АРХАНГАЙ: Жанжин Д.Сүхбаатарын хөшөөг нутгийн барималч С.Чоймбол бүтээжээ

2023-01-20 Архангай

 

XX зууны манлай уран барималч, төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн Содномын Чоймбол Архангай аймгийн Хашаат суманд төржээ. Түүний бүтээж урласан олон сайхан хөшөө дурсгалууд бий. Одоогийн бидний сайн мэдэх жанжин Д.Сүхбаатарын хөшөө, маршал Х.Чойбалсангийн хөшөөнүүд юм.

Улаанбаатар хотын төв талбайн голд байрлах жанжин Д.Сүхбаатарын хөшөөг барималч С.Чоймбол зохиож, хөшөөг тойрсон арслангуудын загварыг Н.Жамбаа гаргаж, боржин чулуугаар урлажээ.

Анх 1943 онд С.Чоймболыг ЗХУ-ын Москва хотноо Оросын алдарт барималч Меркуровын урланд суралцаж байх үед жанжин Д.Сүхбаатарын хөшөөг барих шийдвэр гарч, эх загварыг хийх даалгаврыг С.Чоймболд өгч байжээ.

Д.Сүхбаатарын хөшөөны хэд хэдэн загварыг хийсэн бөгөөд үүний дотроос одоо байгаа хөшөөний загварыг 1946 онд баталжээ.

Уг хөшөөний урт 4.1 метр, өргөн 1.85 метр, өндөр нь 10.62 метр, морьтой хөшөөний өндөр 4 метр ба хөшөөг ердөө 6 сарын дотор барьж дуусгажээ. Одоо Сүхбаатар дүүргийн хамгаалалтанд байдаг бөгөөд 2011 онд хөшөөг анхны эх байдлаар бүхэлд нь шинэчилж, хүрэлдсэн байдаг.

XX зууны манлай уран барималч, төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн С.Чоймбол бага наснаасаа шашны номд суралцахын зэрэгцээ төрсөн ах Шараваас монгол урлалын аргаар бүтээсэн цутгамал, сийлбэр, шуумал, хөөмөл, зүмбэрийн арга барилыг сурч, бурханч лам болон гавжийн хэргэм зэрэг хүртэж, Эрдэнэзуу хийдийн гэсгүй лам хийж байжээ. Тэрээр амьдралынхаа хугацаанд олон зовлон үзсэн ч гэсэн түүний гавьяаг төрөөс үнэлж, олон шагнал гавьяаг өгсөн байдаг. С.Чоймбол 1970 онд өөд болжээ.

2017 онд түүний мэндэлсний 110 жилийн ой тохиож, түүний үр хүүхдүүдээс нь санаачлан аавынхаа урлаж байсан бүтээлийн дээжээс, намтар, түүхэн замналыг харуулсан буланг Архангай аймгийн музейн урлалын танхимд нээсэн байдаг юм.

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.