ИЖИЙ ЗУЛ

2017-07-22 Ном

 Өгүүлэг

Өглөө үүр хаяарах үед эмгэн эртлэн босч, цайгаа чанаад дээжээс нь өнөөх улаан чулуундаа өргөхөөр гарлаа.
Хүү минь одоо ч ирэх дөхсөн дөө? хэмээн уужран бодоод тэнгэрийн хаяаг саравчлан харахад алсад уулс бууралтаж харагдана. Эмгэн бөгтөгнөн алхсаар хотныхоо баруун талын толгой дээрх авдрын чинээ улаан чулуун дээр ирэхэд өчигдөр үдшийн өргөсөн зул ёроолыг нь тайрч хийсэн шилэн хоргоны бөөрийг харлуулан бөхсөн байлаа. Авч ирсэн жижигхэн мөнгөн аягандаа цайныхаа дээжийг хийж улаан чулуун дээрээ тавиад наран ургах зүг хандаж “Бурхан минь, муу хүүг минь ээжид нь ирүүлж хайрла” хэмээн шивэгнэн хэлээд хормойгоо дэвсэн мөргөлөө.


Өглөө эртийн хүйтэн жавар хацрыг нь чим чим хайрна. Түүний нүднээс ганц дусал нулимс урсан гарч хамрынх нь уг ч хүрэлгүй уусан алга болно. Уйлъя гэсэн ч нэгэнт нулимс нь гарахаа больж, хатаж ширгэсэн бололтой. Тэрээр босч наран ургах зүг рүү ямар нэгэн зүйлийг олж харахыг хүсэх мэт ширтээд, санаа алдсанаа зулын хоосон цөгцөө авч бор гэрийнхээ зүг эргэлээ. Гэтэл тэртээд машины дуу…

Эмгэн өдөр бүхэн энэ улаан чулуунд шөнө нь зул, өдөр нь цай идээнийхээ дээжийг өргөсөөр гурав дахь жилийнхээ хавартайгаа золгож буй нь энэ. Учир нь хот руу сургуульд явсан хүү нь арван хэдэн жил үхсэн амьд нь мэдэгдэхгүй сураг алдарчээ.

Харин хөөрхий гурван жилийн өмнө олонд увдистай гэгддэг нэгэн алдартай мэргэн хүн байдаг гэж дуулаад зорьж очин хүүгийнхээ сураг, ажигыг асуусанд:

Тэр хүн: -Хүү чинь олны газар оюун ухаан нь төөрөлдсөн явж байна. Өөрийг чинь ч мартсан бололтой. Хэрвээ хүүтэйгээ уулзъя гэж хүсэж байгаа бол хүй дарсан газрынх нь чулуунд гурван жил тасралтгүй үдэш бүр зул, өглөө бүр үүр тэмдэгрэх цагаар цайны дээжээ өргөж бай. Нэг ч өдөр таслалгүй сүсэглэж, чадах юм бол хүү чинь ирэх болно гэж хэлсэн ажээ. Хүүгээ өөрийг нь мартсан гэж бодоход эмгэнд хичнээн хэцүү байсан ч төрүүлсэн ганц үрээ буруутган бодож чадсангүй.
Түүнээс хойш эмгэн хүүгийнхээ хүй дарсан энэхүү улаан чулууны дэргэд өвөл зунгүй нутаглах болж.
Хэд гурван ямаа, саалийн ганц үнээ нь хүүдээ зориулж өргөх зулын тос, цайны сүүгээр ер тасалсангүй. Нутгийн олон ч эмгэнийг өрөвдөхдөө зулын шар тос, ааруул, өрөм ганзаглаад ирнэ.

