Нэг ширхэг сонирхолтой хүн

2021-02-9 Нийгэм

Уран бүтээлч, орчуулагч Х.Эрдэмбилэг Федор Михайлович Достоевскийн “Доод хонгилоос гарсан тэмдэглэл” хэмээх алдартай бүтээлийг орчуулжээ. Зохиол бичдэг, орчуулдаг энэ “номын” залуу бас тулааны урлаг заадаг тун сонирхолтой нөхөр аж. Тэгээд түүнтэй ярилцлаа.

-Агуу их Достоевскийг хэр баргийн орчуулагч барьж авахгүй шүү. Энэ талаар ярилцлагаа эхлэх үү?

-За баярлалаа. Үнэхээр агуу их зохиолч болохыг нь ойлголоо. Оюутан байхдаа сонссон л доо. Харин энэ зохиолыг нь санамсаргүй шахам барьж авсан. Гэхдээ бас үйлийн үр ч юм уу? Би “Гэмт хэрэг ба шийтгэл” гэдэг Достоевскийн романыг орос эхтэй нь харьцуулан уншиж англи хэл сурч байсан. Тэр ном одоо ч надад бий, сонингоор хавтаслаж нэлээн халтартуулсан байна лээ. Аав маань бурхан болооч Мэргэн гуайгаас “Англи хэл сурах ямар арга байна вэ?” гэж асуусан чинь “Ном л бариад авах хэрэгтэй” гэсэн гэнэ билээ. Тэгээд л ном бариад авсан маань тэр. Тэр үйлийн үр боловсорсон байх. Нэг шалтгаан маань энэ… Харин “хэр баргийн орчуулагч Достоевскийг орчуулахгүй” гэж хоёр дахь хүнээсээ сонслоо. Аав нэрт орчуулагч Нэргүй ахад миний тухай дуулгахад “Ямар зоригтой хүүхэд вэ?! Хэр баргийн хүн Достоевскийг барьж авдаггүй юм даа” гэсэн гэнэ билээ. Баярлаж л байлаа. Тийм мундаг орчуулагч тэгж хэлж байгаа болохоор тийм л болж таарах нь дээ.

-Нөгөө шалтгаан нь юу билээ?

-Барууны уран зохиолыг сонирхогчдод хэрэг болох юм болов уу гэж бодсон. Ялангуяа модернизмыг судалъя гэвэл энэ зохиолоос эхлэхэд алзахгүй, суурь нь болж чадна. Ямар сайндаа “Хорьдугаар зууны модернизмын эцэг” Жеймс Жойс “Достоевский бол орчин цагийн үргэлжилсэн үгийн зохиолыг буй болгоход хамгийн их нөлөөлсөн хүн” гэж хэлэх вэ дээ. Бас европын гүн ухааныг энэ зохиолоос эхлээд барагцаалаад авч болмоор санагдаад байгаа юм. Бас мэндэлснийх нь 200 жилийн ой 2021 онд болно.

-Достоевскийг монголчууд “Гэм зэм”, “Дорд үзэгдэгсэд”, “Карамазовын хөвгүүд”-ээр нь мэддэг гэхэд хилсдэхгүй. Та орчуулсан зохиолынхоо тухай яриач…

-Тийм шүү. Оюутан байхдаа “Дорд үзэгдэгсэд”-ийг Амар гуайн орчуулгаар уншсан. “Гэм зэм”-ийг социализмын үед орчуулсан ч ер нь олддоггүй байсан. Харин саяхнаас “Гэмт хэрэг ба шийтгэл” гэж дахин орчуулсан байна лээ. Ер нь саяхнаас л том романууд нь орчуулагдлаа. Сонин санагдаад байдаг юм. Максим Горькийн зөвлөсөн “идэвхтэй зарчим”-д нийцээгүй юм болов уу. Түүний агуу таван романыг (великое пятикнижие гэдэг дээ) зөв ойлгоё гэвэл Доод хонгилыг үзэх хэрэгтэй. Нимгэн хэрнээ яг нэг үгээр тухайлах хэцүү ном л доо. Бүгдийг ажиглагч, хянагч, би-д баригдсан нэг нөхрийн бодол эргэцүүлэл бас түүний дурсамж байдаг. Тэгээд олон давхар бичилттэй. Судлаачдын хэлснээр бол Достоевскийн цөм зохиол, уран бүтээлийнх нь оргилийн үеийн эхлэл гэдэг. Тэгэхээр олон талтай байх нь аргагүй байх. Агуу романуудынх нь оршил ч гэдэг. Харин минийхээр зүгээр нэг оршил бус харин тусдаа нэг оргил нь юм уу даа. Эхлээд үзэл бодлоо нэг багцалж аваад, дараа нь тэрнийгээ дэлгэрүүлж, хоёр туйлыг нь харуулсан юм шиг байгаа юм. Достоевский энэ зохиолоо “цайны ханд” шиг таван романдаа ашиглажээ. Хожим хэрэглэсэн арга техникүүд нь энэ зохиолд бий. Жишээ нь нэгдүгээр бүлгийн өөртэйгээ ярьсан мэдэмхийрэгчийн яриа үйл явдалгүй атлаа дотоод тэсрэлттэй. Уншихаасаа сонсоход амархан. Тэр нь хар яриагаар бичигдсэнд бас би баатрын дуу хоолойг тод томруун гаргасанд байдаг юм болов уу. Үүгээрээ баруунд зохиол бичих хүний заавал унших ёстой зохиолын нэг болдог юм билээ. Европын соёлоос гарсан “би шинжлэл”-ийн хамгийн гүн анализ энэ бүлэгт байдаг тул хайхрамжгүй үзэж болохгүй. Өнөөгийн дэлхийг хөдөлгөж байгаа олон үзэл бодлуудыг тоймолсон ч гэж бас хэлж болно. Харин хоёрдугаар бүлэг үйл явдалтай, нүдэнд яг л кино шиг үзэгдээд өнгөрнө. Энэ техник нь бас л орчин цагийн уран зохиолын нэг шинж болсон шүү дээ. Товчхондоо, олон давхар бичилттэй болохоор хүн бүр өөрийнхөөрөө ойлгох байх. Минийхээр бол хайр сэтгэлийн тухай агуу зохиол. Янхнаас долоон дор их мэдэгч эсрэг баатрын хайр сэтгэлийн тухай зохиол гэвэл болох байх. Эсхүл бодоод бодоод бодын шийр дөрөв гээд орхиж чаддаггүй өрөнд унасан хятад шиг хүмүүсийн тухай зохиол ч юм уу? Номонд бас тайлбар зүүлт байгаа.

