Б.Цэнгэлбаяр: Аяны хүрээнд гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээлэл өсөх хандлагатай байна

2019-12-11 Нийгэм

 

Улсын хэмжээнд энэ оны эхний 10 сарын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчлийн тоон мэдээлэл өсөлттэй байгааг холбогдох албаныхан мэдээллээ. Тиймээс оны сүүлийн ажил болгон өнгөрөгч сарын 21-ний өдрөөс энэ сарын 15-ны хооронд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх, иргэдийн ойлголт хандлагыг өөрчлөх, хүчирхийлэлгүй нийгмийг төлөвшүүлэх зорилгоор “Ойлгоё, хүндэлье” аяныг улсын хэмжээнд зохион байгуулж байна. Эл хүрээнд ЦЕГ-ын урьчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн цагдаагийн дэд хурандаа Б.Цэнгэлбаяртай ярилцлаа.

Ойлгоё, хүндэлье” аян улсын хэмжээнд хэрэгжээд багагүй хугацаа өнгөрлөө. Нэлээд ч ажил хийлээ. Тус аяны талаар яриагаа эхлэе?

Цагдаагийн байгууллага гэр бүлийн хүчирхийллийн хор уршгийн талаарх иргэдийн мэдлэгийг дээшлүүлж, гэр бүлийн харилцааны сөрөг хандлага, хүчирхийлэгч болон хүчирхийлэлд өртөгчийн зан төлөвийг өөрчлөх, эерэг мэдээллийг өгч хүчирхийллийг үл тэвчих нийгмийн хандлагыг төлөвшүүлэх, нуугдмал гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, хохирогчийн эрх, хууль ёсны ашиг, сонирхолыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд дэмжлэг үзүүлэхэд төрийн болон төрийн бус байгуулага, иргэдийг оролцоог нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор энэхүү аяныг эхлүүлээд байгаа юм. Аян маань өнгөрөгч сарын 15-наас эхлээд, энэ сарын 15-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Тус “Ойлгоё Хүндэлье” урьдчилан сэргийлэх арга хэмжээг Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Нэгдсэн Үндэстний  байгууллагын Хүн амын сан, Жендэрийн үндэсний хороо зэрэг байгууллагатай хамтран зохион байгуулж байна.

-Тус аяны хүрээнд ямар ямар ажил амжуулаад байна вэ?

-Цагдаагийн байгууллагын статистик мэдээллээр гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчлийг ихэвчлэн 25-35 насны хүмүүс үйлдэж байгаа бөгөөд Цагдаагийн байгууллагаас энэ сарын 6-ны өдөр “Ub Palace” төвийн их танхимд боловсрол, урлаг соёлын олны танил хүмүүсийг оролцуулан гэр бүлийн хүчирхийлэл, гэр бүлийн үнэт зүйл, эерэг харилцаа, Монгол эр хүний үлгэр дуурайлал, гэр бүлд ээж, эхнэр хүний нөлөө зэрэг сэдвээр “Event” хийсэн байгаа. Энэ арга хэмжээнд “Монгол цэргийн нэгдсэн холбоо” ТББ, Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагууд, их, дээд сургууль, мэргэжил сургалт үйлвэрлэлийн төвийн аюутан сурагчид, иргэд идэвхтэй оролцож, хамтран ажиллалаа. Мөн олон нийтийн цахим сүлжээг ашиглан иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, хандлагыг нь өөрчлөх үүднээс богино хэмжээний видео, шторк гэх мэт зүйлсийг цацаж байна. Түүнчлэн олон нийтийн тээврийн хэрэгсэл, автобусны буудлуудаар ухуулан таниулах хуудас тараалаа. Цаашлаад, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй ч хамтран ажиллаж байна.

 

-Аяны хүрээнд гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэргийн дуудлага өсөх хандлагатай байгааг холбогдох албанаас тодруулж байсан. Яагаад тэр билээ? 

-Цагдаагийн байгууллага улсын хэмжээнд энэ аяныг зохион байгуулж байгаа. Энэ хүрээнд гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл болон гэмт хэрэг зөрчлийн дуудлага буурахгүй харин ч өсөх байх гэж харж байгаа. Яагаад гэвэл иргэдийн мэдээллэх үүрэг нэмэгдэх хандлага ажиглагдах болсон.

