Д.ОЙНБИЛЭГ: ХҮН БҮХЭН САЙН САЙХНЫ ТӨЛӨӨ ТЭМҮҮЛЭН, АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ТЭМЦЭГЧ БАЙХ ЁСТОЙ

2018-06-26 Говь-Алтай

Алтай нутгийнхаа хөгжлийн төлөө мэдлэг чадвар, оюун бодлоо зориулан, эрхэлсэн ажлаараа Алтайчуудынхаа хүндлэлийг хүлээсэн эрхмүүдийг “Хийморлиг эрчүүд” буландаа оролцуулдаг уламжлалтай. Энэ удаа та бидний “Автын” хэмээн тодотгодог Орон нутгийн өмчийн газрын дарга, Цагдаагийн дэд хурандаа Д.Ойнбилэгийг урин оролцуулж, ажил амьдралынх нь гэгээн сайхан дурсамжийн талаар хөөрөлдсөн юм. Эрхэм уншигч та бүхэн маань түүний төрж өссөн нутаг ус, төрүүлж өсгөсөн ижий аав, гэр бүл, ажил хөдөлмөрийнх нь тухай дараах ярилцлагаас уншина уу.

-Сайхан зусаж байна уу. Хүй цөглөж, хүн болон мэндэлсэн нутаг ус, энэ биеийн тань эхлэл болсон ижий аавын тань гэгээн сайхан дурсамж болон өөрийн тань танилцуулгаар энэхүү ярилцлагаа эхлэх үү?
Сайхан, та бүхний зуншлага сайхан уу. Би 1961 онд Халиун сумын Сүүж багийн Цахилдаг хэмээх газар ижий аавынхаа отгон хүү болон мэндэлсэн. Хүүхэд ахуй насаа төрөлх нутагтаа өнгөрүүлж, 1969 онд Халиун сумынхаа бага сургуулийн Г.Дулмаа багшаар “А” үсэг заалгаж байлаа. Тэр жилээ нэгдүгээр ангиа сумдаа дүүргээд л Алтай хотынхоо хоёрдугаар сургуульд суралцаж эхэлсэн.
Аавынхаа дурсамжийг яривал, миний аав Халиун сумын Хар азаргын нурууны ноён оргил Баян-Өндөрийн овооны бэлд төрж өссөн хүн дээ. Аав ээж маань хоёулаа гарын уртай их уран хүмүүс байлаа. Нутаг усныхан төдийгүй Алтайчууд маань “Уран” Дэмбээ хэмээн хүндэлдэг, Халиунчуудын бахархал болсон хүмүүсийн нэг нь юм. Модон эдлэл цоохорлох, мөнгөн эдлэл хийдэг удмын уран хүн байлаа. Мөн аав маань Халиун сумын Нэгдлийг анх байгуулцаж, ажлын гараагаа ч тэндээс эхэлж байсан гэдэг. Түүгээр ч зогсохгүй Дашпэлжээлин хийд буюу Арын хүрээний хийдэд шавилан сууж, тухайн үедээ Монголын нэрт зураач Марзан Шаравтай хамтран бурхан зурдаг байсан. Өөрийн зурсан бурхадын бүтээл болон цоохорлож байсан гэр, түүний эд эдлэлээ төрөлх нутгийнхаа /Халиун сум/ айл өрхүүдэд өвлүүлэн үлдээсэн нь одоо ч байдаг. Сумынхаа 10 жилийн ойгоор зочид буудлын бүх орыг цоохор болгож, түүгээр ч зогсохгүй 1969 онд 15 ханатай цоохор гэр хийж Говь-Алтай аймгийн Халиун сумынхаа нэрээр н.Лодойхүү баатар Монгол Улсын Засгийн газарт хүлээлгэн өгсөн удаатай. Аавын минь цоохорлосон эдлэлийн будаг ердөөсөө арилдаггүй нь “УРАН” хэмээгдэн алдарших болсных нь илрэл гэж ойлгодог.
Харин ижий минь Цээл сумын Цанхилгын голын хүн. Уран хатгамал, үндэсний дээл хувцас, бөхийн зодог шуудаг, Монгол гутал хийдэг байсан. Монгол Улсын заан Р.Давааням, начин н.Батхуяг нар зодог шуудгаа хийлгэсэн байдаг. Мөн миний ээж Халиун сумдаа ногоо тарьдаг их хөдөлмөрч хүн байсан даа. Ээж маань хотод нэг жил ажиллахдаа Маршал Х.Чойбалсаны оёдолчин явсан юм гэнэ лээ. Тэгээд хотод идээшихгүй аавыг маань дагуулаад нутагтаа ирсэн гэдэг.
Манайх Халиун сумынхаа Сүүж, Олонбулаг багаар нутагладаг айл байсан. Би эцэг эхээс зургуулаа, гурван ах, хоёр эгчтэй. Ах нар маань бүгд л төрдөө зүтгэж явсан сайхан хүмүүс байлаа. Хоёр эгч маань төр түмэндээ зүтгэж байгаад одоо гавьяаны амралтандаа гарсан.
Ижий аавын минь тухай аль ч үеийн ойн номуудад дуурсагдаагүй учраас би ийнхүү тэднийхээ дурсамж дуртгалынх нь талаар онцлон ярьж байгаадаа баяртай байна.

