Л.Чимэдцогзол: 8, 9 дүгээр сард туулга эмчилгээ хийлгэхэд хамгийн тохиромжтой

2017-09-19 Уламжлалт анагаах ухаан

Цөсний өвчлөлийн талаар Оточ Манрамба Их сургуулийн Уламжлалт анагаах ухааны тэнхимийн багш, АУ-ы магистр, их эмч Л.Чимэдцогзолтой ярилцлаа.

-Уламжлалт анагаах ухаанд цөсийг хэрхэн авч үздэг вэ?

-Уламжлалт анагаах ухаанд цөсийг цустай холбож үздэг. Элэг нь цөс үүсгэх үйл ажиллагаатай эрхтэн. Элгэнд оч-сон цусны хаягдал хэсгийг цөс гэж ойлгож болно. Хаягдал хэсэг нь цөсний хүүдийд хуримтлагдаад хоол шингээх үйл ажиллагаанд оролцдог. Хоол боловс-руулах эрхтэн системд оролцохоос гадна шар усыг үүсгэж байдаг эрхтэн. Цөс бол маш чухал эрхтэн.

-Цөсний өвчин юунаас шалтгаалж үүсч байна вэ?

-Цөсний өвчлөл нь хүний идэж байгаа хоол хүнстэй шууд холбоотой. Бид өөх тос ихтэй, халуун хурц амттай хоол унд их идвэл цөс өвдөнө гэдгийг мэддэг мөртлөө хорьж чаддаггүй. Түүнээс гадна цөсний өвчний хамгийн том шалтгаан бол мах юм. Монголчуудын дунд цөсний өвчлөл түгээмэл байгаа нь мах их иддэгтэй холбоотой байх. Гэхдээ мах их идэх нь цөсний өвчний шалтгаан гээд ногоон хоолтон ч юмуу, цагаан хоолтон болох нь буруу. Зөвхөн махны зохистой хэрэглээ чухал. Өвөл хөлдүү махаа идэж, зун борц, цагаан идээ гэх зэргээр хоол хүнсээ тохируулж идэх ёстой. Өнөөгийн нийгэмд ихэнх хүн суугаа ажилтай, дээрээс нь жилийн дөрвөн улиралд хөргөгчний хөлдөөсөн мах идэж байгаа нь анхаарах ёстой асуудал. Учир нь хөлдөөсөн мах нь хүнд чадалтай, шингэхдээ удаан учраас байнга хөлдүү мах идэх нь цөсний өвчлөлүүдийн том шалтгаан болж байна. Мөн ямар ч шим тэжээлгүй, нөөшилсөн, даршилсан, удаан хугацаагаар хадгалагддаг хоол хүнс нь цөсний өвчлөлийг үүсгэдэг. Тиймээс эход харуулсан хүн бүр бараг цөсний өтгөрөлттэй, цөсний нугаралттай, чулуутай гэж гараад байгаа нь амьдралын буруу хэв зуршлаас л болж байгаа юм. Махнаас гадна халуун хурц, тослог бэлгэ чанартай хоол хүнс байнга хэрэглэх нь цөсний өвчлөлийг үүсгэдэг. Уламжлалт анагаах ухаанд хий, шар, бадган гэсэн гурван чухал ойлтголт дээр өвчлөл явагдаж байдаг бөгөөд шар гэдэг нь цөс юм. Цөс нь шарын бэлгэ чанартай хамгийн том эрхтэн. Халуун, хурц, тослог бэлгэ чанарууд шарыг үүсгэж байдаг. Тиймээс шарсан хуурсан, халуун ногоотой хоол, даршилсан нөөшилсөн, хоносон хоолноос татгалзах хэрэгтэй. Хүмүүс хоносон хоол муу гэдгийг мэддэг мөртлөө идээд л байдаг. Хоносон хоолыг уламжлалт анагаах ухаанд нэхшсэн хоол гэх бөгөөд нэхшсэн хоол гэдэг нь урьд орой нь чанаж болгоод халуунаар таглаж хонуулсан хоолыг хэлнэ. Нэхшсэн хоол нь шарын бэлгэ чанарыг хамгийн их үүсгэдэг.

-Цөсний өвчний үед ямар шинж тэмдэг илрэх вэ?

-Баруун гар, баруун дал мөрөөр өвддөг, баруун хавирганы нумаар өвдөх шинж тэмдэг илэрдэгийг хүмүүс мэднэ дээ. Харин өвдөж мэдэгддэггүй шинж тэмдэг их байдаг. Тухайлбал, үс унах, хумс хугарах, нүүрэнд нөсөө толбо гарах, нүд шарлах, ам хатах, хоолны дуршилгүй болох нь ч байдаг. Ялангуяа нүд шарлах, арьс загатнах нь хамгийн гол шинж тэмдэг. Батгашилт үүсч байгаа нь мөн л цөсний үйл ажиллагаа доройтсонтой холбоотой. Эдгээр шинж тэмдгийг хүмүүс тэр бүр мэдээд байдаггүй л дээ.

