Дэлхийн бестселлер номын зохиолчидтой монгол уншигчид анх удаа уулзлаа

2025-03-21 Амрах агшин

Англи хэл дээр уран зохиолын номоо бичдэг дэлхийн хамгийн алдартай найман зохиолч Монгол уншигчидтай хоёр өдрийн турш цахим уулзалт хийлээ. Энэ төрлийн уулзалт нь манай улсад анх удаа зохион байгуулагдаж буйгаараа онцлог юм.

Уулзалтын нээлтэд Боловсролын сайд, УИХ-ын гишүүн П.Наранбаяр болон АНУ, Англи, Австралийн ЭСЯ-ны төлөөлөгчид оролцов. Мөн хоёр өдөр үргэлжилсэн энэхүү уулзалтад англи хэлтэй 500 залуус оролцсон байна.

Энэхүү уулзалтыг “World of language” болон “Одмөндөр” төслийн хамтын ажиллагааны хүрээнд манай уншигчид анх удаа дэлхийн алдартай зохиолчидтой онлайнаар уулзах боломж олгосон нь энэ юм.

Тэгэхээр манай улсын хувьд, англи хэлийг албан ёсны гадаад хэл байхаар хуульчилсан. Тэр утгаараа дэлхийд номын борлуулалтаараа тэргүүлж буй найман зохиолчийн энэхүү уулзалт нь англи хэл дээр болж өндөрлөлөө.

Энэхүү уулзалтын модератороор уригдан манай улсад ирсэн ноён Жон Пэрсонс бол дэлхийн хэвлэн нийтлэгчдийн таван ноён оргилын нэг Harper Collins-ийн захирлаар олон жил ажилласан, дэлхийн утга зохиолчдын дунд нэр хүндтэй, олон улсын зөвлөх юм.

Тэрбээр энэ үеэр “Сүүлийн гурав хоногт нийслэлийн зургаан дунд сургуулиар явж уран зохиолын талаар хүүхдүүдээс асуухад зохиолчдыг мэдэхээс гадна дүрийн онцлог, өрнөх үйл явдлын талаар мэдэж байсан нь намайг гайхшруулсан” хэмээж байлаа.

Бид уулзалтын үеэр “World of language” ТББ-ын менежер Н.Авирмэдээс зочин зохиолчдын талаар цөөн хором хөөрөлдсөн юм.

-Энэхүү уулзалтад оролцож буй найман зохиолчийн талаар тодруулна уу?

-Уулзалтад дэлхийн хамгийн алдартай найман зохиолч оролцсон. Эдгээр зохиолчийн дөрөв нь эрэгтэй буюу хүүхдийн уран зохиолын номоо хэлэлцүүлсэн бол дөрвөн эмэгтэй зохиолч нь насанд хүрэгчдийн уран зохиолын номоороо манай уншигчидтай уулзсан. Эдгээр алдартай зохиолч маань монголчуудаас ямар нэгэн шан харамж хүсээгүй, үнэ төлбөргүйгээр энэ уулзалтад оролцсон. Манай улстай сайхан харилцааг хөгжүүлэхэд өөрсдийн үнэт цагаа зориулсан хэрэг.

-Хүүхдийн зохиолчдын талаар дэлгэрүүлвэл?

-Уулзалтын эхний өдөр оролцсон Энтони Горовиц бол зохиол бүтээлээсээ гадна ТВ-ийн “Midsummer Murders and Foyle’s War” нэвтрүүлгээрээ олны танил болсон нэгэн. Энэ эрхэм бол Конан Дойл, Яна Флеминг нарын бүтээл болох “Шерлок Холмс” болон “Жеймс Бонд”-ийг шинээр бичсэн алдартан. Тэрбээр энэ уулзалтаар өсвөр үе болон насанд хүрэгчдэд зориулсан “Alex Rider” романыхаа талаар ярьсан. Энэ ном нь зөвхөн Англи улсад 25 сая хувь борлогдсон.

Харин дараагийн илтгэгч маань Дэвид Уиллиамс. Тэрбээр нэртэй жүжигчин, ТВ хөтлөгч юм. Түүний бичсэн 12 настай хүүхдүүдэд зориулсан гайхалтай хошин зохиол нь Англи улсад 60 сая хувиар борлогдсон, хүүхдийн хамгийн том зохиолчдын нэг.

Мөн уулзалтын эхний өдөр ярилцсан Сью Линн Танн бол өөрийн уран зөгнөлт зохиол болох “Саран дагины охин” бүтээлээрээ алдартай нэгэн. Түүнчлэн энэ өдөр Норвегийн алдарт детектив зохиолч Элли Гриффитс оролцсон байгаа.

-Харин өнөөдрийн зохиолчдыг танилцуулбал?

-Дэлхийн алдарт зохиолч, илбэчин Росса Уэлфорд өсвөр насныханд зориулж өөрийнхөө аяллын түүхийг ярьсан. Түүний араас ноён Майкл Морпурго өөрийн “Дайны морь” зохиолынхоо талаар хөөрөлдсөн. Энэ бүтээлээр нь Стивеном Спилберг кино бүтээсэн. Мөн энэ өдөр Сесилия Ахерн болон Адел Паркс нар өөрсдийн сэтгэл зүйн романыхаа талаар манай уншигчидтай ярилцсан.

Өнөөдрийн онч үг

6 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.