-Ард түмнийхээ амар тайван амьдралын төлөө эх орондоо тангараг өргөсөн “Цагдаа” хэмээх албанд залуу халуун насаа зориулан зүтгэсэн. Энэхүү хариуцлагатай албыг сонгоход хэн нэгэн нөлөөлөв үү. Ер нь ажлын гараагаа хаанаас эхэлж байв?
Би 1980 онд Ардын армийн 107 дугаар ангид алба хааж тэндээ жолооч мэргэжлийг эзэмшсэн. Тэгээд аймгийнхаа Худалдаа бэлтгэлийн тресстэд жолоочоор ажлын гараагаа эхэлсэн хэдий ч 1985 онд өөрийн хүсэл сонирхлынхоо дагуу Политехникийн дээд сургууль одоогийн ШУТИС-д элсэн таван жил Автын инженер мэргэжлээр суралцаж 30 настайдаа төгсөж байлаа.
1990 онд Зам тээврийн сайдын тушаалаар Говь-Алтай аймгийнхаа Тээврийн удирдах газарт Хот хоорондын шуурхай группийн даргаар томилогдон ирсэн дээ. Тээврийн удирдах газар, одоогийн Авто тээврийн “Алтай” салбарыг байгуулцсанаас гадна зах зээлийн хүнд үед аймгийнхаа тээврийн үйл ажиллагааг тасалдуулахгүйн тулд хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдээр ажил үүрэг гүйцэтгүүлдэг байсан гэх мэтчилэн ажлуудыг эрхэлсэн маань энэ л амьдралтай маань тээврийн салбар салшгүй холбоотойн баталгаа гэж хэлж болох юм. Тээврийн үйл ажиллагаа зогсонги байдалд орсон байхад нь тухайн үеийн аймгийн Засаг дарга н.Пүрэв, Л.Лантуу, Н.Жанчивдорж, Р.Цогтбаатар нараас үүрэг чиглэл авч, тэдэнтэй хамтран авто тээврийн ажлыг орон нутагтаа үндсээр нь нутагшуулсан нь өнөөгийн авто тээврийн салбарын хөгжлийн явцтай холбоотой гэж ойлгодог.
1999 онд тухайн үеийн Говь-Алтай аймгийн Цагдаагийн хэлтсийн дарга Л.Түвшингийн саналын дагуу тус газарт Автын байцаагчийн ажилд томилогдсон юм. Цагдаагийн газарт нийт 18 жил ажиллахдаа байцаагчаас эхлээд Автын тасгийн дарга хүртэлх албыг хашиж байхдаа Цагдаагийн үе үеийн дарга С.Чинзориг, Д.Манлайбаатар, н.Галбадрах, Ж.Батбаатар, Д.Бүрэнбаатар нартай мөр зэрэгцэн хамтран ажиллаж байлаа. Тэдэнтэй ажиллахдаа урам зориг, эрч хүчтэй сайхан байсан. Энэ л ажлынхаа хүчинд ард түмнийхээ хүндлэлийг хүлээж, ажил албаараа овоглуулж явна даа.

-Эрхэлсэн ажилдаа эзэн нь болсон учраас л “Автын” гэсэн тодотгол тантай холбоотой байдаг болов уу. Нэгэн үе авто зам, хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажиллах албыг хашиж байгаад сар гаруйн өмнө Орон нутгийн өмчийн газрын даргын ажилд томилогдлоо. Шинэхэн ажлаа ямар ажлаар эхлүүлээд байна вэ?
Өнгөрсөн тавдугаар сард Орон нутгийн өмчийн газрын даргаар томилогдон, энэ онд хийгдэхээр төлөвлөгдсөн ажлуудыг хэрэгжүүлж эхлээд байна. Үүрэгт ажлаа хүлээн аваад энэ онд Худалдан авах ажиллагааны төлөвлөөнд багтсан хэдий ч хүлээгдэж байсан улсын болон орон нутгийн төсөв хөрөнгөөр шийдэгдэх 13 ажлын наймыг нь хамт олонтойгоо эхлүүллээ. Мөн орон нутгийн өмчийн шинэчилсэн бүртгэл, актлах хөрөнгийн бүртгэл, шилжүүлэх хөрөнгийн бүртгэлийн ажлыг хагас жилээр гарган Засаг даргын зөвлөлийн хуралд оруулахаар өргөн барилаа. Цаашид хамт олонтойгоо гар сэтгэл нийлэн олон талт ажлыг хийж хэрэгжүүлнэ.