Эмэгтэй хүн та хэрэв гэр бүлийн хүчирхийлэлд өртөөд байвал улмаар та амь насаа алдана, эсвэл та өөрөө хүчирхийлэгчийн амь насанд хүрч ноцтой хор уршиг бий болно гэдгийг хохирогчдод ойлгуулахыг хичээж байна. Өөрөөр хэлбэл, эмэгтэй хүний хандлагыг өөрчлөх мэдээ мэдээллийг өгч байгаа. Ингэснээр хохирогч хүчирхийллийг нуун дарагдуулсаар байвал үүнээс илүү хор уршиг учирч, үүнийг дагаад миний хүүхдэд бас хор уршиг, сэтгэхүйн ямар нэгэн өөрчлөлт бий болох юм байна гэсэн тодорхой мэдээлэл авсныхаа үндсэн дээр цагдаагийн байгууллагад хандах хандлага нь нэмэгдэж байж болзошгүй. Тийм болохоор гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл өсөх хандлагатай байгаа.

-Нөгөөтэйгүүр, гэмт хэргийн тоон үзүүлэлт буурсан ч гэр бүлийн хүчирхийллийн хэрэг өссөн үзүүлэлттэй гарсныг та ч хэллээ. Зөрчлийн хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой тоон үзүүлэлт өсөв үү. Эсвэл өөр хохирогчид хуулийн байгууллагад хандах нь нэмэгдэв үү?

-Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчил цоожтой хаалганы цаана үйлдэгддэг. Улмаар хувь хүний нэр хүнд, өмч хөрөнгө гээд олон зүйлтэй холбоотой. Монгол Улсад 850 мянга гаруй гэр бүл бий. Айл болгоны хаалганы цаана юу болж байгааг цагдаагийн байгууллага мэдэх боломж байдаггүй. Тэр утгаараа гэр бүлийн хүчирхийллийн хохирогч тэсэхээ болиод гомдол гаргах, эсвэл ах дүү, хамаатан садан, найз нөхөд нь, хөрш айл нь дуудлага мэдээлэл өгч байж илэрдэг.

-Тэгэхээр гэр бүлийн хүчирхийлэлд зөвхөн эмэгтэйчүүд гэлтгүй эрчүүд ч өртөх нь бий. Энэ талаарх тоон мэдээллийг тодруулна уу?

-2019 оны 11 сарын байдлаар улсын хэмжээнд 30.011 гэмт хэрэг бүртгэгдсэн. Үүнээс 970 нь гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн. Өөрөөр хэлбэл, 4.2 хувь нь болж байгаа юм. Энэ гэмт хэрэгт 918 иргэн өртөж хохирсоны 90.8 хувь нь эмэгтэй хүн. 6.8 хувь нь хүүхэд, 2.4 нь эрэгтэй хүн гэсэн статистик мэдээлэл бий.

-Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийн тоон мэдээлэл харьцангуй бага байгаа бололтой?

-Хүүхэд харьцангуй өртөх нь бага. Гэхдээ үүнд тайвширч болохгүй. Хүчирхийлэлд өртөж байгаа насанд хүрсэн эмэгтэй болгоны ард хүүхэд бий. Тэр нь их бага хэмжээгээр ямар нэгэн байдлаар гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байдаг. Нөгөөтэйгүүр, тухайн хүүхэд хэдийгээр бие махбодийн хүчирхийлэлд  өртөөгүй боловч сэтгэл санааны хүчирхийлэлд өртдөг. Тиймээс энэ тоон мэдээлэлд тайвширч болохгүй гэсэн үг.

-Энэ төрлийн гэмт хэргийн хүчирхийлэгчид хүлээлгэх хариуцлага сул байна гэх шүүмжлэл өрнөх нь бий. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар баривчлах шийтгэлтэй байх аа?

