Н.Цогбадрах: Тарваган тахлын сэжигтэй нийт 20 тохиолдол бүртгэгдсэнээс гурван хүн нас барсан

2020-09-14 Мэдээ мэдээлэл

ЗӨСҮТ-ийн ерөнхий захирал Н.Цогбадрах тарваган тахлын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийв.

Тэрбээр “Есдүгээр сарын 14-ний байдлаар есөн аймгийн 12 сум, Улаанбаатар хотын хоёр дүүргээс тарваган тахлын сэжигтэй нийт 20 тохиолдол бүртгэгдсэн.

Эдгээрээс Ховд аймагт 3, Говь-Алтай, Завхан аймагт тус бүр нэг, нэг нийт таван онош батлагдаж, хүндэрсэн гурван хүн нас барсан байна.

Энэ сарын 10-нд Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, сорьцыг Улаанбаатарт авчирч шинжлэхэд онош үгүйсгэгдсэн.

Өнгөрсөн хугацаанд бүх сорьцыг ЗӨСҮТ рүү тээвэрлэж байсан бол лабораторийн  тусламжийг анхан шатны нэгж дээр илүү чадавхжуулах арга хэмжээ авснаар тарваган тахлын оношлуурууд есдүгээр сарын 12-ны Токиогийн онгоцоор ирсэн. Өнөөдрөөс аймгуудад хуваарилагдаж байна. Ингэснээр орон нутгаас сорьц тээвэрлэх асуудал багасах юм.

Долоо хоногийн Пүрэв гарагт бүрт тарваган тахлын өвчний үед авах хариу арга хэмжээ, эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдал сэдвэр сургалт тогтмол хийж байна. Одоогийн байдлаар 14 аймгийн 500 гаруй эмч мэргэжилтэн, ЯТТ-103-ын 70 гаруй эмч, мэргэжилтэн гээд 600 хүний хамрууллаа. Мөн коронавирусийн халдварын эцсийн халдваргүйтгэлийн сургалтыг явуулж байна.

2020 онд нийслэлийн хэмжээнд 91 удаагийн мэргэжлийн дуудлагад үйлчилсэн. Үүний 29% нь иргэдээс, 71% нь цагдаагийн болон нийслэлийн байгаль орчны газар, мэргэжлийн хяналтын байгууллагаас ирсэн.

Дуудлагын 40 гаруй хувь тарвагатай холбоотой. Энэ жил мэрэгч амьтантай холбоотой дуудлага өнгөрсөн оноос хоёр дахин нэмэгдсэн. Үүнийг дагаад тарваган тахлын эрсдэлд өртөж байгаа тохиолдол нэмэгдэж байна.

Иймд иргэд тарвагатай харьцахгүй, агнахгүй, түүхий эд, махыг нь хэрэглэхгүй байхыг зөвлөе. Тарвага агнаснаар мөндөлийг ээж, аавгүй болгож байгаа нь байгальд хор уршигтай юм” гэв.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.