 2022-2023 оны хамтын ажиллагааны төлөвлөгөөг баталлаа.
Түүнчлэн хамтарсан комиссын XIX хуралдааныг 2023 онд Монгол Улсад зохион байгуулахаар тогтлоо.
Мөн монголын талын төлөөлөгчдийг ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг Улсын тэргүүн Бату Хасиков хүлээн авч уулзаж, Монгол, Оросын гамшгаас хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
87365
30395
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.