Говь-Алтайхан хөлдүүс байдалтай өвөлжлөө

2019-02-20 Говь-Алтай

Говь-Алтай аймгийн төв Алтай хотод халаалт дулааны асуудал үе үе хөндөгдөж, дулаан муу байгаа талаар хэрэглэгчид нь цаг тухай бүрт нь хариуцлага шаардаж үүссэн нөхцөл байдлын талаар мэдээллүүд цацагдсаар байсан билээ. Тиймээс аймгийн Засаг дарга С.Гансэлэм болон холбогдох албаны хүмүүс байгууллага, аж ахуйн нэгж, айл ѳрхүүдийн дулаан үйлдвэрлэгч компанитай байгуулсан гэрээ зѳрчигдѳж байгаа асуудлаар “Мандал голомт” компаний тѳлѳѳллүүдтэй уулзлаа.

Энэ үеэр аймгийн Засаг дарга С.Гансэлэм үүсээд байгаа нөхцөл байдлын талаар дулаан үйлдвэрлэгч компанийн байр суурийг сонсон хэд хэдэн үүрэг чиглэл өгсөн юм. Тодруулбал, үүсээд буй нөхцөл байдалтай танилцан асуудлыг шийдвэрлэх гарц гаргалгааг олох үүднээс ажлын хэсэг байгуулан ажиллах ёстойг анхааруулав. Мөн “Хѳв булаг”-ийн уурхайн нүүрсний чанарыг сайжруулж, шороо чулуугүй стандарт чанарын шаардлага хангасан нүүрсээр хангахыг зөвлөв.

Түүнчлэн Ховд аймгийн Хѳшѳѳт, аймгийн Зээгт, Хүрэн гол зэрэг нүүрсний уурхайнуудаас шаардлага хангасан нүүрс тээвэрлэх гарцыг судлахыг анхаарууллаа. Мөн зуухнуудын тасралтгүй хэвийн үйл ажиллагааг тогтмол хангаж, ажиллах хүчийг зѳв хуваарилан, байнгын хяналт тавьж хариуцлагатай жижүүр томилон ажиллуулах хэрэгтэй гэлээ. Ийнхүү байгууллага, аж ахуйн нэгж, айл ѳрхүүдээс халаалтын тѳлбѳрийг тооцохдоо халаалт доголдсон хугацааны тѳлбѳрийг хасч тооцох зэрэг шаардлагуудыг хүргүүлэхээр болов.

Хурлын дараа аймгийн Хууль, Эрхзүйн хэлтсийн дарга, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын Орон нутаг дахь Улсын ахлах байцаагч Д. Баттайванаар ахлуулсан ажлын хэсэг аймгийн дулаан үйлдвэрлэгч компаний уурын зуухнуудын үйл ажиллагаа болон хэрэглэгч албан байгууллага, айл өрхүүдээр явж халаалтын нөхцөл байдалтай газар дээр нь танилцсан юм.

“Мандал голомт” ХХК-ий 2-р зуухны нөхцөл байдалтай танилцахад гарах градус нь 44, орох градус 40 хэмтэй байв. Тус зуухны хэрэглэгч болох ГБХЗХГ, III цэцэрлэгээр явж байдалтай танилцахад “дулаан ерөнхийдөө муу байдаг. Өнөөдөр гадаа дулаан байгаа болохоор харьцангуй гайгүй байна” гэдгээ илэрхийлж байлаа. Мөн 3-р зуух гарах градус 60, орох градус 52 хэмтэй байсан бөгөөд тус зуухтай холбоотой асуудал хамгийн бага гардаг гэдгийг хэлж байсан юм. Харин 1-р зуух гарах градус 60, орох градус 52 хэмтэй байсан. Хэрэглэгчид болох Нийтийн номын сан, II сургууль, Насан туршийн боловсролын тѳв, Мандал голомт компаний оффис болон айл ѳрхүүдээр орж халаалтын байдалтай танилцахад Нийтийн номын сан, II сургуулийн хувьд халаалт муу байгаа талаар илэрхийлж байв. Бусад газрууд нь “өнгөрсөн 7 хоногт халаалт бараг байхгүй байсан гэж хэлж болно. Харин одоо буцаад гайгүй болж байна” гэдгээ илэрхийлж байсан юм. Түүнчлэн энэ жилээс шинээр засварлан ажиллуулж эхлээд байгаа Анагаахын уурын зуухын үйл ажиллагаатай танилцсан юм. Тус зуух ашиглалтад орсноор дулаан сайжирсан хэмээн хэрэглэгч байгууллага болох Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгын албан хаагчид хэлж байлаа.

Ийнхүү томилогдсон ажлын хэсэг өнөөдөр дахин хуралдахаар болсон бөгөөд “Хѳв булаг”-ийн нүүрсний уурхайн үйл ажиллагаатай танилцаж, асуудлыг ч хѳндөхөөр болов.

Аймгийн дулаан үйлдвэрлэгч “Мандал голомт” ХХК-ий Гүйцэтгэх захирал Н.Ганбаатар болон инженер, техникийн ажилтнууд нүүрсний чанар түүнчлэн албан байгууллага, айл ѳрхүүдийн халаалтын дотоод системтэй холбоотойгоор дулаан муу байгаа гэдгийг хэлж байв. Тус компанийн зүгээс өөрсдийн нөхцөл байдлын талаар өнөөдөр албан ёсоор мэдээлэл хийнэ гэдгээ мэдэгдсэн юм.

 

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.