Сэтгүүлчид шүүхийн эрхзүйгээр мэргэшихийн учир

2018-10-2 Нийгэм

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс “Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч” сургалтыг тав дахь жилдээ зохион байгуулж, сэтгүүлчдийг шүүхийн эрхзүйгээр мэргэшүүллээ. Энэ удаагийн сургалтад Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг хэвлэл, мэдээллийн байгууллагуудаас 41 сэтгүүлч, Өмнөговь, Дорноговь, Хэнтий, Өвөрхангай, Дархан-Уул, Орхон зэрэг аймгаас 10 сэтгүүлч хамрагдаж хууль эрх зүйн 2 багц цагийн хичээл судалсан юм.

Шүүхийн эрх зүйгээр мэргэшихийн учир, ач холбогдлыг сургагч багш нар болон сэтгүүлчид ингэж тайлбарлалаа.


Н.Лүндэндорж: Сэтгүүлчдийн мэдлэг дээшилж байгаа нь сургалтын үр дүн

Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, философийн ухааны доктор, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Н.Лүндэндорж: Сэтгүүлчид бол нийгмийн өмнө ил байдаг, хийсэн ажлаа олон нийтээр шууд үнэлүүлж байдаг онцлогтой. Сэтгүүлчийн бичсэн сурвалжлага, нийтлэлийн дэвшүүлсэн гэрэл, гэгээтэй асуудлыг олж харахаасаа өмнө ямар алдаа гаргаж вэ гэдгийн хүмүүс шүүмжилдэг. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс жил бүр “Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч” сургалтыг зохион байгуулж хууль, эрх зүйн суурь мэдлэг олгох болсноор сэтгүүлчдийн мэргэшил, мэдлэг дутах явдал багасаж байгаа. Өөрөөр хэлбэл, сэтгүүлчдийн мэдлэг, мэргэшил дээшилж байгаа. Манай сургалтад суусан сэтгүүлчдийн бичсэн нийтлэлийн цар хүрээ, сэтгэлгээ, мэдлэгийн түвшин дээшилсэнийг харахад таатай байдаг. Үр дүнгээ өгч байгаа учраас сургалтаа таслалгүй жил бүр явуулж байна. Энэхүү сургалтаар Монголын хууль, эрх зүйн салбарт тэргүүлэгч, эрдэмтдийг сэтгүүлч та бүхэнтэй уулзуулах бодлогыг бид барьдаг.

Г.Эрдэнэбат: “Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч” сургалтыг би хүлээдэг

Улсын Ерөнхий прокурорын орлогч, Төрийн хууль цаазын шадар зөвлөх Г.Эрдэнэбат: Хуулийн асуудлыг бичих, сурвалжлахад хууль зүйгээр мэргэших зайлшгүй шаардлагатай. Тиймээс “Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч” сургалтыг би та бүхний нэгэн адил хүлээдэг. Сургалтад сайн дураараа ирж хичээл заадаг. Та бүхэндээ дуртайяа байцаагддаг. Хуулийн байгууллагуудын зайлшгүй хийх ёстой ажлын нэг нь сэтгүүлчдийг мэргэшүүлэх юм. Шүүхийн ерөнхий зөвлөл энэ үүргээ сайн биелүүлж байгаад сайшаалттай байна.

О.Мөнхсайхан: Сэтгүүлчдэд хичээл заах нь миний үүрэг гэж ойлгодог

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, Хууль зүйн ухааны доктор, дэд профессор О.Мөнхсайхан: Шүүхийн шийдвэрийг маш сайн ойлгож, олон нийтэд хүргэхгүй бол шүүхэд итгэх иргэдийн итгэл буурдаг. Шүүхэд итгэх итгэл буурснаар хуульд итгэх итгэл буурдаг. Тиймээс сэтгүүлчид шүүх, эрх зүйгээр мэргэших зайлшгүй шаардлагатай. Нийгмийн ямар ч асуудал бичих нь хуультай холбогддог. Тиймээс сэтгүүлчдэд хууль зүйн мэдлэг олгох нь зайлшгүй чухал учраас “Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч” сургалтад хичээл заах дуртай. Энэ салбарт ажиллаж байгаагийн хувьд энэ сургалтад хичээл заах нь миний үүрэг гэж ойлгодог.

Г.Баярчимэг: Шүүхээс мэдээлэл авах талаар мэдлэгтэй боллоо

Сэтгүүлчид шүүхийн эрхзүйгээр мэргэшихийн учир Дархан-Уул аймгийн “RGB” телевизийн сэтгүүлч Г.Баярчимэг: “Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч” сургалтад анх удаа хамрагдлаа. Миний хувьд Дархан-Уул аймгийн “RGB” телевизэд сэтгүүлчээр ажилладаг. Хөдөө орон нутгийн төрийн байгууллагын мэдээлэл хаалттай талдаа байдаг. Гэхдээ сэтгүүлчид мэдлэгтэй байвал шүүхээс мэдээлэл олж авах бүрэн боломжтойг мэдэрлээ. Энэхүү сургалтаар шүүх хуралдааныг хэрхэн сурвалжлах вэ, мэдээлэл яаж цуглуулах вэ гэдэг дээр шинэ зүйлд суралцлаа. “Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч” сургалтад манай аймгаас 3 сэтгүүлч оролцлоо гэв.

