“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Хаягдлын аж ахуйн 1302.8 га талбайд 807.1 сая тонн элс байна. Энэ нь үйлдвэрийн 40 жилийн хугацаанд хуримтлагдан бий болжээ. Энэхүү 807.1 сая тонн элснээс босч байгаа цагаан тоос нь хүн, мал, орчны эрүүл ахуйд асуудал үүсгэж улсын хэмжээнд, төр засгийн төвшинд “Эрдэнэт үйлдвэрийн цагаан тоос” хэмээх нэршлийг бий болгож бидний өмнө тулгамдсан хамгийн том асуудал болоод байгаа. Цагаан тоосыг бий болгож байгаа элс жил бүр нэмэгддэг байна. Тухайлбал, 2016 онд 27.45 сая тонн элс үйлдвэрлэсэн бол 2017 онд энэ хэмжээ 30.57 сая тонноор нэмэгдсэн байна. Харин 2018 оны аравдугаар сарын 1-ний байдлаар 30.81 сая тонн элс Хаягдлын аж ахуйд хуримтлагджээ.
Элсний хэмжээ
2016 онд 2017 онд 2018 оны 10.1-ний байдлаар
745.73 сая.т 776.3 сая.т 807.11 сая т
Үүний зэрэгцээ Хаягдлын аж ахуйн хиймэл нуур жилээс жилд томордог, усны хэмжээ нэмэгддэг байна. Тухайлбал, нуурын усны төвшин жилд 1.1-1.3 метрээр нэмэгддэг аж. Нуурын гүний дундаж нь 4.45 метр бол хамгийн гүн хэсэгтээ 8.9-9.25 метр хүрчээ. Хиймэл нуурын усны нийт эзлэхүүн нь 2018 оны аравдугаар сарын 1-ний байдлаар 19.41 сая м/куб-ээр нэмэгджээ. Хуримтлагдсан элсний талбай жил ирэх бүр нэмэгддэг байна. Жишээ нь, 2016 онд 1311.2 га байсан бол 2017 онд 1380 га болтлоо нэмэгджээ. Энэ бүхнээс харвал “Эрдэнэт үйлдвэр” ХХК аймаг, орон нутагтай хамтран Орхон аймгийн хэмжээнд “Цагаан тоос” дэд хөтөлбөрийн боловсруулан түүнийхээ дагуу ажлын төлөвлөгөө гарган хэрэгжүүлэхийг иргэдийн зүгээс гэлтгүй өнөөдрийн Хаягдлын аж ахуйн байгаа нөхцөл байдал, байгаль экологийн орчин нөхцөл өөрийн эрхгүй шаардаж байгаа аж.
Жаргалантчуудтай хийсэн уулзалтын үеэр аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн П.Энхсэлэнгэ цагаан тоосны сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор Орхон аймагт богино хугацааны “Цагаан тоос” дэд хөтөлбөр боловсруулан түүний төслийн талаар танилцууллаа. Жаргалт сумын иргэд ч энэ төсөлд сум, орон нутагт нь ямар ажил хийгдэхээр төлөвлөгдөж вэ, бид цагаан тоосноос хамааралгүй болж чадах уу гэдэг олон асуултдаа хариулт авахын тулд нэлээн анхааралтай, хариуцлагатай хандсан юм.
“Цагаан тоос” дэд хөтөлбөрт 5 зорилтын хүрээнд 10 бүлэг 21 арга хэмжээ тусчээ. Энэ хөтөлбөр нь 2018-2021 оны хооронд дөрвөн жилийн туршид нэг үе шаттайгаар хэрэгжих аж. Мэргэжлийн байгууллагуудын зүгээс хөтөлбөрийг боловсруулахдаа үндэслэлээ гаргаж ирдэг. Тэд энэ удаад Эрдэнэт үйлдвэрийн Хаягдлын санд хуримтлагдсан технологийн хаягдал булинга, цагаан элснээс салхинд дэгдэн үүсдэг цагаан тоосны экологийн үр дагавар нь өнөөдөр хүн ам, малын эрүүл мэндийн төдийгүй тухайн нутгийн ландшафтын экосистемийн хувьд тулгамдсан асуудал болсон тул дэд хөтөлбөр боловсруулах үндэслэлээ болгожээ. Өнөөдрийн байдлаар цагаан тоос нь тархалтын хувьд Эрдэнэт үйлдвэрийн хаягдлын сангийн эргэн тойронд болон Хангал голын хөндий дагуу 150 орчим км квадрат газар нутагт жилд дунджаар 4500 тонн цагаан тоос тархаж байгаа гэнэ. Энэ бүх учир шалтгаанаас үүдэн төр засаг гэлтгүй, Эрдэнэт үйлдвэрийн оролцоотой, хамтарсан байдлаар хэрэгжүүлэхээр “Цагаан тоос” дэд хөтөлбөрийг боловсруулах шаардлага үүссэн байна. Цагаан тоос жилд хэдэн удаа дэгддэгийг ч судлаачид гаргасан байна. 2017 оны байдлаар их бага хэмжээгээр 22 удаа цагаан тоос дэгджээ. Энэ үед салхины хурд хамгийн багадаа 5м/с, хамгийн ихдээ 16 м/с хүрч байжээ. Харин 2018 оны хавар 24 удаа цагаан тоосны дэгдэлт, их бага хэмжээгээр үүсэн байна. Энэ үеийн салхины хурд нь хамгийн багадаа 5 м/с байсан бол хамгийн ихдээ 19 м/с хүрч байсныг тогтоосон байна. Ийм учир шалтгааны үүднээс Эрдэнэт үйлдвэрийн болон аймаг, орон нутгийн удирдлага, мэргэжлийн байгууллагуудын оролцоотой 18 хүний бүрэлдэхүүнтэй “Цагаан тоос” дэд хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэх Ажлыг хэсгийг байгуулан хийх ажлын төлөвлөгөө, төслөө гаргаснаа Жаргалантын иргэдэд танилцууллаа. “Цагаан тоос” хөтөлбөр нь зорилгодоо хүрэхийн тулд дараахь таван зорилтыг дэвшүүлжээ.
Нэгдүгээрт: цагаан тоосны тархалт, нөлөөллийн судалгаа, мониторинг хийх
Хоёрдугаарт, цагаан тоосны дэгдэлтийг бууруулах технологийн арга хэмжээ авч хэрэгжүүлэх,
Гуравдугаарт, цагаан тоосны нийгэм, экологийн сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээ авч хэрэгжүүлэх
Дөрөвдүгээрт, эрүүл мэндийн үзлэг, шинжилгээг зохион байгуулж,сөрөг нөлөөллийг тодорхойлох, урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах
Тавдугаарт, Иргэдийг үнэн зөв, бодит мэдээллээр хангах, сурталчилгааны ажлыг тогтмол зохион байгуулах зэрэг багтсан байна. Эдгээр зоритуудыг хэрэгжүүлснээр дэд хөтөлбөр 4 жилийн турш хэрэгжиж 2021 он гэхэд Эрдэнэтийн цагаан тоосыг хазаарлаж Хангалын гол төдийгүй Говил, Баянцагаан баг, Жаргалант сумын иргэд цагаан тоосноос айх аюулгүй амар тайван, амар сайхандаа жаргах ажээ.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30423
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.