Гэр хороололд инженерийн шугам сүлжээ бүхий хангамжийг нэвтрүүлэх “Дэд бүтцийн төв” төслийн хүрээнд Баянхошууны хөтлийн Хувьсгалчдын 11-15-р гудамжны 200 айл өрх инженерийн шугам сүлжээ, халаалт дулаан, цэвэр, бохир усны шугаманд холбогджээ.
“Дэд бүтцийн төв” төслийн нээлтэд УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан болон тухайн дүүрэг, хорооны удирдлага, ИТХ-ын төлөөлөгч нар, оршин суугчид оролцлоо.
Нээлтэд оролцсон УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг “Гэр хорооллыг ирээдүйд байшин хороолол болгож, аюулгүй, эрүүл, эко орчин бүрдүүлэх хамгийн оновчтой шийдэл нь энэ төсөл гэж үзэж байна. Энэ ажилд БНХАУ-аас 5 тэрбум, нийслэлийн төсвөөс мөн 5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулж, 14 га газрыг хамарсан инженерийн таван шугам татаж, шугамуудыг “Дэд бүтцийн төв”-тэйгөө холбосон. Мөн 4 хэсэгт 1.5 км хар зам тавьсан, цэвэрлэх байгууламжийг бүрэн ашиглалтад оруулж байна. Ийм цогц төслийг цаашид өөр хороодод хэрэгжүүлэхийн төлөө ажиллана” гэв.
Дурдсан цэвэрлэх байгууламж нь нийт гурван гудамжны 285 айл өрхийг цахилгаан, дулааны болон бохирын шугамд холбож байгаа бөгөөд эдгээр айлын хэрэглээний бохир усыг хамгийн өндөр хэмжээнд цэвэршүүлэх хүчин чадалтай Герман улсын технологиор барьж байгуулжээ. Хоногт 530 шоо метр ус цэвэрлэх хүчин чадалтай, бохир усыг 99.9 хувь цэвэршүүлж, зүлэг ногоо услах зэргээр ашиглах төдийгүй цаашид хүчин чадлыг нь өргөтгөх боломжтой аж.
Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “Ирэх хавраас иргэдийг орон сууцжуулах “Орлогод нийцсэн орон сууц” хөтөлбөр хэрэгжиж эхлэнэ гэдгийг дуулгахад таатай байна. Одоо айл өрхүүд гаднах тохижилтдоо анхаарч, хашаандаа ногоон байгууламжийг байгуулан ажиллах байх аа. Та бүхний идэвх, хүчин зүтгэлээс сайхан орчинд хэрхэн амьдрах бүх зүйл хамаарна” гэсэн юм.
Нээлтийн дараа оролцогчид төсөлд хамрагдсан айл өрхөөр орсон юм. Хувьсгалчдын 13-р гудамжинд оршин суудаг Н.Отгоныд зочлоход “Халаалтын паар, ариун цэврийн өрөөний суултуур, угаалтуур зэргээ өөрсдөө базаасан. Үлдсэн бүх зардлыг улсаас гаргасан. Хашаандаа орон сууцанд байгаагаас дутахгүй, цахилгаан, дулаан, цэвэр, бохир устай, засмал замтай орчинд амьдрах болсон нь үнэхээр таатай байна” гэж байлаа.
Дэд бүтцийн төв ашиглалтад орсноор яндангийн тоо цөөрч, тэр хэрээр агаар, хөрсний бохирдол буурч, газрын үнэлгээ нэмэгдэн, иргэд өмчлөлийн газартаа ая тухтай амьдрах нөхцөл бүрдэж байна.