Бууцагаан сумын эмнэлэг малчны хотонд эхо үзлэг хийж, дараагийн шатлалын эмнэлэг рүү зургийг нь шууд илгээх зөөврийн тоног төхөөрөмжтэй боллоо.
Засаг дарга Д.Мөнхсайхан, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Энхтүвшин, ИТХ-ын төлөөлөгч Ш.Сэдэд, Эрүүд мэндийн газрын дарга Н.Энхжаргал нар Бууцагаан суманд ажиллах үеэрээ сумын эмнэлгийн үйл ажиллагаатай танилцан, эмч ажиллагсдын санал хүсэлтийг сонсч, тус төхөөрөмжийг хүлээлгэн өгөв.
Бууцагаан сум нь баруун чиглэлийн аймгуудын төв зам дагуу байрлалтай, аваар осол цөөнгүй гардаг учраас газар дээр нь эмчилгээг шууд хийх шаардлага тулгардаг тухай сумын Ерөнхий эмч мөн үеэр танилцуулсан. Тиймээс тухайн бүсээ хамарсан дараагийн шатлалт эмнэлэг болж, эмчилгээ үйлчилгээгээ өргөжүүлэх саналтай байгаагаа удирдлагуудад уламжилсан юм.
Аймгийн удирдлага тухайн саналыг холбогдох газарт уламжилж, ажил хэрэг болгоход анхаарахаа илэрхийлээд, алслагдсан бүс нутагт малчны хотонд эхоны үзлэг оношилгоог газар дээр нь хийн дараагийн шатлалын эмнэлэг, эмч рүү шууд илгээх боломж бүхий овор хэмжээ бага, хөнгөн, цэнэглэдэг батарей, принтер бүхий зөөврийн эхоны комыг гардуулан өглөө.
Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт иргэний эрүүл мэндийн чиглэлээр анхан шатны эрүүл мэндийн төвүүдэд мобайл технологийг нэвтрүүлэхээр тусгагдсан. Энэхүү зорилтын хүрээнд аймгийн хэмжээний бүх сумд мобайл технологийг орон нутагтаа нэвтрүүлэн орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, шинэ дэвшилтэт техник, тоног төхөөрөмжийг ашиглаж байна.
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.