БИД яаж ХҮҮХДЭДЭЭ аюулгүй нийгмийг бий болгох вэ?

2020-12-21 Гэр бүл

                         Он гарсаар 200 гаруй хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртжээ

Цар тахлын энэ үеэр гэр бүл хүчирхийллийн гэмт хэрэг ихэссэн статистик гарчээ. Энэ дундаас бага насны охидыг хүчирхийлэх хэрэг буурахгүй байгаа нь анхаарал татлаа. Энэ төрлийн гэмт хэрэг хамгийн өндөр ялтай, хүнд гэмт хэрэгтээ ордог.

Гэвч иргэд үүнийг ойлгох эрх зүйн мэдлэг алга. Сүүлийн гурван жилийн хугацаанд нийт 676 хүүхэд бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгт өртсөн байдаг. Харин 2020 он гарсаар 200 гаруй хүүхэд бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгт өртөж, хохирсон байна. Жилд дунджаар 400-500 орчим хүчингийн хэрэг үйлдэгддэг тэдгээрийн 50-60 хувь бага насны хүүхдүүд гэмтэж бэртэж, сэтгэл санаагаар хохирсон судалгааг Цагдаагийн ерөнхий газраас гаргасан байна.

Баримт-1 Есөн настай охин хойд эцэгтээ зодуулж байх үед төрсөн ээж нь унтаж байв. Тодруулбал, Баянзүрх дүүргийн XXIII хороо, Улиастайн шинэ эцэст байрлах хашаанд есөн настай Э-г хойд эцэг болох 36 настай Б хүчирхийлж амь насыг нь хохироосон. Шүүх эмнэлгийн шинжилгээнээс үзэхэд охин өмнө нь олон удаагийн зодуур авч байсан нь батлагдсан. Гэтэл төрсөн ээж болох Б нь эдгээр зүйлсийг хараагүй, сонсоогүй мэт өнгөрүүлж байжээ. Охин нас бардаг өдөр согтуу хойд эцэг нь хүүхдийг нь зодож байхад “Өнгөрсөн шөнө шүд өвдөөд нойргүй хоносон тул унтаж байсан. Би юу болсон тухай мэдэхгүй байна” гэх тайлбарыг өгч байсан юм.

Баримт-2 Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын тавдугаар багт есөн настай охиныг хойд эцэг нь согтууруулах төрлийн зүйл хэрэглэсэн үедээ хүчиндсэн хэрэг гарсан. Хэрэг гарах үед ээж нь ажилдаа яваад эзгүй байв.

Баримт-3 Булган аймагт хонины бэлчээрт малаа хариулж явсан есөн настай охиныг тус аймгийн харьяат 33 настай иргэн хүчирхийлсэн.

Баримт-4 Хамар хашааны залуу бага насны охиныг хүчирхийлдэг байв. Охины ээж солоност ажилладаг байсан тул энэ тухай сүүлд мэдсэн байна. Хүчирхийлэлд өртсөн охин “Ээжийн минь явуулж байсан 500 доллараас илүү ээжийхээ энгэрт таван минут эрхлэх нь илүү үнэ цэнтэй.

Өнөөдөр би ээждээ гомдож, үзэн ядаж байна. Амьдрах ч хүсэл алга” гэх сэтгэлийн үгээ бичсэн захидал бий. Өнөөгийн нийгмийн айдас түгшүүр, муу муухайгийн туйл болсон хүчирхийлэл, тэр дундаа гэр бүлийн хүчирхийлэл газар авч буй нь эмзэглүүштэй. Нэг үгээр хэлэхэд, хүн хоорондын ариун нандин бүхнийг сэвтээсэн гэр бүлийн хүчирхийлэл итгэл дээр дөрөөлдгөөрөө хамгийн аймшигтай.

Бага насны хүүхдийн хүчирхийлэл ихэнхдээ төрсөн эцэг, хойд аав, ураг төрлийн хүрээнд үйлдэгдэж байгаа нь ямар ч тоон мэдээ, хууль журмаас илүү түгшүүртэй. Хойд эцэг, ураг төрөлдөө итгээд бага насны хүүхдээ үлдээх нь эргээд ийм эрсдэл дагуулж байгаа учраас ямар ч сайн хууль журам гаргаад үр дүн бага. Бид хүүхдүүдээ яаж хамгаалах ёстой вэ.

