О.Хишигжаргал: Манай хамт олон улсдаа эхний 20-д тогтмол шалгардаг

Энэ удаагийн “Ярилцъя” буландаа “Хантайшир-Эрдэм” цогцолбор сургуулийн дунд, ахлах ангийн сургалтын менежер О.Хишигжаргалыг урин оролцуулсан юм. Түүнтэй 2017-2018 оны хичээлийн жилд тухайн сургуулийн дэвшүүлэн ажиллаж буй зорилго, зорилт хийгээд  өнгөрсөн хичээлийн жилийн ололт амжилтын хуудсаас сөхөн ярилцсанаа сонин , сайтынхаа уншигчдад хүргэж байна.

-Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Бидний саналыг хүлээн авч ярилцах болсонд баяртай байна. Сургуулийн тань танилцуулгаар ярилцлагаа эхэлье?

Баярлалаа. Танай сонины уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Манай сургууль 1994 онд математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттайгаар байгуулагдаж улмаар 2007 онд цэцэрлэг бага, дунд, ахлах бүтэцтэй аймгийн анхны цогцолбор сургуулиар өргөжин тэлсэн. Цогцолбор сургуулийн бүтэц нь аймагтаа төдийгүй, улсын хэмжээнд анхдагч болсон юм. 2014 онд түүхт 20 жилийнхээ ойг үе үеийн эрдэмтэн багш, төгсөгчид, сурагч багачууд, эцэг эхчүүдийнхээ хамтаар өргөн хүрээнд тэмдэглэж 20 жилийн хугацаанд хийж бүтээсэн ололт, амжилтаа бататган дүгнэсэн.

-2017-2018 оны хичээлийн жилд танай хамт олон ямар зорилго, зорилт тавин ажиллаж байна. Сургалтын үйл ажиллагаа ямар онцлогтойгоор явагдаж байна вэ?

Энэ хичээлийн жил нь ихээхэн онцлогтойгоор эхэлсэн. Улсын хэмжээнд бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх, боловсролын салбарын багш, албан хаагчдын мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг баримтлан хариуцлага манлайллыг нэмэгдүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Аймгийн хэмжээнд “Оюунлаг Алтайчууд”, “Сургалтын чанарыг ахиулах”, “Багшийн хөгжил” гэсэн 3 дэд хөтөлбөр хэрэгжиж байгаа нь энэ хичээлийн жилийн онцлог юм. Сургуулийн маань хувьд багшийн мэдлэг чадвар манлайллыг нэмэгдүүлэн, хүүхдийн хүмүүжил, сурлагыг ахисан түвшинд гаргаж, багш, ажилтны ёс зүйн хэм  хэмжээг баримтлан ажиллах зорилго тавин ажиллаж байна.

-“Хантайшир-Эрдэм” цогцолбор сургууль гээд ярихад сургалтын чанар сайтай, онц сурдаг хүүхдүүд байдаг гэсэн сэтгэлд хоногшсон бодлууд хүн бүрт байдаг нь яалт ч үгүй сургуулийн багш, сурган хүмүүжүүлэгчдийн гавьяа гэлтэй. Хүүхдийн соёл боловсролд юуг голлон анхаардаг вэ. Ер нь сургуулийнхаа давуу талуудыг яривал?

Тийм ээ. Ард түмэн эцэг эхчүүдийн дунд өндөр нэр хүндтэй байгаа нь үе үеийн багш сурган хүмүүжүүлэгчид, хайрт шавь нарын минь хичээл зүтгэл, боловсролыг тасралтгүй, чанартай явуулсны илрэл гэж боддог. Багш хүн хүүхдүүдэд зөвхөн зааж сургахаас гадна мөн удирдлага хүн багш, ажилчдадаа тушаахдаа бус мөр зэрэгцэн найз, нөхдийн түвшинд эелдэг дотно нээлттэй харилцаа үүсгэдэг нь сургуулийн онцлог юм. Энэ нь үе үеийн төгсөгчдийн баримталдаг зарчмуудын нэг болон төлөвшдөг.