-2019 оны эхний 11 сарын байдлаар улсын хэмжээнд цагдаагийн байгууллагад 1.963.882 зөрчил бүртгэгдсэний  8229 буюу 0.4 хувь гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдэж, 5537 хүнд баривчилгааны шийтгэл оногдуулсан. Гэр бүлийн хүчирхийлэл Зөрчилд тооцогддог. Зөрчлийн тухай хуулиар энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд 7-30 хоногийн баривчилгааны шийтгэлтэй. Түүнээс биш бусад зөрчил шиг торгох болон эрх халах шийтгэл байдаггүй. Үүгээрээ онцлог. Нэг талдаа хүнд шийтгэлтэй гэж ойлгож болно.

-Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон этгээдтэй ижил хариуцлага хүлээлгэдэг талаар хуульчид хэлж байсныг санаж байна?

-Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон эрхээ хасуулсан этгээд, эсвэл эрхгүй этгээд  согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол 7-30 хоног баривчлагдах шийтгэлтэй. Нөгөө талдаа гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг үйлдсэн этгээд  7-30 хоногийн баривчилгааны шийтгэлтэй.

-Торгууль байхгүй гэсэн үг үү?

-Тийм ээ, торгууль байхгүй.

-Гэвч хүчирхийлэгч этгээдийг 14 хоног саатуулаад 300 мянган төгргөөр торгодог тухай хэд хэдэн тохиолдлыг мэдэх юм. Зөрчлийн хуулиар баривчлах болон торгох шийтгэлтэй биш үү?

-Тийм юм байхгүй. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчийг 7-30 хоногийн хугацаанд баривчилна. Торгууль бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгуллагын баривчлах байрных нь янз бүрийн зардалтай холбоотой байх. Тэрийг хүмүүс андуураад байх шиг байгаа юм. Тэр нь манайд ямар ч хамааралгүй. Цагдаагийн байгууллага хэргийн материалыг бүрдүүлээд прокурорт хянууллаа, шүүхэд аваачлаа, баривчлууллаа тэгээд боллоо. Шүүхийн шийдвэрийн дагуу тухайн этгээдийг баривчлан саатуулдаг байгаа.

-Хохирогчийг хамгаалах тал дээр манайхан нэлээд сул ажилладаг гэсэн олон нийтийн шүүмжлэл тасардаггүй. Тухайлбал, түр саатуулах байранд хэд хоног байлгаад гаргадаг. Гэвч хохирогч эргээд хүчирхийлэлд өртдөг шүү дээ?

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд 2017 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Энэ хуулийн үндсэн гол үзэл баримтлал нь хохирогчийн аюулгүй байдлыг хангах, тэдэнд тусламж үзүүлэхтэй холбоотой зохицуулалт байдаг. Яг өнөөдөр бол цагдаагийн байгууллага дуудлага мэдээлэл дээр нэн даруй очиж байгаа. Очоод хүчирхийлэл үйлдэгчийн үйлдлийг таслан зогсоох, хохирогчийн аюулгүй байдлыг хангаад тэгээд дараа дараагийн ажлыг хийдэг. Ер нь хохирогчийн аюулгүй байдлыг хангах нь нэн тэргүүний ажил. Мөн Цагдаагийн байгууллагын хувьд, өнөөдөр Улаанбаатарт байгаа Нийслэлийн цагдаагийн удирдах газрын харьяа түр хамгаалах байр болон бусад гэр бүлийн хүчирхийллийн эсрэг үндэсний төв гэдэг ч юм уу Ид шидийн орон ч юм уу бусад түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээнд хохирогчийн аюулгүй байдлыг хангаж аваачдаг. Нөгөө талдаа хүчирхийлэл үйлдэгчийн үйлдлийг таслан зогсоож, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бол эрүүлжүүлнэ. Аль болох хурдан шүүхээр шийдвэрлүүлнэ. Хэрэв үнэхээр хохирогчийн аюулгүй байдал хангагдахгүй байвал түр хамгаалах байранд  байлгах арга хэмжээ авна. Ихэнх тохиолдолд хохирогч өөрийн ойр дотны хүн, эцэг эх, ах дүү, найз нөхдийнхөө асрамж халамжид очдог тал бий.

-Тэгэхээр жендерт суурилсан хүчирхийлэл гэж юуг хэлэх вэ?

