Хөдөө аж ахуйн маркетинг төсөл хэрэгжиж байна

2017-05-16 Говь-Алтай
Өдрийн сурвалжлага
-Төсөлд хамрагдсан 5 аймгаас хамгийн их хөрөнгө оруулалт авсан нь манай аймаг-

“Хөдөө аж ахуйн маркетинг төсөл” нь Говь-Алтай, Архангай, Баянхонгор, Завхан, Хөвсгөл аймгийн 15 сумд хэрэгжиж байна. Оролцогч аймгийн нэг болох Говь-Алтай аймгийн Бугат, Цогт, Цээл сумдад 2014-2017 онд 50 дэд төсөлд 2.405.961.503 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, дэд төслүүд амжилттай хэрэгжиж байгаа билээ. Уг төсөл нь мал эмнэлгийн үйл ажиллагаа, малыг эрүүл байлгах, үржлийг нь сайжруулах, тэжээл тэжээллэгийг нэмэгдүүлэх, хүнсний ногоо, жимс жимсгэний үйлдвэрлэлийг дэмжих замаар өрхийн орлогыг нэмэгдүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, мах, сүү, ноос ноолуурын үйлдвэрийг дэмжих гэсэн чиглэлүүдээр үйл ажиллагаагаа явууллаа. Төслийн оролцогч аймаг сумдын иргэд бичил төсөл бичиж санхүүжилт авдаг нь төслийн онцлог юм. Хөдөө аж ахуйн маркетинг төслөөс санхүүжилт авч хэрэгжиж буй дэд төслүүдийг ангилж үзвэл:

-Хүнсний ногоо-226.276.500₮,
-Малын эрүүл мэнд-300.738.103₮,
-Малын үржил-521.600.000₮,
-Малын тэжээл-362.276.400₮,
-Мах сүү ноос ноолуур-995.070.500₮-ийн санхүүжилт олгосон байна.
Уг төслийн санхүүжилтээр төсөл хэрэгжиж буй сумдын мал эмнэлэг үржлийн тасаг болон хувийн мал эмнэлэг, үржлийн нэгжүүдэд Япон улсад үйлдвэрлэгдсэн “YAMAHA” мотоцикль гардуулан өглөө.

Тус үйл ажиллагааны талаар Дэлхийн банк, Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамны хамтран хэрэгжүүлж буй “Хөдөө аж ахуйн маркетинг төсөл”-ийн мэргэжилтэн Э.Эрдэнэчимэгээс тодруулга авлаа.

-“Хөдөө аж ахуйн маркетинг төсөл” манай аймагт хэрэгжлээ. Уг төслийг үр дүнгээ өгсөн гэж мал эмнэлэг, үржлийн албаныхан ам сайтай байна. Төслийн хүрээнд сумдын мал эмнэлэг үржлийн тасаг болон хувийн мал эмнэлэг, үржлийн нэгжүүдэд малын эрүүл мэндэд анхаарч, малчдад үйлчилгээг түргэн шуурхай хүргээсэй гэсэн үүднээс мотоцикль гардуулан өглөө. Энэ талаар?

-Төсөл гурван жил гаруйн хугацаанд хэрэгжихдээ 5 аймгийн 15 сумаас 204 төслийг хүлээж авсан. Энэ 204 төслийн 50 төсөл нь Говь-Алтай аймгаас ирсэн. 5 аймагт хэрэгжиж байгаа төслүүдийг харьцуулаад үзэхэд Говь-Алтай аймаг болон тус аймгийн 3 сум хамгийн олон төсөл бичиж 2,4 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт авсан байна. Тэгэхээр энэ төслийг амжилттай хэрэгжүүлж, аймаг, сум орон нутгаа хөгжүүлэх, өрхийн амьжиргааг дээшлүүлэх, мал сүргийг эрүүлжүүлэх, малын үүлдэр угсааг сайжруулах чиглэлээр идэвх санаачилгатай ажилласан ажилсаг хөдөлмөрч Алтайн ард түмэнд талархалаа илэрхийлж байна. Яагаад гэвэл өнөөдөр хэн хөдөлмөрлөнө, хэн зүтгэнэ тэр хүн үр шимээ хүртдэг. Энэ аймгийн ард түмэн хөдөлмөрч, илүү санаачилгатай ажилласан нь төсөл хэрэгжсэн 4 жилийн хугацаанд харагдаж байна. Мал эмнэлгийн ажил үйлчилгээг сайжруулах, ялангуяа сүүлийн үед МУ-ын ЗГ-аас мах сүүний аян хэрэгжүүлж байгаатай холбоотой малын эрүүл мэндийг сайжруулах ажил маш чухал болоод байна. Энэ эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр бид шат дараатай олон арга хэмжээг авч хэрэгжүүлсэн.

