Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас өнөөдөр ургац хураалтын нэгдсэн дүн, өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын талаар тус яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Энх-Амар, Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун нар мэдээлэл өглөө.
МАЛ АЖ АХУЙН САЛБАРЫН 2018-2019 ОНЫ ӨВӨЛЖИЛТ, ХАВАРЖИЛТЫН БЭЛТГЭЛ 89,1 ХУВЬТАЙ БАЙНА
Энэ жил улсын хэмжээнд нийт 169.7 мянган малчин өрхийн 68.4 сая, хонин толгойд шилжүүлснээр 113.7 сая толгой малыг өвөлжүүлэх бэлтгэл ажлын зохион байгуулалтыг хангаж ажиллав. Үүнээс 19465 өрхийн 8.7 сая толгой мал отроор өвөлжиж, хаваржих бэлтгэлийг хангалаа.
Өвөл, хаврын бэлчээрийн даацын судалгаагаар нийт нутгийн 60 гаруй хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх, нутгийн 40 орчим хувь нь бэлчээрийн хүрэлцээ муу гэсэн үзүүлэлттэй, энэхүү үзүүлэлтийг өнгөрсөн жилтэй харьцуулахад 50 хувиар сайн байгаа бөгөөд отор, нүүдэл өмнөх жилийн хөдөлгөөнөөс 3.4 мянган өрх буюу 1.1 сая малаар буурсан байна.
1,1 сая тонн өвс бэлтгээд байна
Энэ онд малчдын түвшинд өвс 1 сая 162.1 мянган тонн, сүрэл 16.6 мянган тонн, ногоон тэжээл 113.4 мянган тонн, үйлдвэрийн тэжээл 42.3 мянган тонн, гар тэжээл 79.8 мянган тонн, дарш 10.8 мянган тонн, давс, хужир 107.6 мянган тонн бэлтгэсэн нь бэлтгэвэл зохих нийт өвс, тэжээлийн 89.5 хувь юм. Энэ нь өмнөх оноос өвс 227 мянган тонн-оор, ногоон тэжээл 90.8 мянган тонн-оор, гар тэжээл 38.6 мянган тонн-оор тус тус илүү байна.
Засгийн газрын 2018 оны 218 дугаар тогтоолоор Аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд 25.9 мянган тонн өвс, 14.7 мянган тонн тэжээл бэлтгэх даалгавартайгаас одоогийн байдлаар 21.2 мянган тонн өвс, 7.1 мянган тонн тэжээл бэлтгэсэн нь аймгийн түвшинд 94.5 хувь, сумдын түвшинд 66.7 хувийн биелэлттэй байна.
2018 онд улсын төсөв, гадаадын төсөл, хөтөлбөр, орон нутгийн төсвийн хөрөнгөөр 206 инженерийн хийцтэй худаг, малчдын өөрсдийн санаачилгаар 296 гар худаг гаргасан нь 930.5 мянган га бэлчээр буюу 2.7 мянган малчин өрхийн 1.4 сая толгой малын усан хангамжийг нэмэгдүүлэх арга хэмжээ боллоо.
Бэлчээрийн ургамал хамгаалах арга хэмжээний хүрээнд үлийн цагаан оготнотой 15 аймгийн 730 мянган га-д, царцаатай 3 аймгийн 70 мянган га-д тус тус тэмцэж, нийт бэлчээрийн даац багтаамжийг 800 мянган га-гаар эргэлтэд оруулах боломжийг бүрдүүлэн ажиллалаа.
Махны экспорт өмнөх оноос өссөн үзүүлэлттэй байна
Энэ оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн байдлаар ОХУ, БНХАУ, Казакстан, Япон, Иран, БНСВУ, Малайз, Гонконг 955 тонн үхрийн мах, 22492 тонн адууны мах, 3814 тонн хонь, ямааны мах нийт 27261 тонн мах, 16027 тонн дулааны аргаар боловсруулсан махыг тус тус экспортолж, нийт 104 сая ам.долларын экспорт хийгдээд байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс мах 17.7 мянган тонн-оор, дулааны аргаар боловсруулсан мах 14.5 мянган тонн-оор тус тус өссөн үзүүлэлт юм.
Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, ус, хашааны хүрэлцээ хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд улсын хэмжээнд өвөлжилт, хаваржилтын бэлтгэл 89.1 хувьтай хангагдлаа.
“Хадлан тэжээл-2018” болзолт уралдааны дүн гарлаа
Малчид, баг, сум, аймгийн дунд өвс, тэжээл бэлтгэх, өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлыг урамшуулах, ажлын үр дүнг дээшлүүлэх чиглэлээр “Хадлан тэжээл-2018” болзолт уралдааныг зарласан. Аймаг, нийслэлээс ирүүлсэн материалыг 2018 оны 11 дүгээр сарын 15-ны дотор дүгнэлээ. Уралдаанд аймгаас “Хөвсгөл” аймаг, Сэлэнгэ аймгийн “Орхон туул” сум, Дорнод аймгийн Баяндун сумын “Түргэн баг”, малчдын бүлгээс Увс аймгийн Хяргас сумын Хайрхан багийн “Улаан-Адаргана” малчдын бүлэг, фермерээс Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн “Баянцагаан хайрхан” ХХК тус тус шалгараад байна. Шалгарсан аймаг, сум, баг, малчдын бүлэг, фермер нь хамгийн их хадлан, тэжээл бэлтгэсэн, мал эмнэлгийн арга хэмжээнд малаа бүрэн хамруулж, өвчлөл гаргаагүй, малаа эдийн засгийн эргэлтэд хамгийн сайн оруулсан, отор нүүдлийн бэлтгэл зэргийг сайн хангаж ажилласан байна.
ЭНЭ ЖИЛ ӨМНӨХ ОНООС 1,8 ДАХИН ИХ БУЮУ 444,7 МЯНГАН ТОНН ҮР ТАРИА ХУРААН АВЛАА
Нийт тариалсан талбайн 74.3 хувь нь соёололтоор онц, сайн үнэлгээтэй байв
2018 онб хувьд хөрсний угтвар чийг, цаг агаарын төлөв байдалтай уялдуулан улаанбуудай, төмсний тариалалтыг 5 дугаар сарын 05-наас 5 дугаар сарын 28-ны хооронд, хүнсний ногоо, тэжээлийн таримлын тариалалтыг 5 дугаар сарын 15-наас 6 дугаар сарын 5-ны хооронд тус тус зохион байгуулсны зэрэгцээ тариалалтын чанарыг соёололтоор хүлээн авах ажилд 13 аймгийн 86 сумын 1265 аж ахуйн нэгж, иргэний 365.2 мянган га талбай хамрагдаж, нийт тариалсан талбайн 74.3 хувь нь соёололтоор онц, сайн үнэлгээтэй байсан юм.
Энэ оны 5, 6 дугаар сард бүхэлдээ тариалангийн бүс нутгуудаар хур тунадас багатай хуурай халуун, улмаар 7 дугаар сарын 5-ныг хүртэл нийт нутгаар хур бороогүй гандуу байсан нь таримал ургамлын өсөлт хөгжилтөд сөргөөр нөлөөлсөн.
Түүнчлэн таримал ургамлын боловсрох үе шат болох 8, 9 дүгээр саруудад хур тунхдас ихтэй, хүйтэн сэрүүн байснаар болц оройтсон бөгөөд ургац хураалтын үе буюу 9,10 дугаар саруудад үргэлжилсэн их бороо, 2-3 удаа их хэмжээний цас орж, сэрүүн байсан. Эдгээр шалтгааны улмаас ургацын болц, жигдрэлт, буудайн чанарт сөргөөр нөлөөлж, улмаар ургац хураалтын ажил цаг агаарын хүндрэл учирсан боловч техник, технологийн шинэчлэл, тариаланчдын идэвх зүтгэлийн үр дүнд хураалтын ажлыг технологийн хугацаанд амжилттай зохион байгуулж, 10 дугаар сарын 25-нд талбайн ажлыг бүрэн дуусгалаа.
