Эрх баригчдын “Титэм үг”-ний цаадах тохироо

1 цагийн өмнө slider

О.СЭЛЭНГЭ

Монголын улс төрийн тавцанд нэгэн шинэ “жүжиг” тавигдаж, үзэгчид болох ард түмэн ахиад л хууртагдах ээлж ирэв үү гэх хардлага нийгэмд газар авч байна. Саяхан ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан болон Ерөнхий сайд асан Г.Занданшатар нарын хооронд өрнөсөн хууль бус алт, гантиг чулууны орд, бие биенээ худалдаж авахыг оролдсон гэх ноцтой мэдэгдлүүд твиттер, фэйсбүүкийг “гал” гартал шатаав. Гэвч энэ бүх хэрүүл, тэмцлийн хөшигний цаана Ерөнхий сайд Н.Учралын Засгийн газрыг тогтвортой байлгах, АН болон МАН-ын фракцуудын эрх ашгийг хамгаалах ямар тохироо явж байна вэ?

Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр ХЗДХ-ийн сайд С.Амарсайханыг харьяа байгууллагынх нь дээд, дунд шатны удирдлагуудтай хамт ажлаас нь “багцлан” чөлөөлөх шийдвэр гаргаснаа сүр дуулиантай зарлалаа. Түүний “Улс орны дотоод аюулгүй байдлыг хариуцсан салбар хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй боллоо” гэх тайлбар нь зангарагтай удирдагчийн дүр эсгэх гэсэн ядмаг тактик уу, эсвэл үнэхээр төрийн цэвэрлэгээ юу?

Хоржоонтой нь, сайд нарыг огцруулах, томилох тоглоом өрнөх бүрт Ардчилсан нам болон МАН-ынхан хувааж авсан бялууныхаа үйрмэгийг булаацалдан, парламентын олонх гэх нэрээрээ далайлган цаанаа аль хэдийн тохироогоо хийчихсэн суудаг нь нууц биш.

Нөгөө талд, Ерөнхий сайдын сэнтийгээс хэдхэн сарын өмнө буусан Г.Занданшатар “Ар хударгаар айсан хүнд аргал хөдөлнө гэгчээр миний нэр төрд халдлаа” хэмээн шатраа нүүнгээ мэдэгдэл хийж байна. “Хууль зүйн сайд та ярьсан бүхнээ хууль дээр очиж баримтаар нотол” хэмээн хашхирах түүний үгэнд үнэндээ хууль дээдлэх ёс биш, харин МАН доторх эрх мэдлийн хуваарилалт, дараагийн том томилгооны төлөөх “үхэл, амьдралын” тэмцэл л үнэртэнэ. Сайд С.Амарсайханы дэлгэсэн Г.Занданшатар, Б.Оюутболд нартай холбоотой байгаль орчны сүйтгэл, алтны уурхайн мафийн тухай асуудлыг хууль хяналтынхан шалгах уу, эсвэл хэн нэгнийг ажлаас нь чөлөөлсөн нэрээр хэргийг “замхруулж”, эв эеийг хичээх тохиролцоонд хүрэх үү? … гээд түмэн асуулт хариултгүй үлдэж мэдэх нь.

Монголын төр өнөөдөр салбар хариуцаж, ард түмний амьдралыг өөд татах сайд нарын тухай бус харин бие биенийхээ бөгсийг ухаж, эрх мэдлээ хамгаалах гэсэн “улс төрийн бүлэглэлүүд”-ийн барьцаанд оржээ. Н.Учрал Ерөнхий сайдын суудалдаа үлдэхийн тулд фракцуудын дарамтад бууж өгч, хууль сахиулах салбарыг золиосолж байгаа нь түүнийг зангараггүй, сул удирдагч гэдгийг харуулж байна уу? АН болон МАН-ынхан эрх мэдлийн хуваарилалт, албан тушаал горилсон хэрүүлээ төрийн ажил мэтээр жүжиглэж байгаагаа зогсоох цаг болсон. Олон нийт тэдний хий хоосон мэдэгдэл, нэгнээ огцруулсан дүр эсгэлтэд биш, харин хууль бус уул уурхай, авлигын сүлжээнд хэн хэн оролцсоныг эцсийг нь хүртэл ил тод шалгахыг шаардаж байгаа нь тодорхой бус уу…

Өнөөдрийн онч үг

5 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.