Цуврал 01
Гадны банкны зээлийн хүү 3-5 хувь, Монголынх 20 хувь
Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль энэ долоо хоногийн УИХ-ын чуулганы хэлэлцэх асуудлын дунд байгаа. Энэхүү асуудал эдийн засгийн хүрээнийхний төдийгүй гадныханы анхаарлыг нэлээд татаж буй юм. Хэрвээ тус хуулийг хаврын чуулганы хүрээнд баталчихвал гадаадын банкнууд манай улсад салбараа нээх эрх зүйн орчин бүрдэж, үйл ажиллагаагаа явуулах нь нээлттэй болох юм. Тиймээс дараах гаргалгааг гаргаж байна. Энэхүү асуудлыг хөндөх учир шалтгаан нь дараах нөхцөл байдлаас үүдэлтэй. Манай улсын санхүүгийн зах зээлийн 95-97 хувь нь банкны салбар дээр тогтдог. Банкуудын зээлийн хүү дунджаар 20 орчим хувьтай байгаа. Тиймээс бизнес эрхлэгчид зээлийн өндөр хүүг давсан орлого олохын тулд бүтээгдэхүүн, үйлчилгээний өртгөө төдий хэмжээгээр нэмэгдүүлдэг. Энэ нь мэдээж олон улстай харьцуулахад харьцангуй бага цалинтай монголчуудын худалдан авах чадварт нөлөөлж, хэрэглээг өндөр хэмжээнд тэлж чаддаггүй билээ. Өөрөөр хэлбэл, зээлийн хүү бага байвал тэр хэмжээгээр бүтээгдэхүүн, үйлчилгээний өртөг буурч хүмүүсийн худалдан авах чадамж нэмэгдэх байв. Ингэснээр компаниудын үйл ажиллагаа идэвхижиж, том зургаар Монголын эдийн засгийн өсөлтийг хангах учиртай.
Гэтэл арилжааны банкууд төрийн дэмжлэг, хамгаалалт дор үйл ажиллагаа явуулж, эрсдэл багатайгаар “мөнгө хийж” суудаг гэх шүүмжлэлийг олон нийт хэлдэг. Тухайлбал, өмнөх Засгийн газрын үед үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд арилжааны банкуудад асар их хэмжээний төгрөг байршуулж, уг эх үүсвэрээр зээлж олгож ашиг хүртсэн хэмээн шүүмжилдэг. Мөн эдийн засаг өндөр өсөлттэй байх үеийн нөхцөлөөр компаниудад зээл олгочихоод хямрал болоход нөхцөлөө эргэн хардаггүй. Тэгсэн атал эдийн засаг хүндрээд ирэх үед мөнгөний хатуу бодлого, Засгийн газраас гаргасан үнэт цаасыг худалдан авах замаар эрсдэлээс хамгаалагддаг гэж гомдоллодог. Нэг үгээр хэлбэл, бодлогын хүүг 15 хувьд хүргэж буй явдал нь банкуудын бизнес эрхлэгчдэд өгөх зээлийг хязгаарлаж, уг мөнгөний эх үүсвэрийг төв банк өөр дээрээ татан төвлөрүүлж хүү төлж буй явдал юм. Тиймээс мөнгөний хатуу бодлого нь хямралтай үед банкуудын эрсдэлийг хязгаарладаг. Засгийн газрын үнэт цаас ч мөн ижил. Эдийн засаг хямарсан үед эрсдэл хүлээж бизнес эрхлэгчдэд зээл олгох уу, эсвэл уг эх үүсвэрээр засгийн газрын баталгаат үнэт цаасыг худалдаж аваад эрсдэлгүй ашиг хүртэх үү гэсэн сонголтыг банкуудад өгч буй хэлбэр юм.
