Ц.Батзаяа: Хүүхэд хохирсон гэмт хэргүүдээс хүчиндэх төрлийн гэмт хэрэг дийлэнх хувийг эзэлж байна


Улсын хэмжээнд өрнөж буй “Хүүхдийн эрх” нэгдсэн аяны хүрээнд Говь-Алтай аймгийн Прокурорын газраас хүүхэд хохирсон талаарх гэмт хэргийн судалгаа хийжээ. Уг судалгаатай холбоотой мэдээллийг Говь-Алтай аймгийн Прокурорын газрын Хэрэг бүртгэл, мөрдөх байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Ц.Батзаяагаас тодрууллаа.

-Улсын хэмжээнд “Хүүхдийн эрх” нэгдсэн аян өрнөж байна. Аяны хүрээнд Говь-Алтай аймгийн Прокурорын газраас хүүхэд хохирсон талаарх гэмт хэргийн судалгааг хийсэн байна. Судалгаагаар хэдэн хэргийг авч үзэв?

-Монгол Улсын нутаг дэвсгэрт Прокурорын байгууллагаас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд “Хүүхдийн эрх” нэгдсэн аяныг “Хүүхэд бүрийн төлөө” уриан дор улсын хэмжээнд зохион байгуулж байна. Энэхүү аяны манай газраас 2021 он, 2022 оны нэгдүгээр улирлын байдлаар хүүхэд хохирсон талаарх гэмт хэргийн судалгаа хийлээ. Судалгааны дүн мэдээллийг товчтанилцуулъя. 2021 онд хүүхэд хохирсон эрүүгийн 19 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Үүнийг зүйл заалтаар нь авч үзвэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.2.1-д заасан зургаан, Эрүүгийн хуулийн тугай ангийн 12.1.4-д заасан гурав, 12.1-д заасан нэг гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6-д заасан нэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10.2.1, 27.10.2.3-д заасан гэмт хэрэг нэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10.2.3, 27.11.1-д заасан нэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11.6-д заасан гурав, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10.3-д заасан нэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5.1-д заасан нэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5, 16.8.1, 16.9.2.1-д заасан гэмт хэрэг тус тус бүртгэгдсэн байна.

-Дээрх 19 хэргийг хуулийн байгууллагаас хэрхэн шийдвэрлэсэн бэ?

Дээрх 19 гэмт хэргээс 11-д нь Прокуророос эрүүгийн хэргийг яллагдчаар татсан, наймд нь хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж шийдвэрлэсэн байгаа. Эрүүгийн яллагдагчаар татсан 11 хэргээс найман хэргийг Прокурорын зүгээс яллах дүгнэлт үйлдэж Шүүхэд шилжүүлсэн бол хоёр хэргийг өршөөлийн тухай хууль, ял оногдуулах насанд хүрээгүй гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Харин нэг хэрэг нь мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгагдаж байгаа.

Хэрэг бүртгэлийн ажиллагаанд шалгагдаж байсан найман хэргийн шийдвэрлэлтийг авч үзвэл таван хэргийг хаасан бол гурван хэрэг нь хэрэг бүртгэлийн мөрдөн шалгах ажиллагаанд Цагдаагийн байгууллагад шалгагдаж байна.

-2021 онд хүүхэд хохирсон нийт 19 гэмт хэрэг үйлдэгджээ. Тэгвэл эдгээр гэмт хэргийн дийлэнхийг ямар гэмт хэрэг эзэлж байна вэ?

-2021 онд хүүхэд хохирсон 19 гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бүлгээр нь авч үзвэл 10 буюу 52,6 хувь нь хүчиндэх төрлийн гэмт хэрэг, нэг буюу 5,2 хувь нь хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг, гурав буюу 15,7 хувь нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, гурав буюу 15,7 хувь нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, нэг буюу 5,2 хувь нь хүүхдийн эсрэг гэмт хэрэг бүртгэгдсэн байгаа.

-Хүүхэд хохирсон гэмт хэргийн судалгаанд хохирогчийн насыг гаргасан байх?

