Вирусийн халдвар авсан хоёр иргэн эдгэж эмнэлгээс гаргах боллоо

2020-03-30 Мэдээ мэдээлэл

Коронавирусийн тархалтын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн  ЭМЯ-ны ээлжит мэдээллээр  халдвар авч эмчлэгдэж буй хүмүүсээс эхний хоёр хүнийг эмнэлгээс гаргахаар болсон талаар мэдэгдлээ.  Тус хоёр өвчтөнд вирусийн шинжилгээ таван сорьцонд буюу хамар, залгиур, цэр, цус, өтгөн, шээсэнд үзэхэд вирус илрээгүй байна.

Вирус энэ таван шингэнд илрэхгүй байгаа тохиолдолд тэр хүний бие дэх вирус лаборатори талаасаа бүрэн арилсан гэж дүгнэдэг. Эмчилгээтэй холбоотой шинж тэмдгүүд нь бүгд илааршиж эдгэсэн.

Эмнэл зүйн шинж тэмдгийн хувьд бүрэн арилсан байна. Харин  үргэлжлэн 14 хоног өөрсдийгөө тусгаарлаж хянагдахаас гадна хоёр өвчтөнд 7, 14, 21, 28 дахь хоногт үргэлжлүүлэн судалгаа хийнэ.

Анхны батлагдсан тохиолдлын хавьтал болох 59 хүнд 2020 оны гуравдугаар сарын 29-нд гурав дахь удаагаа давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна.

Мөн өнөөдрийн мэдээллээр ЭМЯ-ны Хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Дэлхийн 202 улсад халдвар бүртгэгдээд байна. Манай хойд хөрш ОХУ-ын Эрхүү хотод анхны тохиолдол бүртгэгдлээ.

АНУ-д халдвар эрчимтэй тархаж анхаарлын төвд орлоо. Тус улсад 89 хоригдол халдвар авсан байна. Нөхцөл байдал хүндэрч байгаатай холбоотойгоор АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп зай барих стратегийг дөрөвдүгээр сарын 20-н хүртэл үргэлжлүүлэх шийдвэр гаргасан.

ДЭМБ-аас тусгаарлалтад байгаа иргэдийг сэтгэл, санаагаа амгалан байлгах, биеийн эрүүл мэндээс гадна сэтгэцийн хувьд эрүүл байхыг чухалчилж байна” гэдгийг онцлов.

ДЭМБ-аас халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр үндсэн таван зөвлөмж өгч байгаа.

  1. Эрүүл зөв хооллох, жингийн илүүдлээс сэргийлэх
  2. Архи, чихэрлэг ундаанаас татгалзах
  3. Тамхинаас татгалзах
  4. Идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх /Том хүн багадаа 30 минут, хүүхэд багадаа 1 цаг идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх/
  5. Сэтгэл зүйн эрүүл мэнддээ онцгой анхаарч гэр бүлийнхэндээ сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэхийг зөвлөж байна” гэв.

 

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.