БАЯНХОНГОР: Сургуулиуд туслах аж ахуйтай болно

Тайванийн Хүүхэд гэр бүлийг дэмжих сангийн дэмжлэгтэйгээр “Өрхийн тариалан бизнес хөгжил” ТББ “Эрүүл хүнс-Эрүүл ирээдүй 2” төслийг Баянхонгор суманд хэрэгжүүлэхээр болжээ.

Төслийн хүрээнд 2026 он хүртэл Ерөнхий боловсролын хоёр сургуулийг сонгон төмс, хүнсний ногоо тариалах аж ахуйтай болгох, зоорийн болон хүлэмжийн аж ахуй байгуулан, услалтын системийг мөн шийдэж, сургалт мэдээллээр тогтмол ханган ажиллах аж.

Ингэхдээ Эрдэм ахлах сургууль болон Тавдугаар сургуулийн эцэг эхийн төлөөлөл болсон тус бүр 20 өрхийг туслах аж ахуйтай болоход нь дэмжих аж.

Дээрх төсөл хөтөлбөрүүд хэрэгжсэнээр орон нутагт ажлын байр нэмэгдэж, ард иргэдийн хүнсний болон ундны усны хангамж, цаашлаад өрхийн орлого нэмэгдэх зэрэг олон үр дүн гарахыг албаныхан хэлэв.

“Өрхийн тариалан бизнес хөгжил” ТББ-ын тэргүүн Я.Төрхүү, “Төслөөс сургууль цэцэрлэгүүд төмс, хүнсний ногооны аж ахуйгаа хөгжүүлж, бие даан авч явах чадвартай болгож үлдээнэ гэсэн зорилготой ажиллаж байна” гэлээ.

Баянхонгор сум өрхийн тариалалтыг нэмэгдүүлэх чиглэлээр 100 хүлэмжийн аж ахуйн парк байгуулахаар зорьж буй. Уг төсөлд эхний ээлжид хоёр сургуулийг сонгож байгаа ч нэмж сургуулиудыг хамруулахаар төлөвлөжээ.

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.