Элсэлтийн ерөнхий шалгалт бол тухайн сургуулийн сургалтын чанарыг үнэлж байгаа хамгийн бодитой үнэлгээ гэж боддог.  Манай хамт олон улсын 800 гаруй ерөнхий боловсролын сургуулиудаас эхний 20-д тогтмол шалгарч байдаг нь багш нарын мэргэжлийн ур чадвар өндөр, ЭЕШ-ын жил бүрийн дүн мэдээний судалгаатай ажилдагтай холбоотой.

-Энэхүү сургуулийн эд эс нь болж яваа хамт олныг тань асуулгүй өнгөрч болохгүй болов уу. Одоогоор нийт хэчнээн багш, ажилчидтайгаар сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна вэ?

Манай  сургууль  41  багш,  25  ажилтантайгаар сургалтын үйл ажиллагааг явуулж байна. Нийт багш нарын 19 нь магистр, 16 нь заах аргач, 6 нь тэргүүлэх мэргэжлийн зэрэгтэй залуу боловсон хүчнээр хангагдсан хийж бүтээхийн төлөө шаргуу ажилладаг бүтээлч хамт олон билээ. Бид улс, аймгийн хэмжээнд үнэмлэхүй амжилтуудыг үзүүлж боловсролын салбартаа тэргүүлэн ажилладаг. Тухайлбал, 2017 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээр улс аймгийн дунджаас өндөр амжилт үзүүлэн монгол хэл, уран зохиолын багш Г.Нансалмаагийн бэлтгэн оролцуулсан 12а  ангийн  сурагч н.Азжаргал, н.Тогос-Эрдэнэ нар, технологийн багш Д.Түмэннасангийн шавь н.Хишиг-Эрдэнэ 800 оноог авч улсдаа тэргүүлсэн.

Боловсролын үнэлгээний төвөөс улсын хэмжээний сурлагын стандарт хангалтын түвшин тогтоох чанарын үнэлгээнд сүүлийн 3 жил тасралтгүй орж улсын дунджаас математикийн хичээл 24,5%-аар дээгүүр үнэлэгдсэн, сургуулийн дундаж үнэлгээгээр аймагтаа тэргүүлсэн.

Улсын төрөлжсөн олимпиадын 2-ын даваанд хамт олноороо 2 дугаар байр эзэлж улмаар жил бүрийн Говь-Алтай аймгийн медалийн түүчээг таслалгүйгээр улсын төрөлжсөн олимпиадын 3-ын даваанд Түүх нийгмийн ухааны багш Г.Золзаяа 2 дугаар байр, мөнгөн медаль хүртсэн нь баяртай мөч байлаа.

Багш нарын мэдлэг ур чадварыг байнга дээшлүүлэн ажиллаж, багш бүр судлаач байх зорилтыг тавин ажилласны үр дүнд Түүх нийгмийн ухааны багш Г.Золзаяа Улсын илтгэлийн уралдаанд 3 дугаар байр эзэлсэн.

Зөв монгол хүүхэд болгон төлөвшүүлэхэд баг, хамт олныг массаар хөгжүүлэх зорилт тавин нэлээд жилийг үзэж байна. Математик, физикийн багш Д.Үүрцайхын бэлтгэсэн сурагчдаас Улсын физикийн онлайн олимпиадаас алтан-1, мөнгө-2, хүрэл-2, Улсын физикийн баг олимпиадаас 6 дугаар ангийн баг 2 дугаар байр эзэлж мөнгөн медаль хүртсэн.

Сүүлийн 10 жилд спортын амжилтаараа аймагтаа тогтмол тэргүүлдэг. Аймгийн аварга  шалгаруулах  спортын  тэмцээнүүдэд баг хамт олноороо амжилттай оролцож бүсийн тэмцээнд 1 дүгээр байр, аймгийн тэмцээнд 3 дугаар байрт шалгарсан.

Хүүхдийг бага балчир наснаас нь амжилттай сургаж, бага боловсролыг чанартай эзэмшүүлэн тэдний оюуны чадвар, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлсний үр дүнд аймгийн  сэтгэх  чадварын олимпиадад цэцэрлэгийн багш Б.Гантуяагийн бэлтгэсэн бяцхан шавь нар  эхний 3 байрыг эзэлсэн. Үүний түүчээ болж олон улсын КЕНГУРУ математикийн уралдаанд бага ангийн сурагчид 23 медалийн эзэд болсон зэрэг бидний ололт амжилт дуусашгүй юм.

