Ухань дахь оюутнуудыг шилжүүлэн авах хүсэлт гаргажээ

2020-01-28 Гадаад харилцаа

БНХАУ-д тархаад байгаа шинэ коронавирусний голомт болох Ухань хотод хөл хорионд орсон 32 монгол оюутныг эх оронд нь шилжүүлэн авах тухай албан ёсны хүсэлтийг Гадаад харилцааны яам Бээжин дэх Элчин сайдын яамаараа дамжуулан Хятадын Гадаад хэргийн яаманд ноот бичгээр хүргүүлжээ.

БНХАУ-ын Засгийн газар Ухань хотоос гадаадын иргэн нүүлгэн шилжүүлэх асуудлыг шийдвэрлэхдээ тухайн иргэдэд эрүүл мэндийн үзлэг хийж, шилжүүлэн өгөх иргэдээр дамжин өвчин тархахаас урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор аюулгүй байдлын бүхий л нөхцөлийг хангасны дараагаар зөвшөөрөл өгөхөө илэрхийлсэн байна.

Гадаад харилцааны яам иргэдээ ойрын хугацаанд шилжүүлэн авахаар  ажиллаж байгаа бөгөөд “МИАТ” ТӨХК Ухань хот руу тусгай үүргийн нислэг үйлдэх бэлтгэлийг бүрэн хангаад байгаа юм. Дээрх оюутнуудыг нутагтаа ирсэн дариуд ХӨСҮТ-д тодорхой хугацаанд тусгаарлан хяналтад байлгах ажлыг Эрүүл мэндийн яам зохион байгуулах юм.

Ташрамд дурдахад, Ухань хотоос иргэдээ шилжүүлэн авах хүсэлтээ Америк, Франц, Япон, Өмнөд Солонгос зэрэг 10 гаруй улс Хятадын Засгийн газарт мөн хүргүүлээд байгаа аж.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.