Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын зүгээс өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тус газрын даргын тушаалаар баталсан удирдамжийн хүрээнд covid-19 цар тахлын энэ онцгой цаг үед гэр бүлийн бүх гишүүдийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, гэр бүл дэх хүүхэд хөгжил хамгааллыг сайжруулах, хүүхдэд ээлтэй гэр бүлийн орчныг нэмэх, дэмжих, тэгш оролцоог хангах хүрээнд Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг “Хүүхэд гэр бүлдээ аз жаргалтай” уриан дор гэртээ тэмдэглэн өнгөрүүлэх уриалгыг гаргаж байгаа юм байна. Мөн энэхүү удирдамжийг нийслэл болон орон нутгийн Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт хүргүүлж, нэгдсэн удирдлага, арга зүйгээр ханган ажиллаж байна. Энэ жил дэлхий даяар covid-19 цар тахал гарсантай холбоотойгоор Монгол Улсын Засгийн газраас шат дараалсан арга хэмжээ авч, иргэдийг олон нийтийн газар бөөгнөрөл үүсгэхгүй байхыг сануулахын зэрэгцээ үзвэр үйлчилгээний газруудын үйл ажиллагааг тодорхой хугацаанд хаасан.
Цар тахал дэгдсэн энэ үед Засгийн газрын хэрэгжүүлэг агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас гэр бүл, хүүхэд, залуучууд руу чиглэсэн олон арга хэмжээ авч ажиллаж байна. Үүний хүрээнд “Эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа хүүхдийг илрүүлэх, хэрэгцээг тодорхойлох түргэвчилсэн үнэлгээ”-г 2020 оны гуравдугаар сард улсын хэмжээнд зохион байгуулж, 109,991 өрхийг хамруулсан байна. Урьдчилсан байдлаар эдгээр өрхийн 19 хувь буюу 20 мянган өрх эрсдэлтэй, 47 хувь буюу 50 мянган өрх цаашдаа хөл хорио тогтоох арга хэмжээ үргэжилбэл эрсдэлт нөхцөл руу шилжих магадлалтай, хүүхдээ хараа хяналтгүй гэрт бие даалган үлдээдэг, өрхийн нэг гишүүн хөдөлмөр эрхэлдэг, тогтмол орлогогүй байна.
Эрсдэлт өндөртэй 20 мянган өрхийн 51.1 хувь буюу 10,221 өрхийн 24,246 хүүхдэд дэмжлэг, тусламж шаардлагатай, хоол хүнсний хомсдолтой, тухайн өрхөд байнгын ажлын байртай гишүүн байхгүй, зөвхөн хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмжийн мөнгөөр амьжиргаагаа залгуулж амьдарч байна.
Мөн тус байгууллагын “Гэр бүл мэдээллийн сан”-ийн Эрсдэлийн программд 2020 оны дөрөвдүгээр сарын 23-ны байдлаар 22,853 хүүхэд бүртгэлтэй байгаа бөгөөд Covid-19 халдварт цар тахал цаашид нэмэгдэх, хорио цээрийн дэглэм үргэлжлэх тохиолдолд эдгээр хүүхдүүдэд чиглэсэн хүнс тэжээл, хувцас, амин дэм, ариутгалын бодис зэрэг суурь хэрэгцээг хангахад дэмжлэг үзүүлэх шаардлагатай байгаа ажээ. Үүнээс гадна нийт өрхийн 10 орчим хувьд өрхийн зөвхөн нэг гишүүн үйлчлэгч, галч, харуул, барилгын туслах, нүүрс шуудайлж зарах гэх мэт ажил хийдэг. 85 хувь нь ажилгүй байна. Хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж, асаргааны мөнгө, Цалинтай ээжийн хөтөлбөрийн мөнгөнөөс өөр орлогын эх үүсвэргүй байна. Нийт өрхийн 60 орчим хувь нь архины хамааралтай гишүүнтэй, хүүхдээ үл хайхарсан, гэрийн ахуй, нөхцөл байдал хүнд байна хэмээн мэдэгдлээ.
Иймд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас цар тахлын үед дараах арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.
Хүүхдийн тусламжийн 108 утас мэргэжлийн сэтгэлзүйчдээр хүрээгээ тэлж, тус утсанд хандсан хэн ч мэргэжлийн сэтгэлзүйчдээс зөвлөгөө авах нөхцөл боломж бүрдсэн ажээ.
87365
30394
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.