-Орчуулга бол тун чимхлүүр ажил. Хэр хугацаанд орчуулав?

-Орчуулга чимхлүүр ажил гэдэг үнэхээр үнэн шүү. Нүдэндээ хайргүй л хүний ажил даа (инээв). Гэхдээ Мишигийн Цэдэндоржийн хэлсэн шиг орчуулга хийхэд хүртэл онгод хэрэгтэй. Энэ хоёрыг хослуулах шаардлагатай. Тэгэхдээ би “монголчлох”, “чөлөөт орчуулга” гэдэг хоёр үгнээс болгоомжилдог. “Адгийн новшнуудын эцсийн оромж нь эх оронч үзэл байдаг” гэж Достоевский хэлсэн шиг муруй хазгай орчуулга хийчхээд чөлөөт орчуулга гэж яриад сууж байхгүй юмсан гэж боддог юм. Орчуулга эх бичвэртэйгээ ижил байх ёстойг манайхан жаахан умартчихаад байна… Хугацааны хувьд гэвэл хурдан ч хийж болохоор байлаа. Гэхдээ хэн нэгэн надад хугацаа заагаагүй болохоор барин тавин л хийлээ. Эхэндээ толь бичгээс харж жинхэнэ чимхлүүр ажлыг нугалсан. Дараа нь баатрынхаа дүрд бараг орох шахан ая дан, өнгийг нь тохируулах гэж үзлээ. Достоевскийн хамгийн хэцүү бичигдсэн зохиолуудын нэг юм байна билээ. Бичих үед амьдрал нь ч хэцүү байж. Ширээн дээр тавьсан эхнэрийнхээ цогцсын хажууд бичсэн гэж сонссон. Доод хонгилын хүний арьсанд орж байгаад үгээ хэлэн байж бичсэн гэдэг. Тиймээс ямар бичлэг байх нь ойлгомжтой биз дээ? Тийм агуу амьтныг зовоосон гэж бодохоор яавч хүүхдийн тоглоом биш байж таарна. Тэргүүн бүлгийг орчуулчхаад нэлээн удаан орхичихсон. Ажил, амьдрал ч зав өгсөнгүй. Хоёрдугаар бүлгийг өнгөрсөн намар, өвөл орчууллаа. Дунд нь бас л орхисон. Бодвол шингээх ёстой байсан юм байлгүй. Харин энэ зунжингаа юүтүүбээс англи, оросоор нь сонсож байгаад тулгалаа даа. Хэл сурах залууст хэрэгтэй орчуулга шиг боллоо. Хоёр англи орчуулгаар би өөрийнхийгөө бас нягталлаа. Дутахгүй л юм шиг санагдаад байгаа.

-Оросоос орчуулаад англиар шалгасан хэрэг үү?

-Тийм ээ. Ер нь би нэг аргатай болоод байгаа. Англиас орчуулахдаа оросоор, оросоос орчуулахдаа англиар хардаг. Хялбар болдог. Европын рационализм, романтизм, утопи, социализм гэх мэт, гэх зэргийг гадарлаж байж доод хонгилын хүний монологийг илүү ойлгох байх. “Саруул ухаан”, “ухамсар” гэх зэрэг үгсийг ойлгох ер нь хэцүү байсан. Гэхдээ би Буддын шашны ухагдахуунуудаас л яг юуг хэлээд байгааг нь жаахан гадарласан шүү. Достоевский үнэхээр төрчихсөн зохиолч байжээ. Шал ондоо соёл шашны ухагдахуунтай хүртэл нийцэж байна гэдэг л ёстой л сонгодог зохиолын л шинж байх даа. Тэр үед Европод Буддын шашны талаар бүрэн ойлголт байгаагүй. Бүдүүлгүүдийн л шашин гэсэн ойлголттой байсан шүү дээ. Лев Толстойн “Карма” гэдэг үгүүллэг бий л дээ. Гэхдээ европчууд буруу хазгай ойлгодог байсан цаг. Хорьдугаар зуунд төвөдүүд хөөгдөж очоод заасан. Тэгэхээр Достоевский үнэхээр төрсөн психолог байсан байгаа юм. Гэхдээ мань хашир “Би психолог биш жинхэнэ реалист зохиолч” гэдэг байсан. Европын сэтгэл судлал дөнгөж л хөгжиж байхад бичсэн гэхээр гайхмаар. Хожим нь Фредрих Ницше хүртэл Доод хонгилыг уншиж, онгодоо хөглөж байжээ. Тэгэхээр европын сэтгэл судлалыг бас хөгжүүлсэн зохиол гэхэд болох байх. Тэгээд тэр үү, сэтгэл судлаачид заавал унших ёстой зохиол гэдэг юм байна лээ.