-Нэг л амьдрах хорвоод хүмүүн бидэнд ховорхон атлаа үнэ цэнэтэй нандин зүйл бол гэр бүлийнхэн билээ. Эрхэм зочныхоо гэр бүлтэй танилцъя?
Миний ханийг С.Оюунчимэг гэдэг. Хань маань багш мэргэжилтэй, Ховдын багшийн дээдийг Математикийн багшаар төгссөн. Есөнбулаг сумын Ч.Лодойдамбын нэрэмжит Ерөнхий боловсролын хоёрдугаар сургуульд 28 жил ажилласан. Бид 1990 онд гэр бүл болж гал голомтоо бадраасан. Сайхан ханийнхаа буянд сайн сайхан амьдарч байна. Бид нэг охин, хоёр хүүтэй, том охин маань МУИС-ийн математик загварчлалын ангийг дүүргэн Улсын Прокурорын газарт ажиллаж байна. Харин дунд хүү маань ОХУ-ын Болгарад хот болон Эрхүү хотын Дотоод явдлын яамны академийг төгссөн. Одоогоор Баянгол дүүргийн нэгдүгээр хэлтэст Эрүүгийн төлөөлөгчөөр ажиллаж байгаа бол бага хүү маань Цахилгааны инженер мэргэжилтэй хэдий ч аавынхаа ажлыг үргэлжлүүлэн аймагтаа “Хишигт Халиун” авто сургуулийг удирдан ажиллаж байна.

-Булангийнхаа уламжлалт асуултуудаар ярилцлагаа үргэлжлүүлье. Монгол эрчүүдийг морь, бөхгүйгээр төсөөлөхийн аргагүй ээ. Эрийн гурван наадмын алийг нь илүү шимтэн үздэг вэ. Аль нэгээр нь хичээллэж л байсан байх даа?
Тэгэлгүй яахав, морь бөхөө дээдэлдэггүй Монгол хүн гэж үгүй байх. Морь, бөх бол манай удмын шүтээн гэж хэлж болно. Би бага байхдаа бөхийн спортод шимтэн барилддаг байлаа. Бөхийн спортоос гадна шатрын спортыг илүүтэйгээр сонгон хичээллэсний үр дүнд Шатрын спортын нэгдүгээр зэрэгт хүрсэн. Сурагч байхдаа Шатрын тэмцээн уралдаан болоход хоёрдугаар сургуулиа төлөөлөн оролцож чамгүй амжилт үзүүлдэг байлаа. Хоёрдугаар сургуулийн ойн номд тухайн үеийн миний багш Шатрын спортын мастер н.Сандуй амжилт үзүүлсэн сурагчдын тоонд намайг дурдан бичсэн байдаг.
Ер нь манайх бөхийн удамтай, манай хоёр ах хоёулаа барилддаг нутаг усныхандаа хүндлэгдсэн бөхчүүд байсан. Миний том ах Д.Норов аймгийн начин, ах Д.Даваадорж аймгийн заан цолтой бөхчүүд байлаа. Харин дунд ах Д.Жанчивдорж маань их оюунлаг хүн байсан. Аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байлаа. Бөхийн удмын маань залгамж болж миний ач Д.Буянтыг хэлж болох юм. Өнгөрсөн жил дүү маань аймгийнхаа баяр наадамд түрүүлж хурсан олныг баясгасан. Цаашид ч дүүгээ амжилтаа бататгана гэдэгт итгэж явдаг даа.

-Социализмын үед эрчүүдийг цэргийн алба хааж байж жинхэнэ эр хүн болдог гэцгээдэг байсан. Эр хүн байхын тухайд?
Эрчүүдийг цэргийн алба хүмүүжүүлж, эр хүнд байх ёс зүйтэй болгодог. Би 1979 онд 10 дугаар ангиа төгссөн. Үеийнхэн дундаа дэггүйтчихдэг томоогүй хүүхдийн тоонд багтдаг байсан. Харин цэргийн албыг гурван жил хаагаад тэсвэр тэвчээр, бие болон сэтгэлийн хат сууж, эр хүнд байх эрдэмд суралцсан гэж хэлж болно. Цэргийн алба хааж байж л эр хүнд байх эрхэм чанаруудыг олж авдаг гэдгийг би яс махандаа тултал ойлгосон доо.