Энэ бүхнээс хамааралтайгаар гадны банкуудыг Монголд оруулж ирж өрсөлдөөнийг тэнцвэржүүлэх ёстой хэмээн бизнес эрхлэгчид үзэж байгаа. Монголын бизнесийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Ч.Мэргэн “Ерөнхий сайд гадны дөрвөн ч банк манайд үйл ажиллагаа явуулахад бэлэн тухай хэлж байсан. Тэдгээрийг оруулах хэрэгтэй. Ер нь мөнгө хаанаас орж ирэх нь чухал биш. Тэр мөнгийг бага хүүтэйгээр аваад эргэлдүүлж байж хөрөнгө оруулалтынхаа өгөөжийг хүртэнэ. Гадны банк орж ирснээр Монголын санхүүгийн байдал ч юм уу, бусад банкуудад аюул занал учруулах зүйл байхгүй. Харин ч эсрэгээр шударга өрсөлдөөн бий болно. Энэ нь ард иргэд, бизнес эрхлэгчдэд эерэгээр нөлөөлнө. Үүнийг хэвлэлтэй ойртуулж жишээлбэл, Блүүмбэрг телевиз орж ирснээр манай телевизүүдийн дунд өрсөлдөөн улам нэмэгдэж, сайжирсан уу гэхээс биш дордоогүй шүү дээ. Үүнтэй адил гадны стандарт, ноу хауг аль болох Монголд авчирах ёстой” хэмээн хэлсэн. Мөн үл хөдлөх хөрөнгийн шинжээч, эдийн засагч Д.Ангар “Гадаадын банк оруулж ирэх нь маш ашигтай. Дэлхий дээр гадны банкгүй хоёрхон улс байдаг. Нэг нь Хойд Солонгос, нөгөө нь Монгол. Дэлхийн санхүүгийн төв болсон Лондон хүртэл Итали, Испани, Франц, Америкийн банкуудтай маш чөлөөтэй ажиллаж байна. Ингэж байж маш их өрсөлдөөн үүснэ. Зээлийн хүү буурна, чанар сайжирна, нөхцөлүүд нь зөөлөрнө. Манайд дотоодын хэдэн банк 18 сарын хугацаатай 30 хувийн хүүтэй зээл авбал ав гэсэн нөхцөлөө тулгаж байна. Одоо гадаадын банк орж ирэх цаг нь болсон. Үгүй бол бид эдийн засгийн хувьд Манжийн үеийн дарлалд байгаа юм шиг амьдарсаар байна. Гадаадын банк оруулаад ирнэ гэхээр нөгөө дотоодын хэдэн банк хар пи ар явуулж эхэлдэг. Үндэсний эрх ашигт харшилна, үндэсний аюулгүй байдал гэх зэргээр. Энэ бол буруу. Чөлөөт зах зээлийн систем хэрэгтэй. Өнөөдөр манай банкуудын өгч байгаа зээл бол хүнийг зүгээр л өрөнд оруулаад, цаашид хөгжиж дэвшихгүй болгож байгаа юм” хэмээсэн.
“Bank of China” зэрэг олон улсын зах зээлийг бүрхсэн том банкуудын зээлийн хүү 3-5 хувьд хэлбэлздэг. Энэ нь манайхаас 4-5 дахин бага хүү юм. Мөн эх үүсвэрийн хувьд хязгааргүй нөөцтэй хэмээн хэлж болно. Хятадын төрийн 51 хувийн өмчтэй “Bank of China”-ын ашиг өнгөрсөн жил 80 тэрбум ам.доллараар хэмжигдсэн. Хэрэв үнэхээр гадны банк орж ирээд манай улсын бизнес эрхлэгчдэд бага хүүтэй, их хэмжээний санхүүжилт олгож эхэлбэл үйлдвэрлэл, үйлчилгээ илт сэргэх боломжтой. Улмаар эдийн засаг тогтвортой өсөх нөхцөл бүрдэхээс гадна үйлдвэрлэл дагасан ажлын байр нэмэгдэж, хүмүүсийн бодит орлого өснө. Энэ өнцгөөс харвал гадны банк зайлшгүй шаардлагатай байна.
Гадны банкаар дамжин орж ирэх улс гүрний бодлогыг хянах боломжгүй
Тэгвэл гадны банк орж ирэх нь ямар эрсдэлтэй вэ. Үүнд бэргэх хэд хэдэн учир шалтгаан бий. Мэдээж эхний асуудал бол үндэсний аюулгүй байдал. Төрийн өмчийн оролцоотой “Bank of China” мэтийн банкуудын үйл ажиллагааны ард тухайн улсын далд бодлого нуугдаж байдаг. Хэрэв тус банкаар дамжин Хятадын бодлого манай улсад хэрэгжвэл бид хамгаалах чадамжгүй хэмээн олон эдийн засагч үзэж байгаа. Тухайлбал, “Standart” банк Лондонгийн Арбитрийн шүүхээр нэхэмжлэл гаргаж, “Эрдэнэт үйлдвэр”-ийн үйл ажиллагаанд хориг тавих замаар Монгол Улсаас 100 сая ам.доллар нэхэмжилсэн. Гэтэл “Standart” банкийг хянаж чадаагүй байж “Bank of China” зэрэг том банкуудыг эрхзүйн орчин, үйл ажиллагааны хувьд ч хянана гэдэг боломжгүй хэмээж байна.