-Статистикаас харвал эрчүүд хүчирхийлэгч болж эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртөгч болсон үзүүлэлт байна. Энэ бол жендерийн тэгш байдал алдагдсаны илрэл. Үүнд жендерийн тэгш эрх яригддаг. Эрэгтэй эмэгтэй хүмүүс бие биенээ хүндэтгэж, тэгш харьцдаг байсан бол гэр бүлийн хүчирхийлэл гэж байхгүй.

Эхний удаад хохирогч дуудлага өгөөд хүчирхийлэл үйлдэгчийг баривчлуулчихдаг. Гэтэл суллагдсан нөхөр дахиад хүчирхийлэл үйлддэг үзэгдэл нэлээд байдаг. Үүнийг хуулиар яаж зохицуулж байна вэ?

-Энэ асуудал ер нь нэлээн харьцангуй ойлголт болчихоод байгаа юм. Бид Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагатай хамтран ирэх онд судалгаа хийхээр төлөвлөж байгаа. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Зөрчлийн болон Эрүүгийн хуульд энэ төрлийн гэмт хэргийг зохицуулалтууд шинээр тусгагдсан. Үүнтэй холбоотой бодитой судалгаанууд бий болсон. Ингэснээр энэ төрлийн гэмт хэргийн үзүүлэлтүүдийг 2018, 2019 онтой харьцуулах боломжтой болчихсон. Хүчирхийлэл үйлдэж байгаа нөхдүүд давтан үйлдсэн нь хэд орчим хувийг эзэлж байгааг тодорхой гаргах шаардлагатай. Яг хэдэн хувь нь дахин гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байна, хэдэн хувь нь үйлдлээсээ татгалзаж, больсон байна гэхчлэн. Үнэхээр хүчирхийлэл дахин давтан үйлдсэн бол зөрчил бүрт нь Зөрчлийн хуулиар дахин арга хэмжээ тооцно. Харин 3 буюу  түүнээс дээш болон  үргэлжилсэн болон удааширсан үйлдэлтэй байвал Эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Өөрөөр хэлбэл, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан шалгадаг.

-Ер нь гэр бүлийн хүчирхийллийн суурь шалтгаан нь юу байна вэ?

-Аливаа гэмт хэргийн суурь шалтгааныг ажилгүйдэл, архидалт, ядуурлаас улбаатай гэж авч үзсээр ирсэн. Бид яг энэ шалтгаануудыг яриад 30-40 гаруй жил болжээ. Гэвч гэр бүлийн хүчирхийллийн суурь нь харилцаанаас үүдэлтэй байдаг. Эхнэр нь нөхрөө хүндлэхгүй. Нөхөр нь эхнэрээ ойлгохгүй байна. Үүнээс болоод л зөрчил үүсээд байгаа юм. Тэд жижиг гэлтгүй асуудал дээр сөргөлдсөн байр суурьтай байж байгаад л эцсийн мөчид нударгаар шийдээд, нөгөө хүчирхийлэл чинь гараад байна. Тиймээс бид тус аяныг “Ойлгоё Хүндэлье” гэсэн уриан дор, харилцаан дээр суурилж асуудлыг хөндөж байгаа юм. Уг нь бид чинь уламжлал, ёс заншлаа дээдлэн хүндэтгэдэг ард түмэн. Аавыгаа өрх гэрийн тэргүүн хэмээн хүндэлж, малгай бүсийг нь хүртэл өөд нь залдаг шүү дээ. Ээжийгээ гэрээ гийгүүлэх, гэрийн эзэгтэй хэмээн хүндэлсээр ирсэн. Гэвч сүүлийн үед энэхүү сайхан ухагдахуун маань хазайж, нэг л биеэ даасан хүний үг сонсдоггүй, даадаггүй хүмүүс олшрох болсноор энэ төрлийн гэмт хэргийн гаралт ихсэх болжээ. Тиймээс л гэр бүлийнхээ төлөө гоё хүн байя гэсэн уриаг хүргэж байна даа. Ер нь хүчирхийлэлд Ялагч байдаггүй юм.

-Ярилцсанд баярлалаа.

<

© 2022 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.