75 жилийн дараа шинэ номын сантай болов

2019-12-25 Говь-Алтай

Тэртээ 1944 онд ард түмнийг соён гэгээрүүлэх үйл ажиллагааг эхлүүлж байсан ахмад зохиолч Д.Сүрьяагийн нэрэмжит Говь-Алтай аймгийн нийтийн номын сан 75 жилийн босгон дээрээ шинэ өргөөтэй боллоо. Шинэ байрны нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, аймаг орон нутгийн удирдлагууд, номын сангийн хамт олон, ард иргэд уншигч хүүхэд багачууд оролцлоо. УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд нээлтийн үеэр хэлсэн үгэндээ “Ном бол ертөнцийг харах цонх гэж бидний багад сургадаг байлаа. Шинэ номын өргөө иргэдэд нээлттэй очих дуртай газрын нэг болно гэдэгт итгэл дүүрэн байна. Аймгийн нийтийн номын сангийн хамт олон, нийт уншигч Алтай нутгийн түмэндээ шинэхэн номын сангаа нээж байгаад нь халуун баяр хүргэе” хэмээлээ.

Уг номын сан анх нэг орон тоо, 200 номтойгоор үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бол өдгөө 16 хүний бүтэц, бүрэлдэхүүнтэй 1800 байнгын уншигч бүртгэж, 20000 ирцэд 40000 номоор үйлчилж байна. Сан хөмрөг бүхий үндсэн фонддоо дотоод, гадаадын зохиолчдын зохиол бүтээл, уран зохиол, шинжлэх ухаан, танин мэдэхүйн, үлгэр тууль, түүх дурсамж, эрдэм шинжилгээ, цахим сонсдог, тусгай хэрэгцээний ном, өдөр тутмын сонин сэтгүүл зэргийг ашиглаж байгаа ажээ. Нийтийн номын сангийн барилгын ажлыг улсын төсвийн 956,3 сая төгрөгийн төсөвт өртгөөр “Рокпэйнт” ХХК гүйцэтгэж ашиглалтад оруулсан байна.

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.