Монгол Улсын яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн үндэсний бүртгэлд “Монгол Жангар хайлах” (дэс-20) өв бүртгэгдсэн байдаг. Уран зохиолын оргил гэгдэх энэ өвийг сэргээх, хадгалан хамгаалах, өвлүүлэн үлдээх зорилгоор өчигдөр Говь-Алтай аймагт 1000 туульч “Туульсын хаан Жангар” туулийн 17 бүлгийг хайлжээ. Мөн Алтай ятга, морин хуур, товшуур зэрэг хөгжмөөс бүрдсэн 300 гаруй хөгжмийн чуулбар чуулсан байна.
Тууль хайлах ёслолд Монгол Улсын Соёлын сайд Ч.Номин мэндчилгээ дэвшүүлсэн бөгөөд мэндчилгээг Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ч.Энх-Амгалан уншиж сонордууллаа. Уг мэндчилгээнд “Монгол тууль бол эх хэл, түүх соёл, зан заншил, шүтлэг бишрэл, хүсэл мөрөөдлөө шингээж яруу сайхнаар аялгуулан илэрхийлдэг, монголын ард түмний оюун сэтгэлгээний охь дээж болсон хосгүй нандин үнэт зүйл юм. Тийм ч учраас Монгол туулийг нийт хүн төрөлхтний соёлын өвийн сан хөмрөгт хүндтэй байр суурь эзлэх үнэ цэн, ач холбогдолтой өв болохыг хүлээн зөвшөөрч, ЮНЕСКО-гоос 2009 онд Монгол туулийг Соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэсэн билээ. Энэхүү гайхамшигт өвийн оршин тогтнох чадварыг бэхжүүлэх, үнэ цэнийг өсгөх, хамгаалах, баяжуулан хөгжүүлэх, өвлүүлж уламжлуулах хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг Монголчууд та бид нийт хүн төрөлхтний өмнө хүлээж байгааг онцлон тэмдэглэж байна.
Монгол туулийн томоохон үнэ цэнтэй төлөөлөл болох Жангар туулийг олон нийтэд сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Туульсын хаан Жангар” арга хэмжээг санаачлан зохион байгуулж байгаа Говь-Алтай аймгийн Засаг дарга болон Засаг даргын Тамгын газар, харьяалах төрийн байгууллагууд, соёлын өвийг өвлөн уламжилж, хүртээл болгож буй өвлөн уламжлагчид, хүүхэд залуучууд, тус арга хэмжээнд хүрэлцэн ирж дэмжин оролцож буй зочид төлөөлөгч, ард иргэдэд баяр хүргэж, талархал илэрхийлье.
Энэхүү арга хэмжээ нь Монгол тууль, тэр дундаа Жангар туулийн өвийн үнэ цэн, ач холбогдлыг ард иргэд, хүүхэд залуучуудад таниулахаас гадна үндэсний түүх, соёл, өв уламжлалаа эрхэмлэн дээдэлж, хүндэтгэлтэй хандах, бахархах үзэл санааг түгээн дэлгэрүүлэх үйлсэд бодитой хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Монгол соёл өвлөн уламжлагдаж, өнөд үргэлжлэх болтугай” гэлээ.
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.