ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН 84.6 ХУВЬ НЬ ДАРХЛААЖУУЛАЛТЫН I ТУНД ХАМРАГДААД БАЙНА

2021-05-26 Говь-Алтай

Орон нутагт хийгдэж буй коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг дархлаажуулалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх ажил үргэлжилж байна. МХЕГ-ын Нийгмийн хамгааллын хяналтын хэлтсийн дарга П.Хорлоогоор ахлуулсан баг Говь-Алтай аймагт ажиллаж байна.

Тус аймгийн тухайд Монгол улсад коронавируст халдварын анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш дөрвөн сар гаруйн хугацаанд ногоон бүс байж, өнгөрөгч сарын 24-ний өдөр анхны тохиолдол бүртгэгдсэн. Тавдугаар сарын 24-ний байдлаар Говь-Алтай аймгийн хэмжээнд коронавируст халдварын 277 тохиолдол батлагджээ.

Шалгалтын баг Есөнбулаг суманд үйл ажиллагаа явуулж буй дархлаажуулалтын 4, шинжилгээний нэг цэг болон аймгийн Эрүүл мэндийн газар, тус газрын вакцин, биобэлдмэлийн агуулахыг хамруулан хяналт шалгалт хийн үнэлгээ, дүгнэлт өгч мэргэжил арга зүйгээр ханган ажиллалаа.

Өнөөдрийн байдлаар тус аймгийн дархлаажуулалтад хамрагдах 37536 иргэний 84.6 хувь нь I тун, 22 хувь нь II тунд хамрагджээ. Дархлаажуулалтын эхний тунд хамрагдалтаар Цээл, Хөхморьт, Тонхил, Дэлгэр сумд тэргүүлж байна. Есөнбулаг сумын тухайд I тунд 11818, II тунд 4839, нийт 16657 иргэн коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтад хамрагджээ.

Хяналт шалгалтын ажил үргэлжилж байна.

 

Эх сурвалж: МХЕГ

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.