Д.Сугар: Хууль, эрх зүйн суурь мэдлэгээ дээшлүүллээ

Сэтгүүлчид шүүхийн эрхзүйгээр мэргэшихийн учир Өвөрхангай аймгийн “GM” телевизийн сэтгүүлч Д.Сугар: Өвөрхангай аймгийн GM телевизэд сэтгүүлч, эвлүүлэгчээр мөн “Монголын мэдээ” сувгийн Өвөрхангай аймаг дахь сурвалжлагчаар ажилладаг. Би өмнө нь уул уурхай, эдийн засгийн чиглэлээр олон сургалтад сууж байлаа. “Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч” сургалтын хувьд хууль эрх зүй, шүүн таслах ажиллагааны талаар мэдлэг, мэдээлэл авсан анхны сургалт маань боллоо. Сэтгэгдэл маш өндөр байна.

П.Нямцэцэг: Сэтгүүлчээс олон талын мэдлэг шаарддаг

Сэтгүүлчид шүүхийн эрхзүйгээр мэргэшихийн учир Дорноговь аймгийн “DTV” телевизийн сэтгүүлч П.Нямцэцэг: Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хүн, хүч цөөн байдгаас аливаа мэдээллийг бэлтгэхэд сэтгүүлчээс олон талын мэдлэг шаарддаг. Миний хувьд “Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч” сургалтад хамрагдаж бүх шатны шүүхээс мэдээлэл олж авах аргад суралцсандаа баяртай байна. Багш нар маань бодит баримтууд дээр түшиглэж хичээлээ заасан учир их зүйлийг сурлаа.

Х.Азжаргал: Шүүхийн эрхзүйн мэдлэгээ бататгах хүсэлтэй байна

Сэтгүүлчид шүүхийн эрхзүйгээр мэргэшихийн учир Баянхонгор аймгийн “Баянхонгор” телевизийн сэтгүүлч Х.Азжаргал: Орон нутгийн шүүхүүд сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө төдийлөн хангалттай биш. Үүнээс гадна эрх зүйн мэдлэг дутмагаас шүүхээс мэдээлэл авч мэдээ бэлтгэдэг сэтгүүлчид цөөн. Энэ сургалтад хамрагдсанаар шүүхээс мэдээлэл яаж авах, шүүхийн шийдвэрийг олон нийтэд үнэн зөв мэдээлж хүргэхэд юуг анхаарах вэ гэдэгт суралцлаа. Ирэх жил “Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч” сургалтад дахин хамрагдаж, шүүхийн эрх зүйн мэдлэгээ бататгах хүсэлтэй байна.

Б.Мягмарсүрэн: Багш нарын хичээл маш сонирхолтой байлаа

Сэтгүүлчид шүүхийн эрхзүйгээр мэргэшихийн учир “ТВ9” телевизийн сэтгүүлч Б.Мягмарсүрэн: Сэтгүүлч мэргэжлээр 3 дахь жилдээ ажиллаж байна. Анх удаа Шүүхийн ерөнхий зөвлөлийн “Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч” сургалтад хамрагдлаа. Сэтгүүлч аливаа мэдээллийг бэлтгэхдээ баримт дээр тулгуурладаг. Нийгмийн хөндүүр сэдвийг олон нийтэд мэдээ болгон хүргэх явцдаа хуулийн байгууллагад дуудагдах явдал ч гардаг. Энэ сургалт сэтгүүлчдэд хууль эрх зүйн мэдлэг олгосон чухал сургалт боллоо гэж бодож байна. Сургагч багш нар маань бодит баримтууд дээр жишээ авч хичээлээ заасан нь их сонирхолтой байлаа.

П.Оюунжаргал: Залуу сэтгүүлчдийг мэргэшүүлэх нь зөв

Сэтгүүлчид шүүхийн эрхзүйгээр мэргэшихийн учир “ТВ10” телевизийн сэтгүүлч П.Оюунжаргал: Хоёр дахь жилдээ “Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч” сургалтад сууж байна. Энэ жилийн сургалтаар эрүүгийн хууль, үндсэн хуулийн зүйл заалт, шүүгчийн ёс зүйтэй холбоотой олон зүйлийг сурч авлаа. Залуу сэтгүүлчдийг мэргэшүүлж байгаа нь маш зөв. Залуу хүний хувьд сонирхсон салбараараа мэргэшиж, тэр чиглэлийнхээ мэдээллийг хариуцлагатай үнэн бодитой хүргэх нь үзэгчдэд ашигтай.