Энэ жил өмнөх оноос 1,8 дахин их буюу 444,7 мянган тонн үр тариа хураан авлаа
2018 оны ургац хураалтын урьдчилсан дүнгээр нийт 444.7 мянган тонн үр тариа, үүнээс 428.6 мянган тонн улаанбуудай, 167.9 мянган тонн төмс, 99.2 мянган тонн хүнсний ногоо, 23.4 мянган тонн тосны ургамал, 134.3 мянган тонн тэжээлийн ургамал тус тус хураан авч буудай, төмснийхээ хэрэгцээг дотоодын ургацаас хангах боломжийг бүрдүүлэв.
Таримлын төрөл | Урьдчилсан баланс /2018.08.24/ | Ургац хураалтын дүн /2018.11.21/ |
Үр тариа | 450.3 мянган тонн үр тариа, үүнээс 425.8 мянган тонн буудай | 444.7 мянган тонн үр тариа, үүнээс 428.6 мянган тонн улаанбуудай |
Төмс | 151 мянган тонн | 167.9 мянган тонн |
Хүнсний ногоо | 95.1 мянган тонн | 99.2 мянган тонн |
Тэжээл | 30.1 мянган тонн | 134,3 мянган тонн |
Тосны ургамал | 86.3 мянган тонн | 23,4 мянган тонн |
Шинэ ургацаас гурилын үйлдвэрүүд 226.4 мянган тонн, Тариалан эрхлэлтийг дэмжих сан 50.5 мянган тонн, нийтдээ гурил үйлдвэрлэлд 276.9 мянган тонн буудай нийлүүлэгдсэнээр 63.1 мянган тонн буудай борлуулалтын шатандаа байгаа мэдээтэй байна. Манай улс жилийн хэрэгцээт гурилаа дотооддоо үйлдвэрлэхэд 320 мянган тонн хүнсний улаанбуудайн шаардлагатай бөгөөд энэ жилийн ургацын дүн, борлуулалтаас харахад нийтдээ 340 мянган тонн хүнсний буудайн нөөц бүрдэх боломж харагдаж байна. Энэ жилийн хувьд 134.3 мянган тонн таримал тэжээл хураан авсан нь сүүлийн 30 шахам жилийн хугацаанд гарч байгаагүй ажлын амжилт болж байна.
Буудайн хуваарилалт
д/д | Үзүүлэлт | мян/тн-оор |
1. | Хураан авсан ургац | 428.6 |
2. | Дараа онд тариалах үрэнд | 43.2 |
3. | Улсын үрийн нөөцөд | 3.1 |
4. | Тэжээл үйлдвэрлэлд | 30.3 |
5. | Спиртийн үйлдвэрт | 7.4 |
6. | Тариалан эрхлэлтийг дэмжих санд
/хүнсэнд/ |
50.5 |
7. | Тариалан эрхлэлтийг дэмжих санд /үрэнд/ | 4.6 |
8. | Гурилын үйлдвэрт | 226.4 |
9. | Борлуулалтын шатандаа байгаа | 63.1 |
Гурил үйлдвэрлэлт, хангалт
д/д | Үзүүлэлт | мян/тн-оор |
1. | Гурилын үйлдвэр,ТЭДС-нд авсан буудай | 276.9 |
2. | Борлуулалтын шатандаа байгаа | 63.1 |
3. | Хүнсний буудайн нөөц | 340 |
4. | Хүн амын хэрэгцээт гурил | 240 |
5. | Шаардагдах буудай | 320 |
6. | Дутагдах буудай | 0 |
Байгаль цаг агаарын давагдашгүй хүчин зүйл ган, нарны хэт их халалт, бороо, цасны улмаас үр тарианы 24.3 мянган га талбай тэжээлд шилжиж, 12.9 мянган га талбай ургац алдсанаар нийтдээ 37.2 мянган га талбай хураах боломжгүй болсон юм.