Нөгөө талаар гадны банк орж ирснээр шууд зээлийн хүүг бууруулж, их захгүй мөнгө цацахгүй хэмээж буй. Өөрөөр хэлбэл, манай арилжааны банкуудын зээлийн хүү 20 орчим хувь байхад гадны банк түүнээс ялимгүй бага буюу 15-16 хувийн хүүтэй зээл өгнө. Ингэхдээ хамгийн сайн төслүүдийг сорчилж санхүүжүүлнэ хэмээн болгоомжилж байна. Богино хугацаанд ашгаа өгөх, хөл дээрээ бүрэн тогтож зах зээлээ эзэлсэн, барьцаа хөрөнгө сайтай зэрэг эрсдэл багатай төслүүдийг сорчилж санхүүжүүлснээр дотоодын арилжааны банкуудад эрсдэлтэй бүлгүүд үлдэнэ. Улмаар энэ нь дотоодын банкуудыг унагах гол хөшүүрэг болно хэмээж байна. Мэдээж гадны банк орж ирж бага хүүтэй зээл олгосноор Монголын уул уурхайн хамаг лиценз, ашигтай объект бүгд гадны банкны барьцаанд орно. Энэ нь дам утгаараа гадны хяналтад орж байгаагаас ялгаагүй. Түүнчлэн, Хятадын банк орж ирлээ гэхэд Монголд бизнес эрхэлж буй үндэсний хөрөнгө оруулагч нараа илт дэмжинэ. Ингэснээр Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжүүд Монголын зах зээлд давуу эрхтэйгээр өргөжин тэлэх бололцоо бүрдэнэ хэмээж байгаа. Энэ мэтээр гадны банкийг тойрсон болгоомжлол олон бий. Хамгийн гол нь уг болгоомжлолыг няцаах бараг боломжгүй. Ямар ч сайн эрхзүйн орчин бүрдүүлж, хяналтын механизмыг бий болгосон ч гадны банкаар дамжин орж ирэх аливаа эрсдэлийг бүрэн хянаж чадахгүй.
Гадны банк оруулж ирэх эсэх асуудлаар дүгнэлт гаргана
Саяхан Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат сэтгүүлчидтэй уулзах үеэр гадны банк оруулж ирэх асуудал дээр байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр хууль эрхзүйн орчин бүрдүүлж байж гадны банк оруулж ирэх асуудлыг хөндөх тухай хэлсэн. Одоогийн байдлаар гадны банкуудыг Монголд оруулж ирэх нөхцөлийг тодруулахаар ажлын хэсэг байгуулсан байна. Уг хэсэг гадны банк оруулж ирэх цаг нь болсон эсэх, эрхзүйн ямар орчин бүрдүүлэх шаардлагатай тухай тодорхой дүгнэлт гаргах аж. Дашрамд сануулахад, Ерөнхий сайд ажлаа авсаны дараа гадны дөрвөн ч банк манайд салбараа нээх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн тухай хэлж байв. Монголбанкны тухайд салбараа нээх албан ёсны хүсэлтээ илэрхийлсэн нэг ч банк байхгүйг хэлсэн. Ер нь гадны банкийг зохицуулсан гол эрхзүйн бичиг баримт нь Банкны тухай хууль аж. Хэрэв гадны банк орж ирэх шаардлагатай гэж үзвэл эрхзүйн орчинг бий болгох хэрэгтэйг хэлсэн. Тиймээс төв банкны тухайд өнөөгийн байдлаар гадны банк орж ирсэн тохиолдолд бэлтгэлгүй байна. Сангийн дэд сайд Х.Булгантуяа “Гадны банкууд хувийн хадгаламж, бага хэмжээний зээл олгох бизнес рүү орохоос илүүтэйгээр хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулах сонирхолтой байгаа. Энэ саналуудыг Сангийн яам судалж үзээд Монголын санхүүгийн салбарыг бодлогын түвшинд хамгаалахын тулд Банкны тухай хууль болон бусад хууль тогтоомжийн хүрээнд ямар өөрчлөлт хийх шаардлагатай байгаа талаар санал авахаар Монголбанкинд албан тоот хүргүүлсэн” хэмээж байна. Нэг зүйлийг тодруулахад, гадны банк оруулах эсэх асуудал дээр эхлээд Засгийн газар тодорхой байр суурьт хүрэх шаардлагатай аж. Хэрэв оруулах шаардлагатай гэж үзвэл төв банк эрхзүйн орчин бүрдүүлэх бэлтгэлээ хангаж, гадны банкны саналыг албан ёсоор хүлээж авах боломж бүрдэх гэнэ.
Эх сурвалж: Newsmedia.mn
2024-11-7
2024-11-7
2024-11-6
2024-11-6
2024-11-6
2024-11-5
87338
30306
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.