Шинэ вирус илрүүлэх чадавхийн талаар ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабораторийн эрхлэгч, АУ-ны Доктор Б.Дармаатай цөөн хором ярилцлаа.
-Танай лаборатори ямар аргаар үүсгэгдээд байгаа вирусыг илрүүлж байна вэ?
-Манай лаборатори нь амьсгалын замын өвчин үүсгэдэг вирусыг молекул биологид суурилсан шинжилгээний аргаар илрүүлдэг. Энэхүү шинэ вирусыг илрүүлэхэд хамгийн тулгамдсан асуудал бол генийн тодорхой дараалал нь байхгүй байлаа. Гэхдээ бусад улс орон ч ийм нөхцөлд л ажиллаж байсан. Ингээд өнгөрөгч сарын 13-нд олон улсад генийн дараалал нь тодорхой болж, нааштай үзүүлэлтүүд гарч эхэлсэн. Манай лабораторийн хувьд, шинэ халдварыг илрүүлэх оношлуурын аппаратгүй байсан учраас өнгөрөгч сарын 24-нд Токиогийн лабораторитай хэд хэдэн удаа холбогдож, дипломат шугмаар гурван хоногийн дараа хэрэгцээтэй байсан аппаратнуудаа хүлээж авсан.
Тэгэхээр олон нийтийн зүгээс шинжилгээний хариу хэр найдвартай вэ гэсэн асуудал хөндөж байна. Бид 100 хувь найдвартай гэсэн хариулт өгнө. Яагаад гэвэл манай урвалж шинжилгээ хийж байгаа бүх аппаратууд Токиогийнхтой адилхан. Өөрөөр хэлбэл, манайд хийгдэж байгаа шинжилгээнүүдийг Токиогийн лабораторид хянаж байдаг.
–Манай улсын хувьд, Азидаа шинэ вирусын оношлууртай цөөхөн улсын тоонд орж байна. Мэдээж энэ нь сүлжээ лабораториудын хамтын ажиллагааны үр дүн. Ер нь Токиогийн халдварт өвчний үндэсний хүрээлэнтэй ямар хамтын ажиллагаатай байдаг вэ?
-Токиогийн халдварт өвчний үндэсний хүрээлэнгээс манай улсад найдаад хамгийн түрүүнд энэхүү чухал оношлуурыг өгсөн. Тус хүрээлэнгийн судлаачид манайд ирж жилд 1-2 удаа сургалт явуулдаг. Мөн манай мэргэжилтнүүд ч тус хүрээлэнд очиж суралцдаг.
–Яг ямар шинж тэмдэг илэрсэн хүмүүс энэхүү вирусын шинжилгээг өгөх ёстой вэ?
-Эмнэлзүйн үзлэг хийж байгаа эмч нарын хувьд, шинэ коронавирусын тархалттай байгаа улс орноос ирсэн, тэнд ажилласан, аяласан өгүүлэмжтэй хүмүүсээс л сорьц авч манай лабораторид илгээж байгаа.
–Ер нь энэхүү вирус гадаад орчинд хэр тэсвэртэй байдаг юм бол?
-БНХАУ-д батлагдсан 425 хүнд хийсэн судалгаанаас харахад, өвчин авсан хүмүүсийн дундаж нас 59 байгаа юм. Харин халдварлалтын индекс 2.5, нэг хүнээс 2-3 хүнд халдвар дамжих эрсдэлтэй гэсэн үзүүлэлттэй байсан. Гэтэл ДЭМБ-аас гаргасан өчигдрийн мэдээлэлд халдварлалтын индекс 5, нэг хүнээс 5 хүнд дамжих эрсдэлтэй гэсэн мэдээлэл өглөө.
Ер нь вирус өвчтэй хүний шүүрлээр ялгардаг. Ганцхан амьсгалын шүүрлээр хязгаарлаж болохгүй л дээ. Тухайлбал, АНУ-д бүртгэгдсэн вирусын танадалтаас үзэхэд хамар, залгиурын буюу бидний хийж байгаа шинжилгээ нь халдварын 4 дэх өдрөөс тодорхойлогдож байгаа юм. Харин өвчний 7-8 дахь өдрөөс хамгийн өндөр титртэйгээр вирус ялгарч байж. Ингээд 13 дахь хоногт өвчтний хамар, залгиураас вирус бүр ихээр илэрсэн байгаа юм. Тиймээс сэжигтэй гэх хүмүүсийг заавал 14 хоногийн хугацаанд ажиглаж, тусгаарлах нь зүйтэй.
Түүнээс гадна өтгөний шинжилгээ хийсэн байна, АНУ-д. Тэгэхэд эхний 4-7 хоногт эл сорьцонд вирус гараагүй. Харин 7-8 дахь өдрийн орой уг вирус илэрчээ. Мөн цусанд АНУ-ын тохиолдолд илрээгүй ч БНХАУ-ын тохиолдолд өндөр хэмжээтэй илэрсэн.
Гадаад орчны хувьд буюу нарны шууд гэрэлд тэсвэр муутай. Тиймээс спирт агуулсан шингэн бусад халдваргүйжүүлэх бодисыг гэр орны нөхцөлд ч гэсэн хэрэглэх ёстой. Харин манай орны нөхцөлд буюу энэ вирус нь хүйтэн сэрүүнд нэлээд тэсвэртэй байдаг.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87367
30408
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.