-Тухайлбал?

-Малын эрүүл мэндийн чиглэлээр оруулж байгаа хамгийн сүүлийн хэсэг болгон мал эмнэлгийн ажил үйлчилгээг сайжруулахад зориулж мал эмнэлгийн үржлийн тасаг, хувийн мал эмнэлгийн нэгжүүдэд мотоцикль өгч байгаа. Энэхүү хөрөнгө оруулалт бол Монголын мал эмнэлгийн салбарт анх удаагаа хийгдэж байгаа юм. Малчин өрх, мал бүрт хүрч үйлчилдэг малын эмч гэдэг бол хамгийн чухал хүмүүс. Эдгээр хүмүүсийн ажил үйлчилгээг түргэн шуурхай болгох нөгөө талаас мал эмнэлгийн үйлчилгээ авдаг малчид малын эмчийнхээ ажлын хөлсийг төлдөг. Тэгэхээр машинаар очиход хэдэн литр шатахуун зарцуулах билээ, мотоциклиор шуурхай очиход хэдэн литрийг хэмнэх билээ гэдэг нь малын эмчийн ажил шуурхай хүрэхээс гадна малчдад хүрч байгаа эдийн засгийн өртөг багасч байгаа юм. Энэ нь хоёр талтай сайхан үйл ажиллагаа болж байна гэж орон нутгийн хүмүүс хэлж  байсан. Мал эрүүл чанартай байх нь хүмүүсийн хэлээд байгаа орлого нэмэгдэх бүх ажлын эхлэл суурь нөгөө талаас Засгийн газраас хэрэгжүүлж байгаа мах сүүний аяныг хэрэгжүүлэхэд тус нэмэр болох байх гэж бодож байна. Төслийг бид хэрэгжүүлсэн ч Алтайн ард түмэн өөрсдөө санаачилж, хэрэгжүүлж, өөрсдөдөө хэрэгцээтэй хөрөнгө оруулалтыг шингээн авч үлдэж байгаад нь төслийнхээ хамт олны өмнөөс баяртай байна. Ер нь Говь-Алтай аймаг төсөлд хамрагдсан 5 аймгаас хамгийн их хөрөнгө оруулалт авсан аймгаар шалгарч байгаа.

-Төсөл цаашдаа үргэлжилж хэрэгжих болов уу?

-Аливаа үйл ажиллагаа сайн байх юм бол дараа дараагийн  шатандаа үргэлжлэх, загвар болох хандлага байдаг. Энэ төсөл үнэхээр боломжийн сайн хэрэгжсэн, үр өгөөжтэй байна гэж харсан учир Засгийн газар, Дэлхийн банктай төслийн дараагийн шатыг үргэлжлүүлэх, аймаг сумдын тоог нэмэх, өргөжүүлэх чиглэлээр боломж юу байна гэсэн  хэлэлцээрийг эхлүүлж байна. Энэ нь нэлээд хугацааг авах боловч дахин хэрэгжүүлэх санал санаачилга байгаа болохоор цаашид амжилттай явагдах байх гэж бодож байна.

-Төслийн хүрээнд манай аймагт хэдэн мотоцикль өгч байгаа вэ?

-Манай төслийн хүрээнд 5 аймгийн 15 сумдад нийт 56 мотоцикль өгч байгаа. Энэ дотроос танай аймагт мөн л хамгийн их буюу 15 мотоциклийг өгч байна. Тэгэхээр танай аймаг бол бусад аймгуудаас онцлог хамгийн их мал эмнэлгийн нэгжтэй байсан. Энэ утгаараа үйлчилгээг их үзүүлдэг болохоор хамгийн их санхүүжилт авч байгаа юм.

Сурвалжилсан: А.Нямбаяр

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.