Номын баяр төв талбайд өнөөдөр эхэллээ

2022-09-16 Амрах агшин


Жил бүр УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулдаг уламжлалт “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2022” өнөөдөр эхлэх гэж байна.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааж, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт тусгасан төдийгүй Ерөнхийлөгчийн зарлиг, Соёлын сайдын тушаалын дагуу энэхүү өдрүүдийг зохион байгуулдаг онцлогтой. Бүх нийтийн уншлагыг дэмжих, номын сангийн өв санг арвижуулах, үндэсний бичиг соёлыг сурталчлах, хүүхэд залууст ном эрдмийг түгээн дэлгэрүүлэх зорилготой энэ жилийн номын баяр нь “Илүү их уншъя” уриатайгаар есдүгээр сарын 16-18-ны өдрүүдэд болно.

32 дахь удаагийн “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2022”-ийг улс даяар зохион байгуулж байгаагаараа онцлогтой аж. Есдүгээр сарын 16-ны өдрийн 13:00 цагаас Улаанбаатар хотод Д.Сүхбаатарын талбайд нээлтийн ёслол болох бол 21 аймагт аймгуудын төв талбайд нэгэн зэрэг улс орон даяар эхлүүлэх юм. “Хүүхдийн номын хүрээ”, “Үндэсний бичиг соёл, номын хүрээ”, “Соёлын бүтээлч, үйлдвэрлэлийн хүрээ”, номын үзэсгэлэн, төрөлжсөн ном хэвлэлийн худалдаа, урлагийн тоглолт зэрэг 10 гаруй хөтөлбөр, арга хэмжээг хамтатган зохион байгуулна. “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2022” арга хэмжээний ерөнхий зохион байгуулагчаар Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, аймаг, нийслэлийн Соёл, урлагийн газар, “Номын соёлт ертөнц” ТББ, хамтран зохион байгуулагчаар Монгол Улсын Үндэсний номын сан, Хүүхдийн төв номын сан, аймаг, нийслэлийн Нийтийн номын сан, “Монголын Зохиолчдын эвлэл”, ЕБС-ийн номын сангийн холбоо, Монголын хэвлэх үйлдвэрүүдийн холбоо зэрэг ном хэвлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн оролцоотой зохион байгуулж байгааг Нийслэлийн соёл, урлагийн газраас мэдээлсэн.

Энэ удаагийн арга хэмжээнд нийслэлд 150 гаруй аж ахуйн нэгж байгууллага, 250 орчим шилдэг хэвлэн нийтлэгч, зохиолч, яруу найрагч зэрэг уран бүтээлчид оролцох юм. Шинээр хэвлэсэн ном товхимлын үзэсгэлэнгээс гадна ховор нандин номуудыг олон нийтэд дэлгэх юм байна.

Түүхийн хуудас сөхвөөс номын баярыг тэртээх 1950 онд “Хуучин номын худалдаа” нэртэйгээр анх зохион байгуулж байжээ. Дараа нь 1955 оноос Хүүхдийн номын зах, 1990 оноос “Номын баяр, үзэсгэлэн”, 1999 оноос “Номын яармаг”, 2000 оноос “Бичиг соёлын хишиг өдөр”, 2012 оноос “Номын баярын өдөр” тэмдэглэж байв. Харин өнгөрсөн 2021 онд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулиар “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд” хэмээн өргөжин хүрээгээ тэлж, номыг дээдлэн хүндэлдэг, номд дуртай хэн бүхний хүсэн хүлээдэг баяр болон өргөжсөн байна.

Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор, Соёлын яамнаас зохион байгуулж буй “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2022”-д нийт ард иргэд, хүүхэд залуучууд, гэр бүл, багш, сурган хүмүүжүүлэгчид, байгууллага, хамт олныг өргөнөөр оролцохыг салбарын мэргэжилтнүүд уриалж байна.

Өнөөдрийн онч үг

19 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.