-Цөсний өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд юуг анхаарах ёстой вэ?

-Мах их идэж байгаа хүн идэвхтэй хөдөлгөөнтэй байх ёстой. Уураг ихтэй хоол хүнсийг шингээхийн тулд идэвхтэй хөдөлгөөнтэй байх нь чухал. Хэрэв та суугаа ажилтай бол долоо хоногтоо хоёр удаа идэвхтэй хөдөлгөөн хийж байгаарай. Хамгийн сайн хөдөлгөөн бол явган алхах гэж УАУ-д үздэг. Ингэснээр хүн ядардаггүй хамгийн зохистой дасгал болж чаддаг. Тэгээд болж өгвөл жилийн дөрвөн улиралд хөргөгчний хөлдөөсөн мах идэхээ багасгаж, тэр хөлдүү махаа шарж хуурч идэхээ багасгавал сайн. Тухайлбал, өдөр бүр хоёрдугаар хоол иддэг байсан бол түүнийгээ багасгаж долоо хоногийн хоёр өдөрт нь хоёрдугаар хоол идэж, үлдсэн хоногуудад шөлтэй хоол идэж болно шүү дээ. Мөн өглөө өлөн явж болохгүй. Өглөө заавал хоол идэж цөсийг ажиллагаанд оруулах хэрэгтэй. Өглөө хоол идэхгүй байх нь цөсний чулуу үүсгэхэд шууд болон шууд бусаар нөлөөлнө.

-Цөсний өвчнөөс сэргийлэх гол арга бол туулга гэдэг. Туулга эмчилгээний талаар тодорхой ярихгүй юу?

-Цөсний туулга нь цөсний өвчнөөс урьдчилан сэргийлэх эмчилгээ болж өгөхөөс гадна цөсний өвчний үед хийгдэх хамгийн гол эмчилгээ. Хүн болгон эмийг нь авч уугаад доошоо хэд гүйлгээд цөс туулгачихлаа гэж ойлгодог нь маш буруу. Туулгыг уламжлалт анагаах ухаанд маш том засал гэж үздэг. Туулгыг буруу хийвэл маш олон хор уршиг, олон янзын өвчлөлүүдийг үүсгэнэ. Тиймээс ч туулгыг хийлгэхээс өмнө тухайн хүний биеийг маш сайн бэлдэх хэрэгтэй. Энэ бол хамгийн чухал. Туулга хийлгэх гэж байгаа хүн маань янз янзын давхар өвчлөлтэй, ядруу, хий ихтэй байвал өмнө нь эмчилгээ хийж, хийг маш сайн дарж байж туулгах ёстой. Үүнийг хүмүүс мэдэхгүйгээр туулга хийлгээд дараа нь янз янзын өвчлөлүүд их гардаг.

-Туулгын өмнө ямар бэлтгэл хийх вэ?

-Мэргэжлийн эмчид үзүүлээд цөсний чулуугүй гэж оношлогдсон байх ёстой. Эмч тухайн өвчтөнд тохирсон эмийн болон заслын эмчилгээг хийнэ. Хийг дарж, тухайн хүний бие махбодь, өвөрчлөл насанд нь тохирсон эмчилгээг хийх нь чухал байдаг.

-Цөсний чулуутай хүн туулга эмчилгээ хийлгэж болохгүй байх нь ээ. Өөр ямар тохиолдолд цөсний туулгыг хийлгэж болохгүй вэ?

-Тиймээ, цөсний чулуутай хүн туулга хийлгэж болохгүй. Тамир муутай, хэт хөгшин, хоолны шингэц багатай, жирэмсэн, шамбрүмтэй хүмүүст туулга хийж болохгүй. Гэхдээ зайлшгүй хийх шаардлагатай бол зөөлөн найрлагатай туулгыг сонгож, эмчилгээ хийсний дараа хийх тохиолдол байна.

-Гэрийн нөхцөлд туулгах нь ямар үр дагавартай вэ?

-Сүүлийн үед туулгах үйлчилгээтэй олон төрлийн юм хүмүүс хэрэглэж байна. Тухайлбал, төрөл бүрийн тураах цай. Энэ нь сайн муу 2 талтай. Заримд нь сайн нөлөө үзүүлж эрүүлжин турж гоолиг сайхан болж байхад заримд нь тийм ч үр дүнтэй байдаггүй. Энэ нь юуг харуулж байна вэ гэхээр хүн бүрийн онцлогт тохирсон эмчилгээ хийх ёстой гэсэн үг юм. Хамгийн гол нь туулгыг буруу хийвэл хэтрүүлсэний гэм, дутуудуулсан гэм гэж 2 янзын гэм гардаг. Туулгыг хэтрүүлвэл тамир барагдаж, биеийн илч үгүй болно, дутуудуулваас хоол ундны дуршилгүй болж, идээ унд шингэхгүй болдог.