Өдөр хоног сар улирал ээлжилсээр нэг мэдэхэд гурван жил болж, чухамхүү өнөөдөр хоног тоолон хүлээсэн сүүлчийн өглөөний үүр хаяарчээ. Алсад дуугарах машины дууг сонсоод эмгэний бие түмэн зүүгээр нэгэн зэрэг шивэх мэт янгинан өвдөж, өөрийн эрхгүй өвдөг сөхрөн суулаа. Босох ямар ч тэнхэлгүй байсан хэдий ч хүүгээ гэсэн сэтгэл нь түүнийг хөл дээр нь дахин босголоо. Энэ лав миний хүү, миний хүү ирж байна гэж бодлоо.
Эхийн зөн совин андуурсангүй. Энэ л үед хүү нь ганган “Ланд крузер” жипнийхээ урд суудлыг налан зүүрмэглэж явснаа, ээжийгээ “Том хар шувуу болоод нисчихлээ” гэж зүүдлэн сэрж, “муу ёр байгаа даа? гэж бодоод хажуугийнхаа цонхыг буулгаад “түй, түй” хэмээн нулиман,
– Ингэхэд муу ээж маань одоо хаагуур хаваржиж байгаа бол доо? Намайг олон жилийн өмнө сургуульд явахад аав ээж хоёр минь үдэж өгснөөс хойш би ер ирээгүй. Хэдэн жилийн өмнө аав маань өнгөрсөн гэж дуулдсан, бас л ажил алба гэсээр ирж чадаагүй. Яг ирье гэж бодохоор л нэг ажил гараад ирж чаддаггүйсэн. Харин ойрноос нутаг ус, муу ижийгээ зүүдлээд унтаж амарч чадахаа ч байсан. Ямар сайндаа л эхнэртэйгээ муудалцаж байж, хөөгдөх шахуу амьтан наашаа гарах билээ дээ гэх зэрэг эмзэгхэн бодолд хөглөгдөж явснаа, алсад бүртийж харагдах ганц бор гэрийг хараад жолоочдоо хандаж:
– Тэр айлаас очиж сураглая гэж хэллээ.
Эмгэн горьдлого дүүрэн харцаар наран ургах зүг бүдгэрч элэгдсэн зам руу саравчлан харахад үүрийн цагаан гэгээн дундуур нэгэн машин айсуй нь үзэгдэж яв явсаар гэрийнхэн гадна ирснээ эмгэний зүг эргэлээ.
Хүү навтгар бор гэрийн баруун талын толгой дээрх авдрын чинээ улаан чулууны дэргэд зогсож буй эмгэний хажууд ирж машинаас буухдаа сая л ээжийгээ танилаа. Ингэтлээ хүлээсэн эхийн нүдэнд хүү нь дөнгөж хөлд орж буй нялх багынхаа дүрээр харагдаж, хүүгээ тэврэхээр ухасхийх гэсэн боловч чадсангүй. Түүний хамаг тэнхэл нь нэгэнт барагджээ. Тэрбээр улаан чулуугаа түшин уналаа.
Хүү “Ээжээ” хэмээн ухасхийж тэвэрч авахад Ижийнх нь нүдэнд үгээр илэрхийлэхийн ч аргагүй тийм ер бусын жаргалтай инээмсэглэл тодорч,
– Миний хүү, миний хүү ирлээ гэж шивэгнэн, сүүлчийн хүчээ шавхаж хүүгийнхээ баруун хацрыг омголтож хатсан уруулаараа үнсээд нүдээ анив. Түүнийг диваажинд хүргэх сүүн зам тэнгэрт зурайн харагдаж, мянга мянган зул тэрхүү замыг гэрэлтүүлэн байлаа. Хөөрхий эмгэн энхжин амгалан болов. Түүнийг зул өргөдөг байсан улаан чулуун дор нь оршоожээ. Нутаглуулсан өдрөөс нь хойш шөнө бүр тэнд зул бадамлаж хонодог болов.
Нутгийнхан хэн тэнд зул өргөөд байдгийг мэдсэнгүй. Хүү нь лав биш. Учир нь тэр яараад л хотын зүг одсон.
Улаан чулуу тэр жилээс хойш хааяа гэрэлтэж харагддаг болжээ.
Тэр лавтай “Ижий Зул”…

Өнөөдрийн онч үг

13 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.