Ирэх оны төсөв хувийн хэвшлийнхэнд халтай санж

2019-10-28 Нийтлэл

Сонгуулийн жилийн төсөв хэлэлцэх их ажил парламентад суудалтай намуудын өмнө ирлээ. 

Тодруулбал, Монгол Улсын 2020 оны төсвийн орлогыг 11.7 их наяд, зарлагыг 13.8 их наяд,  төсвийн тэнцлийг хоёр их наяд төгрөг байхаар тооцсон байна. Ингэснээр төсвийн зардал ДНБ-ний 5.1 хувьтай тэнцэнэ. Эрх баригч намынхны санал нэгдсэн тооцооллоор ирэх оны төсөвт МАН-ын 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хангах чухал заалтууд оржээ. Мэдээж сонгуулийн өмнөх төсөв гэдгээрээ уламжлал шахуу болсон цалин тэтгэвэр нэмэх гэх мэт нийгмийн шинжтэй заалтууд багтаасан аж. Нэг үгээр хэлбэл, МАН-ынхан өмнөх сонгуулийн мөрийн хөтөлбөрөө биелүүлж, ирэх парламентад суудал горилон “хүндхэн” байгаа төслийн төсөвт цалин нэмэх заалтыг нүдээ анин шингээсэнд эдийн засагчид шүүмжлэлтэй хандаж байна. Зүй нь цалин нэмэхэд өргөн хэрэглээний барааны үнэ өсч хувийн хэвшлийнхэнд ачааны хүнд ирдэг нь бодит үнэн. Чухамдаа төрийн түрийвчин дэх мөнгөний талыг хувийн хэвшлийнхэн бүрдүүлдэг атлаа өнөөдрийг хүртэл өргөн хэрэглээний барааны үнэ өслөө хэмээн дуугарч, гоншигнож байсангүй. Харин ч ойворгон бодолтой төрийн албан хаагчдын хөлд чирэгдэж, өргөн хэрэглээний барааны үнэд цохиулсан шигээ өдөр хоногийг өнгөрөөж байна. Төрийн албан хаагчдын цалин нэмэгдлээ гэхэд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ мөн хэмжээнд нэмэгдсэнээр хэн хожив. Цалингаа нэмүүлсэн төрийн албан хаагчид тэр хэрээр өссөн өртөгтэй бараа бүтээгдэхүүн худалдан авч, хойд хормойгоороо урд хормойгоо нөхсөн амьдрал нь яг хэвээр. Гэвч эрхэм төр, төсвийн алба хаагчдаа… улс төрийн ашиг хонжоо хайгч увайгүй нөхөд өө… Та бүхний бодлогогүй шоудалтын сүүдэрт хувийн хэвшилд ажилладаг ах дүү, амраг садан чинь өртөж, өдрөөс өдөрт ачааны хүндийг амрах чөлөөгүй үүрч явааг мэдэх үү. Гэвч сонгуулийн жилд цалин нэмэх энэхүү заалт төсөвт хэрэгжсэнээр намын мөрийн хөтөлбөр бүрэн хангагдана гэдэгт “ах” намынхан санал нэгдсэнээ мэдэгдээд буй юм.

Харин уул уурхайн бүтээгдэхүүнээс олох орлогыг 2020 онд 24.9 хувиар нэмж, 3.2 их наяд төгрөгт хүргэхээр тооцсон байна. Гэвч энэ онд тус салбарын орлого төсөөлсөн хэмжээнд хүрэхгүй байгаа нь бодит үнэн. Тэгэхээр энэ нэмэгдүүлсэн орлогыг олох боломж, гадаад болон дотоод нөхцөл байдал талаасаа ямар байгаа талаар эрх баригчдын төсөөллийг хүргэе.

Үүнд, ирэх оны төсвийг боловсруулахдаа гадаад нөхцөл байдал талаасаа дөрвөн төрлийн эрсдэл бий гэж үзжээ. Нэгдүгээрт, АНУ, БНХАУ-ын худалдааны дайн. Хоёрдугаарт, дэлхийн зах зээл дэх уул уурхайн бүтээгдэхүүний үнийн эрсдэл. Гуравдугаарт, дэлхийн эдийн засгийн өсөлт саармагжих магадлал байгаа. Дөрөвдүгээрт, Европын холбооны үл ойлголцол гэсэн үндсэн дөрвөн эрсдэлийг Сангийн яамнаас тооцоолж буй юм. Түүгээр зогсохгүй дотоодод мөн эрсдэл байна гэж үзжээ. Тухайлбал, өвөлжилтийн байдал хүндэрч магадгүй. Мөн манай улс “саарал жагсаалт”-д орох эрсдэлтэй байгааг эрх баригчид нуусангүй.

Түүнчлэн манай улсын гол амь зогсоодог нүүрсний экспортыг 42 сая тонноор тооцож, ханш нь өнгөрсөн жилийнхтэй ижил байхаар тооцжээ. Мөн төмрийн хүдрийн үнэ өсөх тул экспортлох хэмжээг нэмсэн байна. Харин алтны олборлолтыг бууруулж, 19 тонн болгожээ. Энэ нь дэлхийн зах зээлд үнэ өсөх прогноз байгаа гэсэн таамаг дэвшүүлэн дээрх тооцоог гаргасан байна.

Энд нэг зүйлийг онцлоход, Монгол Улсын гадаад дахь өр өнөөдрийн байдлаар 29.7 тэрбум ам.доллар байгаа гэдгийг Сангийн сайд албан ёсоор хэлж байна. Үүний 18.2 тэрбум ам.доллар нь ААН-ийн авсан өр. Тухайлбал, “Оюутолгой”, “Саус гоби сэндс”, Хөгжлийн банк, “Монголын алт”, МИАТ зэрэг компанийн гаднаас авсан зээл. Мөн 2.2 нь арилжааны банкуудын зээл. Монголбанкинд 2 гаруй тэрбум ам.долларын зээл байгаа. Үлдсэн долоо нь Засгийн газрын өр. Үүний хоёр гаруй нь бонд. Засгийн газар байгуулагдаад 7.4 их наяд төгрөгийн өр төлсөн байна.

О.ГЭРЭЛ

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.