Бид бие биенээ хүндэтгэж аж төрсөөр ирсэн. Үүнээс өөр арга зам ч байгаагүй. Нийгэмших гэдгийн утга учир энэ. Харин дэлхийд хязгааргүй ноёрхлоо тогтоогоод байсан арслан зааны үед хүн бий болсон гэж түүхчид архелолагийн баримтад тулгуурлаж нотолдог. Үнэн л дээ. Хязгааргүй орон зайд ноёрхож байсан арслан зааныг хүн өөрийн орон зайгаар нөхсөн нь өнөөгийн бидний хөгжлийн эх суурь юм.
Харамсалтай нь бидний өнөөдрийн энэ хөгжлийн өндөрлөг агаарын болон орчны бохирдолд орон зайгаа тавьж өгөхөд хүргэж байна. Эзэгнэгч бид орон зайгаа алдах болж. Тэгээд яах вэ?
Төр засаг бохирдлыг арилгах тухай олон хууль, дүрэм, заавар, журам гаргаж нийтээр мөрдүүлэх гэж зүтгэж байна. Хэдэн арван тэрбум төгрөг зарцуулах болсон. Тэглээ гээд дээрдсэн юм алга. Харин ч сахил хүртээд шал дордов гээч болж гамшигийн хэмжээнд хүрсэн хэмээн сэрэмжлүүлж байна. Гэтэл үүнийг хэн сонсч хүлээж авав. Мөнөөх л бахь байдгаараа. Хогоо ил задгай асгана. Нус, цэр, шүлсээ хээв нэг хаяж орхино. Агаарт гялгар уут хийсч золтой л нүүр бүтээх шахна. Утааны тухай бүр ярилтгүй, дурын зүйлээ шатаана. Хар утаа агаарт хөвөрнө.
Энэчлэн хөдөө хээр, голын хөвөө бараадаж зугаалах дуртай. Энэ сайн хэрэг ч авч явсан хоол хүнснийхээ баглаа боодлыг төрхмөнд нь биш тэнд нь орхино. Харин ч цэвэрлэнэ гэсэн ойлголт байхгүй. Цэвэрлэ гээд хэн нэгэн нь хэлбэл адлагдана. Учир нь цэвэрлэх сэтгэл байсан ч гар нь хөшчихнө. Угийн муу хүн байдаггүй ч унхиагүй, залхуу хүн л муухай харагддаг. Үүн лүүгээ адил гудамжинд хог, бохир усаа асгана. Би л болж байвал бусад нь хамаагүй гэдгийн үлгэр энэ. Аргагүй л бидний сайн хийж чаддаг ажил энэ мэт. Хүн хог үйлдвэрлэгч гэдэг эндээс харагдана. Бид нэгэнт цэвэр цэмцгэр байж чадахгүй хог новш, агаарын бохирдолтын өмнө цагаан туг өргөж байгаа нь бодит үнэн. Иймээс хогондоо дарагдаж, утаанд хахаж цацах болсон бид суурьшлын байр сууриа орхиж бохирдолд орон зайгаа тавьж өгье. Нэгэн цагт арслан, заан үгүй болсон шиг л…
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87367
30409
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.