Эмзэг бүлгийнхний эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төр хариуцна

2017-11-1 Мэдээ мэдээлэл

Нэн ядуу, эмзэг бүлэгт чиглэсэн нийгмийн халамжийг  нэмэгдүүлж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ хэмээн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан Н.Номтойбаяр мэдэгдэж байсан. ОУВС-ын “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”- хүрээнд 2017 оны 3 дугаар улирлаас эхлэн хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээний хамрах хүрээг 2 дахин,  хүнсний талоны хэмжээг 20 хүртэл хувиар нэмэгдүүлэхээр болсон билээ. Үүний тулд хүүхдийн мөнгийг танах болзлыг ОУВС-гаас тавьсан.

Орлого багатай эмзэг бүлэгт чиглэсэн халамжийн үйлчилгээг дан ганц хүнсний хангамжийн хөтөлбөрөөр хязгаарлахгүйгээр бусад үйлчилгээг хамтад нь хэрэгжүүлэх нь зүйтэй гэж энэ удаагийн Засгийн газар үзэж нийт 55.5 тэрбум төгрөгийг ирэх оны төсмөвт тусгахаар тооцсон байна.

Түүнчлэн эмзэг бүлгийн өрхийн гишүүн-иргэний эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төр хариуцна. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн  6.1.7-д нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэний шимтгэлийг улсын төсвөөс сар бүр санхүүжүүлэхээр заасны дагуу 2018 онд нийт 260.4 мянган иргэний ЭМД-ийн шимтгэлийг төрөөс санхүүжүүлэхэд 9.2 тэрбум төгрөг нэмж зарцуулж, тэднийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээгээр хангагдах нөхцөл бололцоог бүрдүүлжээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.