Тусгаарлагдан хянагдаж байсан Туркийн хоёр иргэнээс коронавирус илэрлээ

2020-04-1 Мэдээ мэдээлэл

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Манай улсад өнөөдрийн байдлаар коронавирусийн 14 тохиолдол бүртгэгдэж байна. Өмнө нь илэрсэн 12 тохиолдлын хоёр нь эдгэрч эмнэлгээс гараад байгаа билээ. 

Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 204 оронд халдвар бүртгэгдээд байна.

Дэлхийн улс оронд гаднаас зөөвөрлөгдөн ирсэн тохиолдууд их бүртгэгдэж байна. Африкийн орнуудад руу халдвар тархах байдал үүсээд байна.

НҮБ-ын 190 гаруй орноос 19 оронд өвчлөл бүртгэгдээгүй байна. НҮБ-ын нарийн бичгийн дарга хэлэхдээ “Дэлхийн 2 дайнас хойш ийм олон орныг хамарсан хүнд нөхцөл байдалтай тулгарч байсангүй. Энэ хүдрэлийг даван туулахын тулд нийтээрээ эв нэгдэлтэй байх нь чухал юм” гэж онцлон тэмлдэглэсэн.

АНУ, Итали, Испани, Франц, Герман улсад өвчлөл өндөр байна. Тэр дундаа АНУ-д өвчлөлийн хурд саарахгүйгээр тархаж байна. Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд дэлхийн олон оронд хууль эрх зүйн орчноо өөрчилж байна. Өчигдөр л гэхэд ОХУ коронавирустай холбоотой хууль эрх зүйн орчинд өөрчлөлт оруулж, тэр дундаа хөл хорионы дэглэмийг чанд сахих хуультай болсон байна.

Манай улсад ч мөн хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр ажлын хэсэг ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар нийт 2272 хүн ажиглалтад байна. Биеийн байдал хэвийн.

Эрүүл мэндийн сайд, эмнэлзүйн зөвлөх баг хоёр өвчитнийг эмчлэн гаргасан. Тусгаарлалтад байгаа Чинбаяр, Дармаа эмч нартай өчигдөр цахим хурал хийж, өвчитний биеийн байдал, цаашид авах арга хэмжээ, эмнэлзүйн талаар хоёр цаг орчим ярилцсан. Манайд гарч халдвартай нь тогтоогдож эмчлэгдэж байгаа 12 биеийн байдал дунд зэрэг байгаа. Хүнд байсан хоёр хүн дунд зэрэг рүү шилжсэн. Дутагдсан зүйл байхгүй.

Халдварын эмнэлзүйн илэрч байгаа байдал бүдэг байна. Иймээс иргэд биеээ анхаарахгүй, нууц үед халдвар тархах эрсдэлтэй байж магадгүй гэсэн зөвлөгөөг өгч байна” гэлээ.  

Мөн ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн 25 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй. Тандалтаар 23 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Тандалт гэдэг нь улсын хэмжээнд уушгины хатгаагаар эмчлүүлж буй хүмүүсээс шинжилгээ авсан юм.

Тусгаарлагдан хянагдаж байсан Туркийн хоёр иргэнээс коронавирус илэрлээ. Ойрын хавьтал болох 10 хүнийг нь тусгаарлан тандалт шинжилгээ хийж, эмчийн хяналт тавьж байна. Энэ хоёр тохиолдол нь БНСУ-аас өөрийн иргэдээ авах гэж Монголд ирсэн тусгай үүргийн онгоцоор ирсэн.

Онгоцонд Туркийн Элчин сайдын ажилтны ар гэрийн гурван хүн ирсэн. Энэ нь Монгол Улсын хууль, тогтоомжид бий бөгөөд Элчинд сайдын ар гэр нь монгол иргэдийн адил дипломат ёсоор ирэх ёстой. Ирэхэд нь тусгаарласан. Үйлчилсэн хүмүүст ч зөвлөгөө өгч тусгаарлаж байсан. Бид эхэндээ гурав хоногийн дараа шинжилгээ авч, шинж тэмдэг илрээгүй ч лабораторийн шинжилгээгээр коронавирус илэрсэн.

Бид үргэлжлүүлэн эмчилгээ,  хяналт хийнэ. Энэ хоёр тохиолдлыг хяналтын шинжилгээгээр илрүүллээ. Тусгаарлалтад байх дүрмийн дагуу байсан учраас хяналтад байгаа гэж ойлгож болно. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 221 хүн хяналт, тандалтад байна” гэсэн мэдээллийг өглөө.

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа “АНУ-д өнгөрсөн нэг хоногийн хугацаанд 800 гаруй нас баралт шинээр бүртгэгдэж, нийт нас баралтын тоогоор Хятад улсыг давсан байна. Испани, Их Британи, Франц улсуудад нас баралт өмнөх өдрүүдээс өссөн байна.

Тухайлбал, Испани 748, Их Британид 381, Францид 499 нас баралт бүртгэгдсэн байна. Франц улсын хувьд нас баралтын бүртгэл зөвхөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан хүмүүсийн бүртгэл гэдгийг тус улсын Эрүүл мэндийн байгууллагаас онцлон тэмдэглэсэн. Одоогийн байдлаар тус улсад 22700 гаруй хүн халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд 5500 гаруй нь эрчимт эмчилгээнд орсон байна.

Харин Итали улсын хойд Ламбарди мужид нас баралт бага багаар буурч байна. Даваа гарагт 458, мягмар гарагт 381 нас баралт тус тус бүртгэгдсэн байна. Үндсэндээ гуравдугаар сарын 25-наас хойш нас баралт буурч байгаа юм байна.

Их Британид хийгдсэн судалгаагаар Европын 11 улсад хөл хорио тогтоосны үр дүнд 59 мянган хүний амь насаа алдахаас сэргийлж чадсан хэмээн дүгнэжээ. Дээрх арга хэмжээний үр дүнд вирусийн үржих түвшнийг дунджаар 64 хувиар бууруулж чадсан гэж дүгнэсэн байна. Уг судалгааг нөхцөл байдалтай уялдуулан үргэлжлүүлэх юм байна.

БНСУ-д мөрдөгдөж байгаа хууль тогтоомжоор гадаадын улс болон байнга оршин суудаггүй иргэд тусгайлан бэлдсэн байранд карантилагдаж байгаа. Оршин суудаг зөвшөөрөл бүхий иргэд өөрийн оршин суудаг орон байрандаа хөл хорионд тусгаарлагдана. Үүнийг  зөрчвөл 3 сая хүртэл воны торгууль ногдуулах бол дөрөвдүгээр сарын 5-наас торгуулийн хэмжээ 10 сая хүртэл вон болгож, эрүүгийн хэрэг үүсгэсэн тохиолдолд нэг жил хүртэл хорих ялаар шийтгэх яг ногдуулахаар болжээ” гэв.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.