-“Саруул ухаан”, “ухамсар”-ынхаа талаар жаахан тайлбарлаач?..

-Монгол хэлний “сэтгэл” гэдэг үг маш олон утгатай ажээ. Харин орос, англи хэлэнд ийм өргөн утгатай үг байдаггүй юм байна. Энэ талаар орос, англи хэлтнүүд Буддын шашны сургаал орчуулахдаа их ярьж байна. Дуалистик буюу салаа (хоёрдмол) шинжтэй европ хэлэнд дорнын хэлэнд байдаг сэтгэл гэдэг шиг утгатай үг байхгүй гэцгээжээ. Одоо ч гэсэн оросууд “сознание” гэж орчуулаад байгаа юм. Тэр нь бас дутмаг, буруу ойлгогдох магадлалтай. Би энэ үгийг Доод хонгилд “ухамсар” гэж орчуулсан. Англичууд харин “mind” гээд байгаа. Гэхдээ “Mindheart” гээд үг зохиосон гэдэг ч олны дэмжлэг аваагүй юм шиг байна. “Разум”, “сознание”, “душа”, “совесть” гэдэг үгс сэтгэл гэдэг үгтэй харьцуулбал явцуу утгатай. Үүнийг Достоевский мэдрээд миний цээжинд олноос олон “элемент” арвалзан язганадаг гэсэн байгаа юм даа. Би үүнийг нь “бодол, санаа” гэж орчуулаад алдас хийх шахсан. Бодол санаа, эмоцийг (одоо манайхны ярьдгаар) нэг үгээр илэрхийлэх боломжгүй болохоор “элемент” гэж л дээ. Хэлний ийм л хязгаарыг мэдрүүлсэн зохиол. Үнэхээр сэтгэл зүйн зохиол. “Сэтгэл ба санаа” гэдэг эргэцүүлэл дээр үед бичсэнийгээ “Миний аав Бурхан биш” гэдэг номдоо оруулсан.

-Орчуулсан хэд дэх бүтээл чинь билээ?

-“Соёлын эд зүйлсийн эгүүлэг ба буцаалт” гэдэг ном 2018 онд гаргасан. Соёлын сургууль хэвлүүлсэн. Тэр номонд олон улсын гэрээ конвенцийн эх бичвэрүүдийн орчуулга, тайлбар бас судалгаа бий. Энэ чиглэлийн анхны ном байгаа юм, уг нь. Гэтэл яамныхан жорлонд орчихсон аятай таг болчихсон. Одоо Соёлын яамтай боллоо, нэг шуугиан сонсогдох байгаа. Арай ч жорлонгийн ус шиг татчихгүй байх. Амин чухал сэдэв шүү дээ. Хаа сайгүй метал илрүүлэгчтэй доншуучлагч нар тэнэж байна шүү дээ. Чулуун сайд “Эрдэмтэн судлаачидтайгаа хамтарч ажиллана” гэсэн нь цэлмэг тэнгэрт аянга дуугарахтай адил сонсогдсон. Сайхан сонсогдсон.

– Өмнөх орчуулгуудаас чинь ямар ялгаатай, ямар онцлогтой вэ?

Ер нь би хуулийн орчуулгууд ихэвчлэн хийдэг. Сүүлд үндсэн хуулийн эрх зүйн эцэг гэгддэг Дайсигийн номноос орчуулга хийж өгсөн. Доод хонгилын онцлог гэвэл бичвэрийн тэмдэглэгээнүүдийг нь тэр чигт нь буулгах гэж оролдсон. Харин сүүлд баахан таслал хассан. Буруудав уу зөвдөв үү? Ер нь манай орчуулагч нар бичвэрийн тэмдэглэгээнүүдийг огт хайхардаггүй. Гэтэл бичвэриийн тэмдэглэгээнүүдийг хайхрахгүй байх нь эх бичвэрийн ая данг алдуулдаг юм байна. Энэ утгаараа, Достоевскийн эх бичвэртэй хамгийн ойрхон орчуулгыг мань чинь хийчих шиг боллоо гэж бодоод байгаа юм. (Инээв.) Аа нээрээ, бичвэрийн тэмдэг биш тэмдэглэгээ гэвэл зөв юм байна билээ. Догол мөр, том жижгээр бичих бас налуу болгох гээд бүгд орно.

-Зохиолыг нь орчуулахдаа судлах нь мэдээж. Бидний мэдэхгүй ямар сонирхолтой баримт байна вэ?