-Тэгэлгүй яахав. Судалгаанд хохирогч болон гэмт хэрэг үйлдсэн этгээдтэй холбоотой нас, хүйс, ажил хөдөлмөр эрхлэлт гээд бүхий л мэдээллийг авч үзсэн. Тухайлбал, 0-1 насны хоёр хүүхэд, 5-7 насны хоёр, 10-13 насны тав, 14-16 насны есөн хүүхэд гэмт хэргийн хохирогч болсон тухай тоон судалгаа гарсан байна. Хохирогчдын боловсролын байдлыг мөн судалсан. Боловсролгүй таван хүүхэд, бага боловсролтой зургаа, бүрэн бус дунд боловсролтой зургаа, бүрэн дунд боловсролтой хоёр хүүхэд байна гэсэн судалгаа гарсан.

-Хохирсон хүүхдүүдийг яллагдагч нартай ямар хамааралтай болохыг судалсан болов уу?

-Холбоо хамаарлыг судалсан, ингэхэд төрсөн эцэг гэсэн хамааралтай нэг, хүргэн ах гэсэн нэг, авга ах гэсэн хамаарал бүхий хоёр, саахалт айл буюу хажуу айлын хүн гэсэн хоёр, ахынх нь найз гэсэн нэг, нэг нутаг усны гэсэн хамааралтай хоёр, ангийнх нь хүүхэд гэсэн нэг, бусад нь харилцан хамааралгүй өөрөөр хэлбэл танихгүй хүн гэсэн мэдээлэл судалгаагаар гарсан.

-Тэгвэл 2021 онд хүүхэд хохирсон гэмт хэрэг үйлдсэн яллагдагч нар хэд орчим насныхан байна. Ер нь яллагдагч нартай холбоотой мэдээллүүд судалгаанд тусгагдав уу?

-Судалгаагаар хохирогч болон яллагдагч нарын бүхий л мэдээллийг гаргасан. Яллагдагч нарыг насны ангиллаар нь судалгаагаар мөн гаргасан. 14-17 насны хоёр, 18-25 насны гурав, 26-35 насны дөрөв, 36-50 насны нэг, 51-ээс дээш насны нэг хүн энэ төрлийн гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон. Харин эдгээр иргэдийг боловсролын байдлаар нь авч үзвэл, дээд боловсролтой хоёр, бүрэн дунд боловсролтой тав, бүрэн бус дунд боловсролтой гурав, бага боловсролтой нэг хүн гэмт хэрэг холбогдсон байна. Түүнчлэн бид гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд ажил хөдөлмөр эрхэлдэг эсэх талаарх мэдээллийг судалсан. Ингэхэд Ерөнхий боловсролын сурагч хоёр, төрийн үйлчилгээний алба хаагч нэг, малчин хоёр хүн байгаа бол бусад нь тодорхой эрхэлсэн ажилгүй иргэд гэмт хэргийн дийлэх хувийг эзэлж байгаа юм.

-Өмнөх онд үйлдэгдсэн хүүхэд хохирсон гэмт хэргийн мэдээллүүдийг танилцууллаа. Судалгаандаа энэ төрлийн гэмт хэргийн 2022 оны эхний улирлын мэдээллийг багтаасан гэсэн. 2022 он гарсаар хүүхэд хохирсон гэмт хэрэг хэд бүртгэгдэв?

2022 оны нэгдүгээр улирлын байдлаар хүүхэд хохирсон дөрвөн гэмт хэрэг Прокурорын байгууллагад бүртгэгдэж эрүүгийн хэргээр шалгагдаж байна. Одоогоор эдгээр дөрвөн хэргийн хоёр нь хэрэг бүртгэлийн ажиллагаанд шалгагдаж байгаа бол хоёр гэмт хэрэгт нь Прокурорын зүгээс яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байгаа. Эдгээр хэргүүд Есөнбулаг сумд гурав, Баян-Уул суманд нэг хэрэг нь бүртгэгдсэн судалгаа гарсан.

-Дөрвөн гэмт хэргийн хоёр нь шүүхэд шилжсэн гэлээ. Ер нь он гарсаар ямар төрлийн гэмт хэрэгт хүүхэд хохирчихов?