С.Будрагчаа: Монголын толгой хуульчдаас номын дуу сонслоо

Сэтгүүлчид шүүхийн эрхзүйгээр мэргэшихийн учир Монголын мэдээ сонины Нийгэм, эрэн сурвалжлах шуурхай мэдээний албаны дарга С.Будрагчаа: Зөрчлийн тухай хууль батлагдсанаас хойш сэтгүүлчид бусдын нэр хүндэд халдсан, гүтгэсэн гэдэг зүйл ангиар хэрэгт холбогдож өндөр торгууль төлж байгаа. 2018 он гарснаас хойш 41 сэтгүүлчид 103 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна. Энэ нь эрэн сурвалжлах сэтгүүл зүй хөгжихөд маш их саад болж байна. “Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч” сургалтын явцад шүүх гүтгэх, доромжлох хэргийг яаж шийдвэрлэж байна сэтгүүлч мэдээ, сурвалжлага бэлтгэхдээ юунд анхаарах ёстой вэ гэдгийг илүүтэй сонирхож, мэдээлэл олж авлаа. Монголын хамгийн толгой гэгддэг хуульчдаас номын дуу сонслоо. Энэхүү сургалтыг зохион байгуулсан Шүүхийн ерөнхий зөвлөлд баярлалаа гэж хэлье.

С.Энх-Үжин: Сэтгүүлчдэд өгөөжтэй сургалт боллоо

Сэтгүүлчид шүүхийн эрхзүйгээр мэргэшихийн учир Itoim.mn сайтын сэтгүүлч С.Энх-Үжин: Эрэн сурвалжлах чиглэлээр мэдээ, сурвалжлага бэлтгэдэг сэтгүүлчид шүүх, прокурорын байгууллагуудтай их холбогдож ажилладаг. Миний хувьд анх удаа “Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч” сургалтад суулаа. Энэ сургалтаас хуулийн хүрээнд мэдээллийг яаж бэлтгэж олон нийтэд үнэн зөв мэдээллийг түгээх талаар мэдлэг олж авлаа.

О.Сайханцэцэг: Сэтгүүлч хүнд хуулийн мэдлэг маш чухал

Olloo.mn сайтын сэтгүүлч О.Сайханцэцэг: Хоёр өдөр “Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч” сургалтад суулаа. Багш нарын зааж байгаа хичээлийн сэдэв сонирхолтой байлаа. Бид хуулиа мэддэг байвал торгууль, шийтгэл авалгүйгээр ажиллаж болно гэдгийг ойлголоо. Их зүйл мэдэж авлаа. Долоон жил сэтгүүл зүйн эрэн сурвалжлах чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэж байна. Сэтгүүлчдийг эрх мэдлээр далайлгаж, дарамтлах явдал цөөнгүй гардаг. Сэтгүүлч хүнд хуулийн мэдлэг их чухал. Хоёр, гурван ч удаа шүүхэд дуудагдаж, гэм буруугүй гэдгээ нотлуулж цагаадаж байлаа. Энэ жилийн сургалт хууль, эрх зүйн мэдлэгийг маань дээшлүүлсэн үр дүнтэй сургалт боллоо гэж хэлмээр байна.

Ц.Одгэрэл: Шүүхийн шинэчлэлийн талаар маш их мэдлэгтэй болдог

Enter.mn сайтын сэтгүүлч Ц.Одгэрэл: Гурав дахь жилдээ “Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч” сургалтад суулаа. Шүүхийн шинэчлэл, хуулийн шинэчлэлийн талаар энэ сургалтад сууснаар маш сайн ойлголтыг авч чаддаг. Сэтгүүлчдэд хуулийн мэдлэг олгосноор ард түмэнд үнэн, зөв мэдээлэл хүрнэ гэж бодож байна. Гурван жил сургалтад хамрагдсан сэтгүүлчид “Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч” үнэмлэх олгодог. Энэ жил үнэмлэх авахаар болсондоо баяртай байна.

Н.Сугар: Шүүхэд хяналт тавьдаг хүмүүс бол сэтгүүлчид юм

NTV телевизийн сэтгүүлч Н.Сугар: Шүүх тийм ч нээлттэй байгууллага биш. Хэтэрхий нээлттэй байж болдоггүй байгууллага. Тэгвэл шүүхээс яаж мэдээлэл авах вэ гэдгийг энэ сургалтаар заадаг. Би 5 дахь жилдээ энэ сургалтад сууж байна. “Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч” үнэмлэхийг авсан хэдий ч Монголын толгой хуульчдаас шинэ зүйлийг мэдэж авахын тулд сургалтаа тасалдаггүй. Энэ жил орон нутгийн сэтгүүлчдийг хамруулсан нь онцлог гэж харж байна. Шүүх шударга ажиллаж байна уу гэдэгт нэг талаас хяналт тавьдаг хүмүүс бол сэтгүүлчид юм. Шүүх хэргийг яаж шийдэв гэдгийг олон нийтэд хүргэдэг сэтгүүлчид хууль, эрх зүйн мэдлэгтэй байх нь шүүхэд тавих хяналтыг сайжруулна. Нөгөө талаас шүүн таслах ажиллагааг сурвалжилж байгаагүй, туршлага багатай сэтгүүлчид энэ сургалтаас их зүйлийг мэдэж авдаг. Орон нутгийн сэтгүүлчид шүүхийн мэргэшсэн сэтгүүлч болсноор хөдөө, орон нутгийн шүүхүүдийн үйл ажиллагаанд тавих хяналт илүү үр дүнтэй болно гэв.

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.