-Судлах хэрэгтэй гэцгээдэг. Миний арга барил жаахан ондоо. Магадгүй хугацаанд баригдсан орчуулгууд хийдгээс болсон байх. Мэдрэмждээ найдаад дуустал нь уншиж үзэлгүй шууд умбаад орчихдог талтай. Төгсгөлд нь очхоор эхэнд бүрэн ойлгоогүй байсан зүйлс ойлгомжтой болдог нь таашаалтай байдаг юм. Тэгээд ч тэр үү олноо танигдсан, ер нь жаахан барагцаалдаг, сонгодог бичлэгүүдийг орчуулахыг хүсдэг дээ. Тэр нь амар, логик алдаагүй байдаг юм. Голдуу хуулийн орчуулгууд хийсэн болохоор ийм зантай болсон байж мэднэ. Нэр томъёог нь яс буулгах гээд зүтгэнэ шүү дээ. Тэгэхэд л явцын дунд судалгаа шаарддаг. Гэхдээ олчихсон байхад амархан. Энэ утгаараа сонгодгуудыг унших илүү амархан бас амттай байдаг. Зарим хүн сонгодог гэхээр амьдралаас тасархай, ойлгоход хэцүү гэж боддог. Гэтэл сонгодог байх тусмаа амьдралтай байдаг юм шүү дээ. Доод хонгилыг орчуулж дуусаад харин нэлээн судаллаа. Интернэт дээр энэ зохиолын талаар маш олон тайлбар, судалгаа байдаг юм байна. Тэр бүх тайлбаруудтай нь миний орчуулга нийцэж байна уу гээд шалгалаа. Дажгүй шүү. Ишлэл аваад ярьсан бүх жишээ нь миний орчуулга дээр байгаа юм. Кантаас эхлээд европын гүн ухааны уламжлалыг ч бас жаахан харлаа. 2008 оны дэлхийн эдийн засгийн хямралыг Доод хонгилд яаж тааж мэдэв ээ гээд юүтүб дээр нэг нэвтрүүлэг байж байна лээ шүү. Ийм л, эдийн засагт хүртэл хамаатай зохиол байгаа юм даа (инээв). Сонирхолтой баримт гэвэл Достоевскийг амьд байхад энэ зохиол алдаршаагүй юм байна лээ. Харин Баруун Европын хэлүүд рүү орчуулсны дараа л шуугиж эхэлсэн бололтой. Кафка, Камью, Сартр гээд дандаа уран зохиолд шинэчлэл хийсэн одууд энэ зохиолоор онгодоо хөглөдөг байжээ. “Экзистенциали́змын оршил” гэж нэрлэдэг юм байна.

-Орчуулгын багш тань хэн билээ?

-Би чинь Утга зохиолын дээд сургуулийн анхны төгсөлт шүү дээ. Цэнд-Аюуш захирлынхаа буянд социалист реализмын том толгой нараар хичээл заалгагсдын бараг сүүл нь байх. Тун сонирхолтой туршилтын туулай болсон шиг байгаа юм. Оюутан байхдаа олж хардаггүй байж. Хасбаатар гуайгаар орчуулгын онол, Шархүү багшаар гадаадын уран зохиол, Сампилдэндэв багшаар аман зохиол, Билэгсайхан, Галбаатар багш нараар бас онол заалгасан. Тэр үед манай сургуульд багшилж байсан мундагчууд цөмөөрөө миний багш. Том багш нараар хичээл заалгаснаар нэг гэм нь бусдыг үл ойшоож, голж шилэх маягийн болчихдог юм байна билээ. Өөрөө юу ч хийгээгүй байж. Бусдаараа бол ч ширээний ард сууж байгаад Алтай, Хангайн уулсыг даваад гарчихсан л байдаг юм байна. Олигтой уншаагүй атлаа тун урт замыг товчлоод туулчихдаг гэх үү дээ. Үүнийг саяхнаас л ойлгож байна. Багшийн үүрэг бол шавийнхаа замыг товчилж өгдөгт байдаг юм байна даа гэж… Аан нээрээ багш гэхээр чинь бас манайд ирдэг аавын найзууд юм байна шүү. Яриаг нь сонсоод л хажууд нь унтана. Нэрт сэтгүүлч, зохиолч Цэен-Ойдов ах “Наадах чинь хүний үг сонсоод их сонин хүүхэд байна” гэж билээ. Бас Эрнест Хемингуэйг орчуулсан Дамдинсүрэнгийн Алтанхуяг байна. Эдгээр буянтай хүмүүсийн яриаг сонсож явсан болохоор яагаад ч юм бэ орчуулагчийн хөдөлмөр “шинэ биш” санагддаг юм. Аав маань насаараа радиод орчуулга хийсэн хүн.

-Орчуулгын ямар ном уншиж өсөв?

-“Цагаан соёот” гэдэг ном багадаа уншиж байлаа. Хожим Мишигийн Цэдэндоржийн орчуулгаар Есенин (сүүлд Нэргүй ах бас орчуулсан), Хемингуэй, Уолт Уитмен зэргийг шилжилтийн насандаа уншиж байлаа. …Сергей минь, чи амьд сан бол; Сэрж хэрэв босдог сон бол; Найргийн хундага мэлтэлзүүлэн Наргин дуулж цэнгэх сэн… гээд л санаанд орж байна шүү. Тэгэхээр бас л багш минь юм даа.

-Таныг муугүй яруу найрагч гэдгийг мэдэх юм…

-Хэхэ… Баярлалаа. Аавын л нөлөө байх. 1992 оноос хойш бичсэн шүлгүүдээ цэгцлээд “Урт богино шүлгүүд” нэрийн дор гурван бүлэг болгоод багцалсныгаа өөртөө зориулаад цөөхөн тоогоор хэвлүүлчихдэг юм билүү гэж бодох юм. Гэхдээ хэвлүүлчхээр бас хайран санагдах юм. Би шүлгүүдийнхээ ард суухаараа заримдаа “транст орчихдог” юм. Сэтгэл санаа төвлөрөхгүй үед уншихаар сайхан байдаг. Яагаад тэгдгийг бүү мэд. Тийм зүйлээ ном болчхоор хайран санагдаад байгаа юм. Эргээд уншихаар засмаар санагдвал засаж чадахгүй бол шаналах байх…