Энэ онд аж ахуйн нэгж, иргэд 378.1 мянган га-д чанар сайтай уринш боловсруулж, бэлтгэсний 194.9 мянган га талбайг нь дэвшилтэт технологиор боловсруулсан. 2019 оны тариалалтад зориулан аж ахуйн нэгж, иргэд 43.2 мянган тонн, Тариалан эрхлэлтийг дэмжих сан болон Онцгой байдлын ерөнхий газарт 7.7 мянган тонн, нийтдээ 50.9 мянган тонн үрийн буудайн нөөц бүрдүүлээд байна.
Ургац хураалтын явц, цаг агаарын хүндрэлийн улмаас үүссэн нөхцөл байдалтай танилцах ажлаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Төв, Сэлэнгэ Дархан-Уул аймагт ажиллан, тариаланчид, ногоочидтой уулзаж, тэдгээрийн тавьсан санал хүсэлт, тулгамдсан зарим асуудлын талаар тусгайлан өгсөн үүрэг, чиглэлийн дагуу уг асуудлыг Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанд танилцуулж, 42 дугаар тэмдэглэл гаргуулан, хэрэгжилтийг зохион байгуулав.
Мөн ургац хураалтын явцын талаар УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн Байнгын хорооны хуралдаанд танилцуулга хийсний зэрэгцээ тус байнгын хорооны гишүүд 10 дугаар сарын 19-20-ны өдрүүдэд Дархан, Сэлэнгийн бүсэд ажиллан, ургац хураалтын явц, тулгамдсан зарим асуудалтай биечлэн танилцав.
2018 онд газар тариалангийн салбарт хийж хэрэгжүүлсэн гол ажлууд
Монгол Улсад атар газар эзэмшиж, газар тариаланг бие даасан салбар болгон хөгжүүлсний түүхт 60 жилийн ой 2019 онд тохиож байгаатай холбогдуулан Засгийн газраас ойг угтсан “Атар-60” хоёр жилийн бүтээлч ажлын төлөвлөгөөг батлан гаргаж, тариаланчиддаа танилцуулан, хэрэгжилтийг зохион байгуулж байна.
Тариалангийн үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийг хангах зорилгоор аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэн эхний ээлжинд Сэлэнгэ, Төв, Дархан-Уул, Булган, Архангай, Өвөрхангай, Хэнтий аймгийн тариалан бүхий 60 сумын 113 багийн нутгийг хамруулан Тариалангийн бүс нутгийг тогтоох шийдвэр гаргасны үндсэн дээр хэрэгжилтийг зохион байгуулж эхлээд байна.
Тариалалтын бэлтгэл ажлын хүрээнд 21 аймаг, нийслэлийн 700 гаруй тариаланчид, ногоочид, жимсчид оролцсон Улсын зөвлөгөөнийг зохион байгуулж, салбарын 2018 оны зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээ, тариалалтын технологийн талаар хэлэлцүүлэв. Энэ үеэр Засгийн газрын “Хүнсний ногоо, “Жимс жимсгэнэ” үндэсний хөтөлбөрүүдийн нээлтийн арга хэмжээг хамтатган зохион байгуулсны зэрэгцээ Сэлэнгэ, Төв, Булган, Дархан-Уул, Увс, Ховд, Дорноговь аймгийн тариаланчдын зөвлөгөөнд тус яамнаас төлөөлөгчид оролцож, 2018 оны зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээг танилцуулж ажиллав.
