Архангай аймгийн уур амьсгал сүүлийн 30 жилийн хугацаанд олон жилийн дунджаас 0.5 градусаар, өвлийн саруудад 0.9-1.4 градусаар тус тус нэмэгдсэн буюу дээрх хэмээр дулаарч байгааг мэргэжлийн байгууллагаас гаргаад байна.
Өөрөөр хэлбэл, Архангай аймгийн хувьд цаг уурын өөрчлөлт ихэсч, нийт нутаг дэвсгэрийн 80 гаруй хувь нь ямар нэг хэмжээгээр цөлжилтөд өртөх хандлагатай байгааг аймгийн УЦУОШТ-өөс мэдээлж байна.
Мөн хүйтний улиралд орох хур тунадасны хэмжээ өсөх, дулааны улиралд орох хур тунадас багасах хандлагатай. Салхи болон шороон шуургатай өдрийн тоо, аюулт үзэгдэл, ган зудын давтагдал нэмэгджээ.
Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс БОАЖЯ-ны захиалгаар “Монгол Улсын газрын доройтол, цөлжилтийн атлас зураглал хийх, тайлан гаргах” ажлыг нэг жилийн хугацаанд хийж, Монгол орны цөлжилтийн атлас, 2020 он номыг гаргасан байна.
Эл номд Архангай аймгийн нийт нутаг дэвсгэрийн 82.6 хувь нь ямар нэг хэмжээгээр цөлжилтөд өртсөн бөгөөд үүнээс 45.0 хувь нь сул, 28.5 хувь нь дунд, 8.5 хувь нь хүчтэй, 0.6 хувь нь нэн хүчтэй зэрэглэлд хамрагдаж байна. Харин 2.0 орчим хувьд нь цөлжилт илрээгүй байгаа аж.
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.