-Саяхан цахим орчинд 20 настайдаа бичсэн шүлгүүдээ байршуулсан байсан…

-Тэгсэн. Бүгд 20 настай зургаа тавихаар нь би дээр үеийн шүлгүүдээ ойлгуулах нэг боломж гарлаа гэж харсан. Оюутан байхын л “20-тойдоо 20-той хүний шүлэг бичнэ, 30-тайдаа 30-тай хүний шүлэг бичнэ, 40-тэйдээ 40-тэй хүний шүлэг бичнэ” гэж бодож явлаа. Манай нэрт зохиолч Доржзовдын Энхболд ах: Яг л 20-той хүүхдийн шүлэг байна даа. Ах нь бас залуудаа хийсвэрлэж яваад Лхагвасүрэн гуайгаар “Битгий хий юм хараад бай” гэж загнуулсан гэж коммент бичсэн байна билээ. Дашрамд хэлэхэд, Энхболд ахын “Паанан” надад дэлхийн сонгодог зохиол шиг санагддаг.

-Яруу найрагчдаас хэн хэнтэй дотно харьцаатай байдаг вэ?

-Мэдээж аавтайгаа. Миний аавыг Бямбажавын Хүрэлбаатар гэдэг. Яруу найрагч, СГЗ хүн бий. Харин үеийнхэнтэйгээ төдий л ойр дотно байсангүй. Оюутан байхад шүлэг сонирхдогууд нь ганц цохиход л уначихмаар жул санагдаад, зодооныхон нь тэнэг санагдсаар багаас үерхсэн яруу найрагч бараг байхгүй шахам болчихсон юм байна лээ. Харин сүүлийн үед Намсрайн Чинзоригтой ойр байгаа. Бараг 20 жилийн дараа бид хоёр тааралдсан чинь мань хашир бас бичдэг болчхож. Гайхсан гэж…Бид хоёр багадаа каратэ хийгээд ойр дотно явлаа. Тэгсэн одоо хоёулаа тулааны урлаг заадаг бас бичдэг юм байна. Аавуудын нөлөө бас байдаг л юм байна гэж бодогдсон. Тэгээд Чинзоригийн “Онгодын цагаан хүлэг” фэйсбүүкийн грүүпэд бүтээлээ тавьдаг болсон.

-Үргэлжилсэн үгийн зохиол руу хэзээ орсон бэ?

-Би эхлээд эссе бичсэн. Англид англи хэл сурах гээд уншаад байсан чинь нэг л мэдсэн бичээд эхэлсэн. Тэр үед манайхан үзэл бодлоо интернэтээр халуухан илэрхийлдэг байсан л даа. Эхэндээ хүний дургүй хүргэсэн юм бичиж таашаал авдаг байлаа. Хүмүүс уурлаад муулах тусам баярлана. Загатнасан газар маажих шиг л болно шүү. Тэгсээр сайтууд дээр тавьдаг боллоо. Тэгээд нэг харсан ном болчихмоор санагдаад “Толбогүй монгол” гэдэг эссе нийтлэлийн ном гаргав. Бурхан болооч Сампилдэндэв гуайгаар сайхан өмнөх үг бичүүлж авч билээ. “Эрдэмбилэгийн “Толбогүй монгол”-оос авьяас билгийн очийг би олж харлаа” гэж магтуулсан. Сайхан санагддаг юм. Дараа нь “Эндүүрэл ба бусад үгүүллэгүүд” гэдэг жижиг ном гаргасныгаа Англи дахь монголчууддаа шахсан. Хамгийн ашигтай нь тэр ном маань л байлаа. Тэр үед би үгүүллэг рүү яг орчихсон байсан юм, уг нь. Суугаад л босоход нэг үгүүллэг гараас гарна. Гэтэл амьдралын жижиг сажиг зүйлд сатаараад гарчихсан чинь эргэж орох гэж дахиад арван жил болов шүү. Тэр чинь 2007 оны үе. Монголд ирснийхээ дараа 2014 онд Англид бичсэн бичлэгүүдээ нэгтгээд “Миний аав Бурхан биш” гэдэг ном хэвлүүлсэн нь одоо ч зарагдаж байгаа. Уг нь хамгийн чанартай нь даа.

-Та зодооны урлагаар яагаад хичээллэх болов?

-Багаасаа л зүгээр байж байгаад зодолчихдог хүүхэд байлаа. Чөлөөт бөх, бокс, жүдогоор явах гээд бүтээгүй. Москвад байхдаа 14-15 наснаасаа ушу, каратэгийн дугуйланд явж эхэлсэн.

-Бодвол уралдаан тэмцээнд оролцож байсан байлгүй…

-Тэр үед болдог байсан бүх тэмцээнд орж байлаа. Каратэгийн анхны тэмцээний аварга хүртэл болж байлаа. Гэхдээ дөрвөн мөчөөр цохиж, өшиглөдөг тулааны спорт дөнгөж хөгжиж байсан үе шүү дээ. Миний үеийнхэн л секц дугуйлангийн хэмжээнээс спорт болгож хөгжүүлсэн юм даа. Ганзагын наймаа хийхийн оронд “цүнх ганзагалаад” л гудамж метрлэдэг байлаа. Хэсэгхэн ч гэлээ манлайлж явсандаа баяртай байдаг.

-Шавь бий юу?