Тариалалтад дутагдах үрийн нөөцийг нэмж бүрдүүлэхээр төсвийн болон ТЭДС-гийн хөрөнгөөр 5.9 мянган тонн элит, 2.1 мянган тонн сортын, нийт 8 мянган тонн үрийн буудайг импортоор нийлүүлж, худалдах үнийг 30 хувиар хямдруулан, 570-660 мянган төгрөгөөр тогтоож, 30 хувийн урьдчилгаатай зээлээр олгон, намрын ургацаас нөхөн бүрдүүлэхээр шийдвэрлэж, нийт 610 гаруй аж ахуйн нэгж, иргэнд 29.5 мянган тонн үрийн буудайг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгож, бэлтгэсэн уриншдаа бүрэн тариалах боломжийг бүрдүүлж ажиллалаа.
ТЭДС-гаар дамжуулан тариалалт, уринш боловсруулалт, ургац хураалтад зориулан давхардсан тоогоор нийт 1120 гаруй аж ахуйн нэгж, иргэнд 14.1 тэрбум төгрөгийн үнэ бүхий 6.3 мянган тонн шатахууныг 50 хувийн урьдчилгаатай зээлээр олгож, тариалангийн салбарын технологийн ажилбаруудыг хугацаанд нь гүйцэтгэх боломжийг бүрдүүлсэн юм.
Байгаль цаг агаарын хүндрэлийн улмаас үүссэн нөхцөл байдалтай уялдуулан ТЭДС-гийн өр авлагад тооцож авах 1 тонн хүнсний буудайн үнийг 600 мянган төгрөг, худалдан авах үнийг 560 мянган төгрөг болгож нэмэгдүүлэн, налсан тариа хураах иш өргөгчийг ОХУ-аас нийлүүлэн, дотоодын нөөц боломжиндоо тулгуурлан үйлдвэрлэсний үр дүнд 1500 орчим иш өргөгчийг тариаланчдад нийлүүлж, хураалтын үеийн хаягдлыг багасгахад дэмжлэг үзүүллээ.
Монгол Улсын Хөгжлийн банкны “Ди Би Эм Лизинг” ХХК-тай хамтран хэрэгжүүлж буй “Хөдөө аж ахуйн техникийн шинэчлэл” төслийн хүрээнд ургац хураалтын өмнө ОХУ-аас 30 ширхэг үр тариа хураах комбайн, хадлан, тэжээл бэлтгэх зориулалттай 8 нэр төрлийн 78 ширхэг техник, тоног төхөөрөмжийг нийлүүлж, жилийн 4.62 хувийн хүүтэй, 10-30 хувийн урьдчилгаа төлбөртэй, 5 жилийн хугацаатай зээлээр олгов.
Улсын төсвийн 334 сая төгрөгийн хөрөнгөөр төмс үйлдвэрлэлийн зориулалттай 15 иж бүрдэл техник, тоног төхөөрөмжийг худалдан авч, ногоочдод 20 хувийн урьдчилгаа төлбөртэй 5 жилийн хугацаатай зээлээр олгож, 300 га талбайд төмс тарьж, арчилж хураах ажлыг механикжуулах боломж бүрдүүллээ.
Хүнсний ногооны үйлдвэрлэлийг механикжуулах, ногоочдод техникээр түрээсийн үйлчилгээ үзүүүлж, тэдний хөдөлмөрийг хөнгөвчлөх зорилгоор зургаан аймгийн ХХААГ-т нийт 810.6 сая төгрөгийн үнэ бүхий 11 нэр төрлийн 58 ширхэг техник, тоног төхөөрөмжийг олгосон юм.
БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих” төслийн хүрээнд 7.6 сая ам.долларын хөрөнгөөр газар тариалан, тэжээл үйлдвэрлэлд нэн хэрэгцээтэй байгаа 50-165 морины хүчтэй трактор 180 ширхэг, хадлангийн зориулалттай 40 иж бүрдэл, таримал тэжээл үйлдвэрлэлийн зориулалттай 20 иж бүрдэл техникийг тус тус нийлүүлэх ажлыг зохион байгуулж байна.