-Уг дөрвөн гэмт хэргийн 50 хувь нь хүчиндэх төрлийн гэмт хэрэг бол үлдсэн хоёр нь хөдөлмөрийн аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг буюу зам тээврийн осолд хохирогч болсон байна. Мөн хохирогчийн насны байдлыг авч үзэхэд 14-15 насны дөрвөн хүүхэд гэдэг нь судалгаагаар гарсан. Эдгээр хүүхдүүд дөрвүүлээ бүрэн бус дунд боловсролтой сурагч хүүхдүүд байгаа. Түүнчлэн яллагдагч нар хохирогчтой ямар хамааралтайг судалсан. Судалгаагаар хойд эцэг гэсэн хоёр хүн, найз банди гэсэн нэг, танихгүй хүн гэсэн нэг хүнийг тухайн гэмт хэрэгт холбогдуулан хоёрт нь яллах дүгнэлт үйлдсэн бол хоёрт нь мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна.

-Судалгаанаас хүчиндэх төрлийн гэмт хэрэг дийлэнх хувийг эзэлж байгаа тухай мэдээллийг авлаа. Прокурорын байгууллагаас энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд ямар арга хэмжээ авч ажилладаг вэ?

-Хүүхэд хохирсон гэмт хэргүүдийг судлахад бага насны хүүхдийг хүчиндэх төрлийн гэмт хэрэг дийлэнх хувийг эзэлж байгаа нь харамсалтай. Манай байгууллагын зүгээс гэмт хэрэг үйлдэгдсэн сум, баг цаашлаад яллагдагчаар татагдсан гэмт этгээдүүд нь ажилтай бол тухайн ажлын газарт нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй бол харьяа сум, багийн засаг дарга нарт нь гэх мэтээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг, зөрчлийг арилгуулах талаарх Прокурорын мэдэгдлийг хугацаатай олгодог. Мэдэгдлийн хүрээнд тухай байгууллагын удирдлагууд, сум багийн засаг дарга нар тодорхой арга хэмжээ авч энэ тухай Прокурорт мэдэгдлийн мөрөөр хийж гүйцэтгэсэн талаарх материал, албан бичгийг ирүүлдэг байгаа. Үүнтэй холбоотойгоор хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран хүүхдийн эрх, түүнийг хэрхэн хангах, зөрчихгүй байх, түүний үр дагаварын талаарх мэдээллийг зөвлөмж, богино хэмжээний кино хэлбэрээр хүргэхээр ажиллаж байгаа. ᠎Ер нь аливаа гэмт хэрэг, зөрчлийг үйлдэгдсэний дараа бус үйлдэгдэхээс өмнө урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой ажил хийгдэх нь зүйтэй юм.

-Улсын хэмжээнд өрнөж буй “Хүүхдийн эрх” нэгдсэн аян хэдий хугацаанд үргэлжлэх вэ. Аяны хүрээнд Говь-Алтай аймгийн Прокурорын газраас дээрх судалгаанаас гадна нөлөөллийн ажлуудыг нэлээд хийж байгаа гэж дуулсан. Энэ тухай товч мэдээлэл өгвөл?

-Улсын Ерөнхий Прокурын газраас 2022 оны гуравдугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны зургаадугаар сарын 10-ны хооронд “Хүүхдийн эрх” аяныг “Хүүхэд бүрийн төлөө” уриан дор зохион байгуулж буйтай холбоотойгоор Говь-Алтай аймгийн Прокурорын газраас тодорхой төлөвлөгөө гарган үе шаттайгаар ажил, арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулж байна. Тухайлбал, дөрөвдүгээр сарын 29-нд Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн 350 гаруй сурагчийг сургалтад хамруулж, ялгаварлан гадуурхалт, хүүхдийн эрх, хар тамхи, мансууруулах бодистой холбоотой мэдээлэл зөвлөмжийг хүргэлээ. Аяны хүрээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр олон нийтэд сургалт мэдээллийг явуулахаас гадна хэвлэл мэдээллийн хэрэгслээр хууль сурталчлах ажлуудыг тогтмло хийхээр төлөвлөөд байна.

-Цаг гарган ярилцсанд баярлалаа. Цаашдын ажилд нь амжилт хүсье.

Ярилцсан: Э.Нарангэрэл

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.