-Анх Оросоос ирээд ангийн анд, саяхан бурхан болсон Цоогийн Цасчихэрээ дагуулаад Туулын бургасанд каратэ хийж л явлаа. Цасаа бид хоёр каратэгийн анхны нээлттэй тэмцээний үзүүр түрүүнд үлдэж байлаа шүү дээ. Тэрнээс хойш үе тэнгийнхэндээ бас жаахан багачуулд заасан. Өөрөө тамирчин тэгээд бас арга техник бүрэн хөгжөөгүй спортод зүтгэхдээ мэдрэмж, зөнгөөрөө хөгжүүлж явлаа. Хэсэгтээ зүтгүүр байлаа. Энэ нь надад бодож төсөөлөх чадвар суулгасан юм шиг байгаа юм. Нэг хэсэг тасалдаж байгаад дуртай спортдоо өөрийн эрхгүй эргэж орсон. Өөрийн эрхгүй ч гэж дээ, зүгээр л буцаагаад түлхээд оруулчихдаг юм байна. Одоо гарын хэдэн шавь гаргахаар зүтгэж байна. Гэхдээ олноороо ирэхгүй, ирсэн нь гайгүй болж байгаад “эрэг шургийг нь чангалж амжаагүй байтал” алга болчих юм. Би ч бас муухай ааштай. Гэлээ гээд дуртай юм хойно ахтайгаа хамт хотын төвд клуб ажиллуулж байна. Миний ахыг хүмүүс танина даа. ОУХМ, Монгол улсын есөн удаагийн аварга Цэен-Ойдовын Даваацэрэн гэж сайхан боксчин бий. Манай Давка ах шиг уран техниктэй боксчин Монголд төрөөгүй гэцгээдэг юм байна л ээ. Кубуудыг хүртэл ангайлгадаг боксчин явсан юм шүү дээ. Бас Зайсанд нэг сайхан клуб бий. “Дэд бүтцээ” бол амьхандаа хангачихлаа. Одоо жаахан нас байна, мэдлэг, туршлага улам хуримтлагдаж байна. Дэлхийд од гаргана гэсэн амбийц өвөртлөөд л явна даа. Ер нь орчин үеийн хүүхдүүдэд бие тамирын мэдлэг их дутагдаж байна даа. Ямар ч хамаагүй спортоор бүгдийг нь хичээлүүлмээр байгаа юм. Үгүй ядаж бие тамирын хичээлийг нь чанаржуулмаар байгаа юм.

-Зодоонч, зохиолч, яруу найрагч, орчуулагч гэхээр тун сонирхолтой юм?..

-Хүмүүс тэгж их асуудаг л даа. Надад бол нэг юмны хоёр тал. Нэг нь байхгүйгээр нөгөөг нь хийж чадахгүйгээ сая л ойлголоо. Их сонин. Заримдаа тайлбарлахад ч хэцүү. Яаж тайлбарлая даа (хэсэг бодлогошров). 1996 онд байна уу даа, би “Таримал цэцэг” гэдэг шүлэг бичсэн юм. Тэр савтай цэцэг цонхоор харж байгаад хээрийн цэцэг шиг салхинд найгаж, аадар бороонд цохиулж амьдрах юм сан гэж хий мөрөөддөг. Уг нь тэр бүгдийг мэдээд байгаа байхгүй юу. Гэтэл өвөл болоод цас орохоор өвс ногоо хаачдагийг ойлгодоггүй. Ойлгох нь ойлгох л байх л даа. Бүгдийн мэднэ. Гэхдээ мэдэхээс өөр юм бас үгүйлээд байдаг. Оршихуйн талаар эргэцүүлсэн шүлэг юм уу даа. Харин би халз тулааны талаар л бичсэн юм. Бүгдийг мэдээд байдаг, алдаа оноогоо ажиглаад байдаг, тэр бүү хэл хүн амьтанд заадаг атлаа би улам эргэлзээд, биеэ улам бариад байдаг болчихсон. Харин надаар заалгасангууд нь санаа зовж, эргэлзсэн шинжгүй харагдаад байдаг. Учрыг нь олоогүй. Гэтэл энэ шүлгээрээ сая би Доод хонгилын амин сүнсийг барьж авсан гээд бод доо.

-Яаж тэр үү?

-“Таримал цэцэг”-ийн санааг бараг хэлээд байгаа юм биш үү гээд л орчуулаад байсан чинь яг төгсгөлдөө батлагддаг юм даа! Тэгээгүй бол ёстой буруу хазгай далийчих байлаа. (Ер нь эхний бүлгийн монологи орчуулахад их хэцүү байсан.) Таримал цэцэг бол зохиомол хийсвэр, харин хээрийн цэцэгс бол төрмөл, байгалийн шинжийг илэрхийлдэг. Байгалиас хөндийрөх тусам гажуудна гэдэг санаа ер нь Достоевскийн уран бүтээлүүдийн дундуур нэвт гардаг санаа байж магадгүй. Дээр дурдсан шүлгийг би, одоо бодоод байхад, түүний романыг орос, англиар уншиж байхдаа бичсэн санагдаад байгаа юм. Үүнээс улбаалан тамирчин байхдаа яагаад байснаа бас ойлгож авсан. Би Достоевскийн хэлээд байгаа шууд үйлдэгч нь биш харин ухамсар нь хэт хөгжсөн хулгана болчихсон юм байж л дээ. Ганцаараа зүтгэх хэцүү, тэгээд хань татаж, хүн амьтанд заасаар байгаад хэтэрхий эрт хийхээсээ өмнө хэт боддог болчихгүй юу. Ер нь товчхондоо, мэддэг биш мэдэрдэг нь хийж чаддаг юм байна. “Just do it” гэдэг Nike-ийн уриа байдаг даа. Айвал бүү хий, хийвэл бүү ай гэдэг дээ.