Хөдөө аж ахуйд салбарт ашиглах ургамал хамгааллын бодис болон химийн бордооны жагсаалт, тэдгээрийн хэрэглэх хэмжээг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар батлуулав.
Ургамал хамгааллын зориулалтаар үр ариутгалын бодис 13.8 тонн, ургамал ургалтын болон уринш боловсруулалтын үед хэрэглэх ургамал хамгааллын бодис 480.4 тонн, нийлмэл бордоо 2020 тонн, гумины бордоо 184 тонныг тус тус нийлүүлж, давхардсан тоогооор 514 аж ахуйн нэгж, иргэнд 30 хувийн урьдчилгаатай зээлээр олголоо.
Ургац хураалтын ажилтай зэрэгцүүлэн тариалангийн талбайг хашаажуулах ажлыг эхлүүлж, тендерт шалгарсан аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулан, Сэлэнгэ аймгийн Цагаан нуур, Орхон, Төв аймгийн Цээл, Сүмбэр, Баянцогт, Булган аймгийн Хутаг-Өндөр сум, Орхон аймгийн Жаргалант сумдад нийт 3.6 тэрбум төгрөгийн хөрөнгөөр 430.5 км хашаа барих ажлыг зохион байгуулав.
“Алтан намар-2018” төмс, хүнсний ногооны үзэсгэлэн худалдааг нийслэл хотод зохион байгуулж, нийслэлийн 6 дүүрэг, 12 аймгийн 21 сумын 240 гаруй ногоочин, 8 аж ахуйн нэгж, 11 хоршоо, 10 гаруй төрийн болон төрийн бус байгууллага, гадаад дотоодын төсөл хөтөлбөрөөс хамрууллаа. Нийтдээ 40 гаруй нэр төрлийн 650 тонн хүнсний ногоо, 860 тонн төмс болон байгалийн жимс, жимсгэнэ, гоёл чимэглэлийн мод бутны суулгац, хүнсний ногооны үр, эмийн ургамал, тасалгааны цэцэг зэрэг бүтээгдэхүүнээр оролцож, 981 сая төгрөгийн борлуулалт хийсэн байна.
Улаанбаатар хотод төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, махны хадгалалт борлуулалтын цогцолбор төв байгуулах ТЭЗҮ боловсруулах зөвлөх үйлчилгээний тендер зарлаж, ажлын гүйцэтгэл нь 70 хувьтай байгаагийн зэрэгцээ улсын төсвийн хөрөнгөөр Ховд аймгийн Жаргалант суманд 1000 тоннын багтаамжтай хүнсний ногоо хадгалах зоорь байгуулах ажлыг эхлүүлэв.
ТЭДС-гийн Хөтөл, Хархорин, Сэлэнгэ салбаруудад үр тариа хатаах шинэ төхөөрөмжийг суурилуулан, хүчин чадлыг нь нэмэгдүүлсний зэрэгцээ үрийн буудай хадгалах 2000 тоннын агуулахыг Хөтөл, Сэлэнгэ салбаруудад нэмж байгууллаа.
“Жимс, жимсгэнэ” хөтөлбөрийн хүрээнд 166 га талбайд тариалах 211 мянган ширхэг чацаргана, үхэр нүд, алим, чавганы суулгацыг нийлүүлж, 10 хувийн урьдчилгаатайгаар 11 аймаг, нийслэлийн 150 гаруй жимс жимсгэнэ тариалагч иргэн, аж ахуйн нэгжид зээлээр олгосон. Мөн 20 иж бүрдэл 5 га-гийн дуслын усалгааны төхөөрөмж, 720 иж бүрдэл нийлэг хальсан хүлэмжийг тус тус 30 хувийн урьдчилгаатай, 4 жилийн хугацаатай зээлээр олгож байна.