-Таны тухайд ажил амьдралдаа ямар зарчим баримталдаг вэ?
Би шударга, дайчин, хүнлэг байхыг хичээн ажил амьдралдаа мөрддөг. Тиймээс ч өгсөн үүрэг даалгаврыг хойш нь тавьж, хойрго ханддаг хүнтэй хамтарч ажиллахыг хүсдэггүй. Мөн “Эвтэй байхдаа хүчтэй” гэдэг үгийг байнга санаж явдаг. Аливаа хүн ажилдаа үнэнч, чин сэтгэлээр хандаж байж л амжилтад хүрдэг гэж ойлгодог. Хүн бүхэн сайн сайхны төлөө тэмүүлэн, амьдралын төлөө тэмцэгч байх ёстой.

-2016 оны орон нутгийн сонгуульд Халиун нутгаасаа нэр дэвшин аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон. Эр хүний цээжинд эмээлтэй хазаартай морь багтдаг гэдэг шиг төрөлх нутгийнхаа хөгжлийн төлөө хийж хэрэгжүүлэх олон ажлуудыг сэтгэл зүрхэндээ тээж явдаг болов уу?
Би 2016 онд Халиунчуудынхаа итгэл зүтгэлээр аймгийн иргэдийн Хуралд Төлөөлөгчөөр сонгогдсон. Миний хувьд төрөлх нутгийнхаа хөгжил цэцэглэлтэд өөрийн хувьд нэмрээ оруулах юмсан хэмээн сэтгэл зүрхэндээ олон сайхан зүйлсийг төсөөлөн явдаг. Халиун сумаасаа сонгогдохдоо ард иргэдийнхээ санал хүсэлтээр нэр дэвших эрхээ авсан. Тиймээс ч намын даалгавраар ард иргэдийнхээ итгэлийг зүтгэлээр хариулахыг хичээн тэднийхээ дуу хоолой болж нутаг орныхоо төлөө олон ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр зүтгэж байгаа. Эхлэл нь ч тавигдан хэрэгжиж байна. Тухайлбал, Халиун нутаг маань гол горхи элбэгтэй ч ундны цэвэр усаар дутмаг байдаг учир Нарангийн бэлд худаг гаргууллаа. Мөн сумын маань барилга байгууламжууд нэлээд хуучирч муудсан. Тиймээс эхний ээлжинд ард иргэдийн хамгийн ихээр үйлчлүүлдэг газруудын барилгыг сайжруулах цаашлаад шинээр барих ажлыг хичээл зүтгэлийнхээ үр дүнд шийдвэрлүүллээ. Онцлон дурдвал Соёлын төвийн барилгад их засвар хийлгэн сумынхаа өнгө үзэмжийг сайжруулахад иргэдийнхээ дуу хоолой болж буйн хувьд бодитой хөрөнгө оруулалт хийгээд байна.

-Халиунчуудын хувьд олон ажлууд биеллээ олно гэдэгт итгэлтэй байгаа. Аймгийн иргэдийн Хурлын Төлөөлөгчийн хувьд цаашид хийх ажлын төлөвлөгөөнөөсөө сонирхуулвал?
Удахгүй цэцэрлэгийн шинэ барилгын ажлыг эхлүүлэх, Ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн дотуур байр болон Олонбулаг багийн сургуулийн их засвар, морь барианы газрын 15 километрийн замын хөрөнгө санхүүг нь шийдвэрлүүлсэн учир удахгүй биеллээ олно. 2019 оны төсвийн төсөлд тодорхой ажлуудын саналаа хүргүүлсэн хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байгаа. Төлөөлөгчийнхөө үүрэгт хугацаандаа ямартаа ч өөрийн бүхий л боломж бололцоогоо ашиглан аймаг, орон нутгийн удирдлагууд, иргэдийн Хурлын Төлөөлөгчидтэйгээ хамтран төрөлх нутгийнхаа хөгжил цэцэглэлт, ард түмнийхээ амьдрал ахуйг дээшлүүлэхийн төлөө зүтгэнэ дээ.

-Бидний ярилцлага энд хүрээд өндөрлөж байна. Таны ярихыг хүссэн зүйл үлдсэн байж магадгүй, тиймээс энэ асуултыг танд нээлттэй үлдээе?
Халиун нутгийн маань 60 жилийн ой ирэх жил тохиох учир нутаг усныхандаа амжилт ололтоор түүхт ойгоо угтахыг хүсэн ерөөе. Мөн төд удалгүй улсын баяр наадам болох гэж байна, Тиймээс нийт Алтайчууддаа сайхан наадахын ерөөл өргөж буйгаа танай сониноор уламжилъя.

Ярилцсан: Э.Нарангэрэл

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.