-Ухамсартай холбоотой болох нь уу?

-Тиймээ. Ухамсар гэдэг бол ажиглагч бас хянагч ухаан юм байна. Сэтгэлийн аль нэг мухарт байж байдаг. Энэ ухамсар хөгжихийн хэрээр чөлөөт үйлдэл хийх хэцүү байдаг юм байна. Тэгэхээр ойлгомжтой шүү дээ. Бүх юм хоёр хоёрын дөрөв шиг тодорхой хүн зовох юмгүй ориг пүүз өмссөн юм шиг гүйнэ. Харин хоёр хоёрын тав ч гэсэн аятайхан юм биш үү гэж эргэлзсэн доод хонгилын хүн шиг нэгэн бол хулхи пүүз өмссөн аятай олигтой гүйж чадахгүй. Яг л өр алдсан хятад шиг болно. Тэгэхээр мэдлэг байлаа ч хэрэглэж чадахгүй байдалд ордог юм байна. Рациональ сэтгэлгээ хэрэгтэй ч бас бодит амьдралыг бүрэн илэрхийлдэггүй ажээ. Ухамсарт баригдахгүй үйлдэх хэрэгтэй үе гэж бас байна шүү дээ. Үүнийг спортын сэтгэл судлал судалдаг байх. Хэт ухамсарлаад эхлэхээр мэдрэхээ больчихдог юм байна л даа. “Ухамсар бол өвчин” гэдэг доод хонгилын хүний алдарт үг ийм учиртай. Тэгэхээр мэдэх бол үнэндээ бүх юм биш. Мэддэгтээ хэт найддаг хүмүүсээс ер нь эмээж байх хэрэгтэй. Тэд л хэлснээсээ эсрэг юм хийдэг. Бие, хэл, сэтгэл бүхэл болоогүй бол хэлсэн, хийсэн нь зөрөх нь ч ойлгомжтой шүү дээ. Тэгэхээр зөвхөн мэдлэгт найдвал харин ч осолтой, гай болж мэдэхээр байгаа юм. Мэдлэгт хэтэрхий шунавал Достоевскийн хэлдгээр “амьд амьдрал”-ыг мэдрэхээ больдог юм байна л даа. Яг таримал цэцэг шиг. Энэ өвчинг Достоевский оношилсон юм. Нэг оросын судлаач “Барууны соёл иргэншлийн мөхлийг харуулсан болохоор мөхөж байгаа барууныхан бас их уншдаг” гэж хэлж байсан. Бас ч тийм биш л дээ. Ер нь хий бодолдоо баригдаж, бодит байдлыг харж чадахаа больдог хүмүүс хаа сайгүй бий шүү дээ. Гэхдээ барууны хөгжил хэтэрхий хийсвэр, зохиомол тийшээгээ хазайсан байж магадгүй юм. Доод хонгилын хүн ч бөмбөрцгийн хамгийн хийсвэр, зохиомол хот болох Петербургт золгүй тохиолдлоор оршин суудаг. Энэ ч бас нэг юм хэлээд байгаа биз…

-Тэгэхээр мэдлэгт хэт хүлэгдвэл амьдралыг мэдрэхгүй гэсэн үг үү?

-Бараг л тийм дээ. “Живая жизнь” буюу амьд амьдралыг мэдрэхээ больж зохиомол хийсвэр зүйлд хууртах аж. Далай лам нэгэнтээ, барууныхан тархиндаа хэтэрхий их найдах юм. Зүрх сэтгэлээ бас анхаарах хэрэгтэй гэсэн утгатай үг хэлж байсан. Халз тулаанд бол хэт мэдэмхийрэх л их осолтой байдаг юм шүү дээ. Мэдэх биш мэдрэх хэрэгтэй байдаг юм. Үйлдэгч байх хэрэгтэй. Мэдрэх, мэдэх хоёрыг хослуулахад дадал, сургаал хэрэгтэй аж. Гэхдээ би мэдлэгийг үгүйсгээгүй шүү. Зөв ойлгоорой. Достоевский бол бодлогогүй шууд үйлдэгч хүмүүс бодож эргэцүүлдэг хүмүүсээс ч аюултай гэж үздэг байжээ. Яагаад гэвэл тэд дарангуйлагчийн гар, хөл болох нь амархан юм байна л даа. Манайд нээх олон цүнх баригч залуус борооны дараах мөөг шиг гараад ирсэн нь үүнийг л хэлээд байгаа юм. Айхтар байгаа биз?! Үнэхээр ч түүний олж харснаар 50 жилийн дараа гэхэд Оросод дарангуйлагч дэглэм тогтсон шүү дээ. Тэгэхдээ би нөгөө талаас ярьж байна шүү…

-Тулааны спорттойгоо харьцуулаад уу?