-Цаг хугацаа хоцрогдох гэдэг зүйл багш хүнд байх ёсгүй. Багш нарынхаа мэдлэг чадварыг дээшлүүлэх, тэдний сургалтын арга барилыг сайжруулж боловсролын шинэчлэлтэй хөл нийлүүлэн алхахад сургуулийн зүгээс хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

Боловсролын салбарын шинэчлэлтэй хөл нийлүүлэн ажиллахад багш нарын манлайлал, тасралтгүй хөгжих чадвар ихээхэн чухал. Манай сургууль аймагтаа төдийгүй улсын хэмжээнд өсөж байгаа залуухан хамт олонтойгоор өргөжиж байна. Багш мэргэжлийн ур чадвар сайтай, мэргэжилдээ эзэн байх нь хүүхдийн сурлага хүмүүжилд ихээхэн нөлөө үзүүлдэг. Багшаа хүндлэх, хайрлах сэтгэлтэй хүүхэд төлөвшүүлэхэд багшийн чадвар ихээхэн чухал байдаг энэ ч утгаараа чадварлаг багшийг хүүхэд бүр хайрладаг гэж боддог. Бид багшийн мэргэжлийн мэдлэг, заах арга зүй, ур чадварыг дээшлүүлэх олон талт ажлыг зохион байгуулж хэвшсэн. Үүнээс дурдвал:1-5 жил ажиллаж буй багш нарын дунд “Чадварлаг багш-бидний ирээдүй”, 6-15 жил ажиллаж буй багш нарын дунд “Бид хөгжсөн багш”, 15-аас дээш жил ажиллаж буй багш нарын дунд “Бидний туршлага-та бүхэнд” сэдэвт туршлага судлах, залуу хойч ирээдүй болсон багш нарыг бэлтгэх, заах арга, ур чадварыг дээшлүүлсэн уралдааныг явуулж шилдэг багш нарыг шалгаруулан урамшуулдаг.

“Багш нар сургагч” сурсан мэдсэн зүйлсээ бусадтай хуваалцах, мэдээлэл, туршлага солилцох сургалтыг тогтмол зохион байгуулсаар ирсэн.

Бага суурь боловсролын залгамж холбоог сайжруулах багш нарын арга туршлагыг хуваалцах улирлын аяныг явуулж 5 дугаар анги төгсөгчдийг дунд ангид элсэн суралцах талаар эцэг эх, багш сурагчдын дунд хэлэлцүүлэг зохион байгуулж үр дүнг тооцон ярилцдаг.

Багшийн хуулийн мэдлэгийг дээшлүүлэх сургалт мэдээллийг мэргэжлийн байгууллагатай хамтран тогтмол зохион байгуулж, хуулийн мэдлэгийн түвшинг тогтоон ажилладаг юм.

Багш, ажилчдын ёс зүйг дээшлүүлэх сургалт сурталчилгаа, мэдээ мэдээллийг тогтмол хийж ёс зүйн хэм хэмжээг баримтлан ажиллах нөхцөлийг бүрдүүлж, ёс зүйн судалгааг багш ажилчин, эцэг эх, сурагчдын дунд явуулж шилдэг ёс зүйтэй багш ажилчдыг шалгаруулдаг.

Багш нарын мэргэжлийн мэдлэг чадварыг тогтмол дээшлүүлэн даалгавар өгөх, хамтран бие биедээ хичээл заах, мэргэжлийн ном сонин уншиж тэмдэглэл хөтлөх, судалгааны ажил хийх багш бүр нэг ном аяныг өрнүүлэн дүгнэж, улирал бүр тэднээс мэргэжлийн түвшин тогтоох шалгалтыг авч, анализ хийн ажиллаж байна.

-Бидний урилгыг хүлээн авч цаг гарган ярилцсанд баярлалаа. Танай хамт олны соён гэгээрүүлэх их үйлсэд амжилт хүсье.

Ярилцсан: А.Нямбаяр

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.