-Туулга хийлгэснээр хүний биед ямар өөрчлөлт гарах вэ. Ач холбогдлынх нь талаар ярихгүй юу?

-Хамгийн түрүүнд их эрч хүчтэй болдог, биеийн илч сайжирдаг, оюун ухаан сэргэнэ, өтгөн шингэн цагтаа гарна, сэтгэлийн гуниг гутрал үгүй болно, царай зүс сэргэнэ, сэвх нөсөө толбо бүдгэрнэ, арьсны элдэв батга батгашил үгүй болно гэх мэт тоочоод барахгүй олон тус эрдэмтэй.

-Туулга хийлгэсний дараа хэдий хугацаанд ямар гам барих вэ?

-Зарим хүмүүс гамыг их хүндээр хүлээж авдаг, зарим нь тоодоггүй. Гам бол маш чухал. Энэ талаар хүмүүс зөв ойлголттой байх хэрэгтэй. Эмч тухайн өвчтөндөө тохирсон гамыг зөвлөдөг. Тухайлбал, туулга хийлгэсэн хүн нэг хэсэгтээ шингэн зутан, шөл гэх мэт шингэхэд хялбар хоол иднэ. Ойр ойрхон бага багаар идэж, архи, тамхийг хориглоно. Эмч өвчтөн бүрд тохирсон эмчилгээг зөвлөж, түүнийг зааврын дагуу хийх нь л гам юм. Тиймээс үүнийг хүндээр хүлээж авах хэрэггүй.

-Туулгыг хийх тохиромжтой улирал нь намар гэдэг. Учир нь..?

-Туулгыг хэзээ ч хийж болно. Гэхдээ намрын улиралд мөн чанараараа шарын халуун хөдөлдөг учир бага зэрэг эмчилгээ хийлгээд л цөсний туулга хийж болдог. Туулгын дараа сөрөг үр дагавар гарах нь бага байдаг. Тиймээс 8, 9-р сард туулга хийлгэхэд хамгийн тохиромжтой.

-Цөсөө авахуулсанаар ямар үр дагавар гарах вэ, энэ үр дагавраас сэргийлэхийн тулд ямар нэгэн эмчилгээ хийлгэж болох уу. Энэ талаар цөсөө авахуулсан хүмүүст хандаж зөвлөвөл?

-Цөс авахуулсан хүн их гүйлгэдэг, эсвэл өтгөн нь хатдаг, амархан ядарч сульддаг. Цөсний хүүдий хоол боловсруулахад оролцох ёстой байтал байхгүй болчихоор ялгарсан цөс өөрийн оронгүй болно гэсэн үг. Тиймээс хоол хүнсэндээ анхаарах хэрэгтэй. Их өлсөхгүй, цадатлаа идэхгүй байх хэрэгтэй. Цөс авахуулсаны дараа элэг жаахан муудах талтай. Арьс салст их загатнах тал ч ажиглагддаг. Тиймээс цөс авахуулсан хүмүүс улиралдаа нэг удаа эмчид үзүүлээд эмчилгээ хийлгээд явбал их сайн.

-Цөсний чулуу хайлуулах үйл-чилгээтэй тан байдаг гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Хайлдаг, хайлдаггүй гэсэн хоёр янзын чулуу байдаг. Цөсний чулуу үүсэх гэж удаан хугацаа шаардсан байж таарна. Тиймээс түүнийг хайлуулах гэж бас нэлээд хугацааг зарна. Нэг, хоёр удаа тан уугаад тэр дороо хайлчихна гэж байхгүй. Манай Манба Дацан эмнэлгийн үйлчлүүлэгчид тан уугаад цөсний чулуу нь хайлсан тохиолдол их бий. Ер нь чулуу болсоных нь дараа яаж хайлуулах вэ гэхийн оронд өтгөрөлт, нугаралттай байх үед нь эмчлүүлэх хэрэгтэй. “Өө өтгөрөлттэй л гэдэг юм байна лээ, нугаралттай л гэдэг юм, зүгээр явж л байна, өвдөж мэдэгдсэн л юм алга” гээд тоохгүй яваад байж болохгүй. Цөс бол анхаарах ёстой эрхтэн. Уламжлалт анагаах ухаан цөсийг маш сайн эмчилдэг. Тиймээс эмчид үзүүлээд оношлуулаад, эмчлүүлээд, цөсний туулга хийлгээд, эм уугаад цөсөө маш сайн анхаарах хэрэгтэй. Цөс эрүүл байвал гоо сайхан байх боломжтой.

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: Уламжлалт анагаах ухаан сонин

Өнөөдрийн онч үг

1 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.