Яг тийм. Өөрийн туршлагад тулгуурлаад жаахан өөр талаас нь ярьж байна л даа… Тамирчин хүн ухамсартаа хэт баригдаж, мэдлэгт хэт найдвал ажиглагч ухаанаа хөгжүүлээд үйлдэгч байж чадахаа болино. Тэгвэл зодоонд яг юм бичихтэй адил “ажиглагч би”-г алга болгох ёстой байхгүй юу. Бодох л юм бол ялагддаг нь батлагдсан теорем. Тэр бүү хэл шатарт хүртэл заримдаа зөнгөөрөө хийсэн нүүдэл нь Дэлхийн аварга болгосон түүх байдаг. Тулаанд ч мөн үүнтэй адил ингэж цохино доо гээд дандаа дутуу цохидог билээ. Монголчууд тулаанд орохдоо “Тэнгэр мэднэ, би мэдэхгүй” гэдэг нь ийм учиртай юм байна билээ. Нарийн сэтгэл зүй шүү. Тамирчин хүн ийм сэтгэл зүйтэй болно гэвэл 100 хувь итгэдэг багш дасгалжуулагчтай байх хэрэгтэй. Өөр ямар ч арга байхгүй. Зодооны спортод ганцаараа тулалддаг ч багийн спорт шүү дээ. Багшид бүхнээ даатгахаас өөр замгүй. Хэрэв тэгж чадахгүй бол “ухамсарт баригдана”. Эргэлзэнэ. Бодит байдлыг буюу “амьд амьдралыг” мэдрэхээ болино. Сэтгэл эвдэрнэ, өвчтэй болно. Багаа зүтгэхгүй, ганцаараа зүтгэвэл жалганы атмаан л болох байх…

-Мэддэг бас мэдэрдэг байж болохгүй юу?

-Байж бололгүй яахав. Тэгдэг ч байх. Жишээ нь, доод хонгилын хүн амьдралдаа ганцхан удаа ялалт байгуулдаг. Тэр нь огт санамсаргүй. Нэг ташаагаа тулсан Ф шиг пээдгэр нөхөртэй мөрөөрөө мөргөлдөх гээд үйлээ үзнэ. Тэгээд чадахгүй. Бүр бууж өгөөд хамаг төлөвлөгөө хаяад байж байтал “санамсаргүй” хавтай сайхан мөргөлдөж байгаа юм. Гэхдээ одоо бид хоёр спортын талаар ярьж байна шүү дээ. Тэгээд ч өнөөгийн манай сэтгэл шинжлэлийн мэдлэг ямар билээ. Соёлын түвшин ямар байгаа билээ. Манай өнөөгийн соёлын хөрсөн дээр хүн биеэ тоох шиг амархан юм алга. Тэгэхээр өөрөө мэддэг бас мэдэрдэг болно гэвэл 40 насандаа ойлгоод 50-тайдаа зохицуулж чаддаг болж магадгүй. Болохгүй ч байж мэднэ (инээв). Харьцангуй ярихад шүү дээ. Спортын хувьд хамаг залуу нас будаа (инээв.) Дадал мэдээж хамгийн чухал л даа. Гэхдээ ганцаараа хэт шатвал бас л Достоевскийн хэлснээр “хэт ухамсартай хулгана” болно шүү дээ. Тиймээс л багш дасгалжуулагчийн үүрэг маш чухал байдаг юм байна. Зэн Буддизмын нэг гоё үлгэр байдаг: Нэг жаран хөлтэй хорхой шувууны хоол болохгүй маш авхаалж самбаатай хөдөлдөг байжээ. Тэгсэн эргэн тойрных нь түүнийг нэг өдөр шагшин магтаж л дээ. Жарын жаран хөлтэй байж, яаж орооцолдуулахгүй гүйж чадаж байна гэцгээж. Тэр шөнөжингөө жаран хөлт маань өөрийгөө гайхсан гэж байгаа юм. “Би ямар гайхалтай амьтан бэ? Үнэхээр мундаг амьтан юм аа. Ийм олон хөлийг орооцолдуулахгүй яаж гүйж байна аа” гээд л бодоод байж. Бодоод бодоод бодын шийр дөрөв гээч л болж. Тэгээд маргааш өглөө нь алхаж чадахгүй, шувууны хоол болсон гэж байгаа юм… За ойлгов уу? Тайлбарлаж чадав уу? Чадаагүй бол үүнээс илүү хэлж чадахгүй ээ. (Инээв).

-За ойлголлоо. Маш их баярлалаа. Ямартаа ч миний ярилцсан тун сонирхолтой цөөхөн хүний нэг та байлаа. Цаашдын чинь ажил бүтээлд амжилт хүсье.

-Баярлалаа. Танд ч мөн амжилт хүсье. Би Доод хонгилыг орчуулаад юу ойлгосноо л хэлчихлээ. Миний орчуулгыг уншигчид өөр өөрийнхөө л ойлгох байх. Дэлхийн сонгодог шүү дээ, яадаг ч байсан. Эх бичвэртэй нь би ойрхон хийсэн тул гадаад хэл сурдаг, эсвэл монгол хэлээ сайжруулах гэсэн унаган орос, англитай залуус харьцуулахад хэлний мэдлэг сайжирна даа. Интернэтээр дүүрэн бичгээр болон сонсдогоор байгаа. Нээрээ бас унших хүмүүст нэг “нууцыг” задлахад доод хонгилоос гарах гарц байгаа юм шүү! Гол баатар нь бараг тэр гарц дээр байгаа хүн. Тиймээс “Доод хонгилын тэмдэглэлээс” эсхүл “Доод хонгилын тэмдэглэл” ч гээгүй харин “Доод хонгилоос ГАРСАН тэмдэглэл” гэж нэрлэсэн гэж оросын судлаачид ярьцгааж байна лээ. Ийм л нарийн хийцтэй зохиол байгаа юм даа. За ёстой дуусгая. Маш их баярлалаа.

Ярилцсан Ш.Эрдэнэтөр

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.