Архангай аймагт “Тайхар таталбар” үндэсний бичиг, эх хэл, соёлоо өвлөн уламжлах сургалтын төв нээлтээ хийлээ. Уг сургалтын төвийг өвлөн уламжлагч Х.Батбаяр лам санаачлан нээж, Архангай аймгийн 4 дүгээр сургуулийн монгол хэл, уран зохиолын багш Б.Цэрэндэжид сургалтын үйл ажиллагааг явуулах ажээ. Бусад сургуулийн багш, сурагчдад ч нээлттэй аж.
“Тайхар таталбар” сургалтын төв нь үндэсний бичиг, өв соёлын чиглэлээр үр хүүхэд, ирээдүй хойч үедээ монгол дархлааг суулгаж, бичиг соёлоо өвлүүлж үлдээх, уран бичлэгийн олон онцлог бүтээлийг бүтээх зорилготой.
Б.Цэрэндэжид багш шавь нарынхаа хамт Архангай аймгийн түүх соёлтой холбоотой уран бүтээлүүдийг уран бичлэгээр бүтээж үлдээхээр төлөвлөжээ.
Багш Б.Цэрэндэжидийн хувьд өөрийн сургууль дээрээ 2015 оноос уран бичлэгийн дугуйлангаа явуулж, хүүхдүүдэд муутуу цаас, торго, даавуу, хамба, хурганы арьс зэргийн материал дээр монгол соёл, өв уламжлалаа хэрхэн уран бичиж, онцлог байдлаар бүтээх вэ гэдгийг зааж сурган, уран бүтээлээ шавь нартайгаа хамтран туурвидаг байна. Түүний шавь нар Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг уламжлал болгон зохион байгуулдаг “Монголын сайхан бичигтэн”, “Мөнх тэнгэрийн бичиг”, Монголын хүүхдийн ордны “Хичээнгүй сайхан бичигтэн”, аймгийн Төв номын сангаас явуулдаг Бичиг үсгийн баярт жил бүр амжилттай оролцдог байна.
Өнөөдрийн байдлаар түүний шавь Ч.Оюун-Эрдэнэ 2022 онд “Жангар” туулийг уншиж, монгол бичигт хөрвүүлж дуусаад, торгон дээр уран бичлэгээр эхний таван бүлгийг бичжээ. Цаашдаа Жангар туулийг бичиж дуусган бүтээл болгож үлдээхээр өдөрт 3-4 цаг суун бичиж байгаа аж.
Сургалтын төвийн нээлтэд Монгол Улсын Гавъяат багш М.Нацаг-Юм, БШУГ-ын дарга З.Мөнхтогтох, СУГ-ын Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Н.Сэр-Од болон ЕБС-ийн Монгол хэл, уран зохиолын багш нар, эх хэл бичиг соёлоо дээдлэн шамдан суралцаж буй сурагчид оролцсон юм.
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.