Баянхонгор аймгийн Шинэжинст сумд 2017 оны 04 сарын 21-нд 3-р багийн нэг айлын хоёр гэр шатсан мэдээллийн мөрөөр Шинэжинст сумын ИТХ-ын дарга Д.Готовдоржоос тодрууллаа.
Энэ сарын 21-нд буюу баасан гаригийн орой ажил тарсны дараа оройн 20:30 минутын үед Шинэжинст сумын төвд иргэн Базаррагчаагийн хашаанд гал гарчээ. Гал гарсан тухай мэдээллийг авсан даруйдаа Шинэжинст сумын ИТХ-ын дарга Д.Готовдорж нарын хүмүүс тухайн айлд очиход хашаандаа гурван гэртэй, хоёр гэр шатсан, нэг гэрийг хажуу айлынх нь хашаа руу давуулж шидэлж зөөсөн байдалтай байв.
Гал гарсан 21-ний орой Шинэжинст сумын соёлын төвд төвөөс тоглолт иржээ. Гэрийн эзэгтэй хоёр хүүхдээ хөл муутай эмээтэй нь үлдээгээд явсан байна. Том хүү Э.Жадамба зургаан настай бол түүний дүү дөрвөн настай. Эмээ нь тэргэнцэртэй, бие дааж алхаж чаддаггүй. Ийм гурван хүн тэр орой ороо засч, ах дүү хоёр унтахаар хувцсаа тайлж байлаа.
Яг энэ үед гэнэт гал гарч хөл муутай эмээ нь сандарч гал унтраахаар байдаг чадлаа шавхан оролдож, энэ хооронд тоглолт үзэхээр явсан охин руугаа утасдаж амжжээ. Гэвч гал маш хурдтай дэгдэж, нэгэнт ассан галын өмнө хүчин мөхөсдсөн хөгшин ухаан алдсан байна. Харин зургаан настай Э.Жадамба хүү бага насандаа баймгүй эр зориг гаргаж, эхлээд дүүгээ галаас гаргаж чаджээ. Улмаар шатаж буй гэрээс ухаан алдсан эмээгээ чирж гаргахаар гал руу дахин оров. Эмээгээ чирч гаргахад хүнд, хүчрэхгүй нэлээд удсан боловч тэр чадсан байна.
Өөрөөсөө хэд дахин хүнд жинтэй хүнийг дүрэлзэж буй галаас гаргаж, хоёр хүний алтан амийг аварснаараа Э.Жадамба хүү өнөөдөр Шинэжинст сумын төдийгүй Баянхонгор аймгийн бахархал болоод байна.
Дөрвөн настай дүү, тэргэнцэртэй эмээгээ галаас гаргаад Э.Жадамбын санаа амарсангүй. Гэрээ бүтэн шатаачихгүй юмсан, ядаж зарим эд хогшилоо авч үлдэх хүсэлд автаж, дахин гал руу оржээ. Унтаж байсан хөнжил гудсаа гаргаад эргээд харахад гал аль хэдийнэ оволзоод эхлэв гэнэ. Ингээд хүү урд, хойд хашааныхаа айлд очиж тусламж хүссэнээр хашаанд байсан гурван гэрийн нэгийг хажуу хашаа руу нь зөөж чаджээ. Гэвч бүрэн бүтэн тавилга, эд хогшил энэ зөөлтийн явцад үлдээгүй байна.
Тухайн орой Шинэжинст сумын хэсгийн төлөөлөгч аймгийн төв рүү ажилтай явсан, цагдаа нь амралтаа авсан байж таарчээ. Тиймээс тухайн гал дээр Баянцагаан сумын хэсгийн төлөөлөгч, цагдаа нар ирж ажиллажээ. Гал юунаас болж гарсныг тогтоох ажил үргэлжилж байна. Шатсан хоёр гэрээс үнс нурам л үлджээ.
Шинэжинст сумын удирдлагууд “Гобигоулд энд Энержи ХХК”-ийн Хотгорын нүүрсний уурхайтай үүссэн нөхцөл байдлыг ярилцсаны үндсэн дээр таван ханатай гэрийг тус компанийн хамт олон хүлээлгэж өгчээ. Шинэжинст сумын ЗДТГ-ын хамт олон хандивын аян өрнүүлж, сумын албан газруудад уриалга гаргаж ажилласны үр дүнд иж бүрэн орон гэртэй болсон байна. Сумын иргэд хуучин шинэ гэлтгүй өөрт байгаа тавилга, эд хогшлоосоо хүртэл илүүчилж өгчээ.
Айл гэрийн аз жаргалын нууц нь элбэг дэлбэг биш ч элэг бүтэн байхад оршдог. Тийм ч учраас Э.Жадамба хүүгийн байгуулсан гавьяа, гаргасан эр зоригийг үгээр илэрхийлэх аргагүй. Балчир биеэндээ багтамгүй аугаа эр зориг гаргасан энэ хүүг монголын төр, холбогдох байгууллагууд нь анхааралдаа авч, зохих ёсны хүндлэлийг үзүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байна.