Тэмээгээр аялагч монгол бүсгүй Алтай нутагт саатаад явжээ

2018-01-22 Говь-Алтай


Монгол тэмээгээр Монголоос Их Британийн Лондон хүртэл 12 мянган км газрыг туулах Н.Байгалмаа хэмээх бүсгүйн аялал 1000 дахь км-тээ өнөөдөр Говь-Алтай аймагт үргэлжилж байна. Түүнийг Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Т.Ганзориг, аймгийн Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Б.Алтайбаатар, Хууль эрх зүйн хэлтсийн дарга Д.Баттайван болон Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Цагдаагийн газар, хэвлэл мэдээлэл, нутгийн иргэдийн төлөөлөл тосон авч хүндэтгэл үзүүллээ. Тэмээчин бүсгүйг Алтай нутагт саатах үед орон нутгийн зүгээс бүхий л дэмжлэг туслалцааг үзүүлж хамтран ажиллахаа илэрхийллээ.

Маршрутын хувьд хуучны торгоны замын маршрутаар явах юм. Хятадын хилээр гараад цаашаа Англи хүртлээ Казахстан, Узбекистан, Туркменистан, Иран, Турк зэрэг 15 орныг дайран өнгөрөх төлөвлөгөөтэй аж.

Торгоны зам гэдэг нь Азиас Европ хүртэлх зам бөгөөд Нийтийн тооллын өмнөх 115 оноос ХIII зуун хүртэл хамгийн чухал арилжааг хийдэг зам байсан. Италийн аялагч Марко Поло ч энэхүү замаар худалдаа наймаа хийдэг байсан түүхтэй. Аялагч бүсгүй сүүлийн 11 жил явган аялалаар аялж буй Их Британийн иргэн Карлийн хамтаар зам нэгдэн аяллаа Баянхонгор аймаг хүртэл үргэлжлүүлжээ. Аялал гурван жил үргэлжилнэ гэж тооцжээ. Идэр есийн жавар тачигнаж буй энэ өдрүүдэд эрс тэрс уур амьсгалтай эх орноо хөндлөн гулд туулж, урд хилээр цааш гарах зорилготой байгаа түүнд Цагдаагийн Ерөнхий газраас дэмжлэг үзүүлж аялж буй аймгаас нэг алба хаагчийг цалинтай дагалдуулахаар болжээ.

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.