ГАНЦХАН БЭЛГИЙН ХАРЬЦААНД ОРСНООРОО ХҮЧИРХИЙЛЭГДЭЖ БАЙНА ГЭСЭН ҮГ БИШ 

Тухайн хүүхдийг ямар нэгэн байдлаар садар самуунд уруу татах, эмзэг хүрч болохгүй газруудад нь хүчээр хүрэх, харах, нүцгэн байхыг шаардах гэх мэт бэлгийн дарамтад байлгах эдгээр үйлдлүүд нь өөрөө бага насны хүүхдийг хүчирхийлэх, бэлгийн хүчирхийллийн бүрэлдэхүүнд хамаардаг. Энэ гэмт хэргийг ихэвчлэн гэр бүлийн хамаарал бүхий эцэг, өвөө, өвөөгийнх нь найз, хамаатан, үеэл гэх мэт хамгийн ойр дотнын хүмүүс үйлддэг.

Хувиар хэлбэл, бага насны хүүхдийг хүчирхийлэх гэмт хэргийн 70 гаруй хувийг нь эдгээр хүмүүс үйлдсэн нь хэргийг шалгах явцад нотлогддог. Үйлдэгдэж байгаа гэмт хэрэг нь илэрхэд маш хүнд байдаг. Ахуй хүрээнд үйлдэгдэж байгаа тэр хэргийг бага насны хүүхэд цагдаад хандаж чаддаггүй учир ээждээ хэлдэг. Гэвч ээж нь нөгөө гэмт хэрэг үйлдсэн этгээдийн талд орж нуун дарагдуулдаг. Эсвэл хүүхдийг мэдүүлэг өгөхөд нь ямар нэгэн байдлаар саад учруулдаг гэх мэт нөхцөл байдал их гардаг нь нууц биш.

Судалгаагаар, 8-13 насны эмэгтэй хүүхдийн 60-70 хувь нь бэлгийн хүчирхийлэлд өртсөн байдаг. Он гарсаар бэлгийн хүчирхийлэлд өртсөн 200 гаруй хүүхэд байгаа ч эцэг эхдээ хэлээгүй, цагдаагийн байгууллагад хандаагүй нуугдмал байдалтай байгаа маш олон байна. Тэгэхээр нуугдмал байгаа тэдгээр хэргүүдийг хэрхэн илрүүлэх вэ.

Энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэхэд иргэд болон сургууль, эмнэлэг, эмч, багш, нийгмийн ажилтнуудын үүрэг оролцоо маш их. Тиймээс эдгээр хүмүүс өөрсдийн ажлын явцад мэдсэн мэдээллийг цагдаагийн байгууллагад мэдээлэх үүрэгтэй. Иргэд миний асуудал биш гэж ойлгож болохгүй мэдсэн бол цагдаагийн байгууллагад нэн тэргүүнд мэдээлэх хэрэгтэй юм. Түүнчлэн эцэг эхчүүд бага насны хүүхдээ асран хамгаалах үүргээ сайжруулах шаардлагатай байна.

Одоо мөрдөж байгаа Эрүүгийн хуульд бага насны хүүхдийг хүчирхийлсэн гэмт хэрэг нь хамгийн хүнд ял, шийтгэлтэй таван гэмт хэргийн нэгд тооцогддог. Өмнө нь буюу 2002 оны хуулиар манай улс таван төрлийн гэмт хэрэгт цаазаар авах ял, шийтгэл ногдуулдаг байсан. Үүнийг нэг нь бага насны хүүхдийг хүчирхийлэх юм. Харин цаазаар авах ялыг халсантай холбоотойгоор бага насны хүүхдийг хүчирхийлэх хэрэгт бүх насаар нь хорих ял ногдуулдаг болгож өөрчилсөн.

Өөрөөр хэлбэл, энэ төрлийн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн хамгийн хатуу ял шийтгэлд тооцдог гэсэн үг. Хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртөж байгаа гэмт хэрэгт хамгийн хүнд ял оноож байгаа ч энэ төрлийн гэмт хэрэг буурахгүй байгаа нь тоо баримтаараа гарлаа. Иймд яаж бид хүүхдэдээ аюулгүй нийгмийг бий болгох вэ гэдэгт хүн бүр анхаарлаа хандуулж урьдчилан сэргийлэх ажилд илүү анхаарах хэрэгтэй байна.

Л.АЛТАНХИШИГ

Өнөөдрийн онч үг

19 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.