Хамгаалагдсан хөрсний тариаланг нэмэгдүүлж, хангамжийг сайжруулах зорилгоор Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 324 дугаар тогтоолоор “Өвлийн хүлэмжийн аж ахуй” төсөл хэрэгжүүлэх, жил бүрийн 11 дүгээр сарын 1-нээс 5 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд 22:00- 6:00 цагийн хооронд өвлийн хүлэмжийн аж ахуйд хэрэглэсэн цахилгааны дээд хязгаарыг 1 м2 талбай тутамд 0.768 квт/цагаар тооцон урамшуулж, төлбөрөөс 100 хувь чөлөөлүүлэхээр шийдвэрлүүлэв.
Газар тариалангийн салбарт цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ:
Өнгөрсөн хугацаанд тариалангийн салбарт техник технологийн иж бүрэн шинэчлэл амжилттай нэвтэрч тариалах талбай, хураан авах ургацын хэмжээ жилээс жилд өсөн нэмэгдэж, улаанбуудай, төмсний үйлдвэрлэлээр дотоодын хэрэгцээгээ хангах хэмжээний өсөлт гарч байгаа хэдий боловч энэхүү амжилт нь тогтовортой биш, байгаль цаг уурын эрсдэлд хэт өртөмтгий байгааг харгалзан цаашид тариалангийн салбарыг тогтворжуулах зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Үүнд:
– Газар тариалан, эрчимжсэн мал аж ахуй, эрхлэх бүс нутгийг тогтоосон Засгийн газрын шийдвэрийг орон нутагт үр дүнтэй зохион байгуулж хэрэгжүүлэх
– Таримлын зохистой сэлгээ нэвтрүүлж, нэр төрлийг нэмэгдүүлэх, тариалангийн талбайн эзэмшилт, ашиглалтыг сайжруулах замаар эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг зохистойгоор хослон эрхлэх боломжийг бүрдүүлэх
– Үр үржүүлэг, сорт сорилтын салбарын бүтэц, үйл ажиллагааны чиглэлийг шинэчлэн боловсруулж, үйлдвэрлэлд нэвтрүүлэх, таримал ургамлын үрийн чанар хангамжийг сайжруулах
– Тариалангийн салбарт ОХУ, Беларусь, Польш, Герман, БНХАУ-ын техник, тоног төхөөрөмжийг сонгон нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэх замаар өндөр хүчин чадлын техникийн шинэчлэлийг 80 хувьд, дунд болон бага механикжуулалтын түвшинг 60 хувьд хүргэж шинэчлэх
– Тариалангийн хөрсний үржил шимийг хамгаалах, тэг болон цомхотгосон эрдэншүүлгийг үйлдвэрлэлд эрчимтэй нэвтрүүлэх, тариалангийн талбайг хашаажуулах, улмаар ойн зурвас байгуулах ажлыг үргэлжлүүлэх
– Усалгаатай тариалангийн талбайн хэмжээг 80 мянган га-д хүргэж ашиглалтыг сайжруулах, нэгжээс хураан авах ургацын хэмжээг нэмэгдүүлж тогтворжуулах, байгалиас хараат байдлыг бууруулах
– Засгийн газрын “Хүнсний ногоо”, “Жимс, жимсгэнэ” хөтөлбөрийн хүрээнд таримлын нэр төрөл, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, борлуулалтын нэгдсэн сүлжээ байгуулж, өрсөлдөх чадварыг бий болгох замаар тариалах талбай, хураан авах ургацын хэмжээг нэмэгдүүлж, хангамжийг сайжруулах
– Аймгийн төв болон томоохон суурин газрууд болон уул уурхайн үйлдвэрлэлийг түшиглэн 500-1000 тоннын багтаамжтай төмс, хүнсний ногооны зоорь барих, бүтээгдэхүүний хадгалалт, борлуулалтын нэгдсэн сүлжээг бий болгох
– Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөр дамжуулан механикжуулагчид, ногоочид, мэргэжилтэй ажилчин, засварчдыг шинээр бэлтгэх, давтан сургах ажлыг зохион байгуулах зэрэг болно.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30425
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.